Сонгуулийг өндөр түвшинд зохион байгуулсан гэж үнэллээ
Уулзалтын үеэр тэрээр Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажигласан тус байгууллагын Сонгууль ажиглах Хорооны тайланг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагад албан ёсоор хүлээлгэн өглөө.
Тайланд сонгууль зохион байгуулах үеийн улс төрийн орчин, хууль эрх зүйн хүрээ болон сонгуулийн тогтолцоо,сонгуулийн сурталчилгааны орчин, зардал ямар байсан, сонгуулийн тойргийн нутаг дэвсгэрийн хуваарилалтыг хэрхэн хийсэн түүнчлэн сонгогчийн болон нэр дэвшигчдийн бүртгэл, өргөдөл, гомдлын барагдуулалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хэрхэн хангаж байсан зэрэг асуудалд ажиглалт хийж тодорхой зөвлөмж гаргасан байна.Тухайлбал, сонгуулийн тогтолцоонд суурь өөрчлөлтүүдийг оройтуулж хийсэн нь энэ удаагийн сонгуулийн явцад тохиолдсон олон хүндрэлтэй асуудлын шалтгаан болсныг тайландаа дурьджээ.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газраас Монгол Улсын сонгуулийн байгууллагад сонгууль зохион байгуулах олон улсын арга туршлагаас хуваалцах, сонгуулийн системийг улам боловсронгуй болгох, сонгуулийн хууль тогтоомжид үнэлгээ хийх зэрэгт бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа гэдгээ олон улсын багийн ахлагч, Элчин сайд Одри Гловер илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо сонгууль зохион байгуулах талаар хуримтлуулсан арга туршлагаасаа Австрийн Вена хотод суугаа Европын Холбоог хариуцсан Монгол Улсын бүрэн эрхт төлөөлөгчөөрөө дамжуулан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бусад гишүүн орнуудтай хуваалцахыг тэрээр хүсэв.
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн зохион байгуулалтыг өндөр үнэлж, үнэтэй зөвлөмж өгсөн явдалд талархаж байна гээд сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар Улсын Их Хуралд санал өгсөн бөгөөд түүнд тухайлбал, сонгуулийн тогтолцоог хангалттай хугацааны өмнө тогтоож өгөх, нэр дэвшигчдийн сонгогдох эрхийг хязгаарласан заалтуудыг цөөлөх, сонгуультай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг богиносгох зэрэг саналтай байгаагаа илэрхийлсэн тухайгаа танилцууллаа.