Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болж, тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд Улсын Их Хуралд суудал бүхий намуудаас нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг авч хэлэлцээд Сонгуулийн тухай хуульд заасны дагуу тогтоол гаргалаа.






 
 
Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралдаанд Монгол Ардын Хувьсгалт намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Ц.Оюунбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нарыг оролцуулж тайлбарыг нь сонссон байна.

 



Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-д зааснаар Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь Сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгүүдийг Сонгуулийн Ерөнхий Хороонд бүрэн ирүүлэх ёстой. Хэрэв хуульд заасан баримт бичгийг дутуу ирүүлсэн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 143.1.4-т зааснаар бүртгэхээс татгалзахаар хуульчилсан.


Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь хилийн албаны тодорхойлолтыг Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлээгүй буюу нэр дэвшигчийн талаарх баримт бичгийг дутуу ирүүлсэн тул Сонгуулийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.3-т заасны дагуу тодорхойлолтыг Хил хамгаалах ерөнхий газраас Сонгуулийн Ерөнхий Хороо гаргуулан авсан болно. 



Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.3.4-д зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх шаардлагыг хангасан байхаар хуульчилсан.


Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 61.1.2, 61.1.4, 61.1.5, 61.1.7-т зааснаар Цагдаагийн төв байгууллага нь ял шийтгүүлсэн хүний талаар мэдээллийн сан үүсгэх, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байна.


Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь ялтай буюу ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй болохыг Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн №0011854 дугаар тодорхойлолтоор тодорхойлсон байна.


 
Мөн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн байна.





Монгол Улсын Үндсэн Хуулийн гучдугаар зүйлийн хоёр, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.” гэж тус тус заасан бөгөөд мөн Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.5-д “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан” гэж анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно.” гэж заасан байна.


Монгол Ардын Хувьсгалт Намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаяр нь Сонгуулийн тухай хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хооронд буюу тасралтгүй арван гурван сар хорин таван хоногийн хугацаанд Монгол Улсад оршин суугаагүй болохыг Хил хамгаалах ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7/3609 дугаар тодорхойлтод дурдсан байна.