СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН ДҮНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

 

Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Улсын Их Хурлын Байнгын хорооны хуралдаанд Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Байнгын хорооны хуралдаанд Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатар, Тагнуулын ерөнхий газрын ажилтан Л.Лхамжав, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд нар байлцав.

 

Хуралдааны төгсгөлд Байнгын хорооны дарга Н.Энхболд аль ч шатны сонгуулийн дүнг Улсын Их Хурал авч хэлэлцэн алдаа оноог нь дүгнэж цэгнэн, сонгууль зохион байгуулдаг байгууллагуудын саналыг сонсож байх нь хуулийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчинг нь боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой юм гэв. Түүнчлэн энэ удаагийн Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахад сонгуулийн бүх шатны байгууллагууд идэвх санаачлагатай оролцож, амжилттай зохион байгуулсныг онцолсон юм.

Тэрээр цаашид Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх асуудлыг УИХ авч хэлэлцэн Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон аймаг, нийслэлийн, мөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг нэг хуулиар зохицуулж байгаа өнөөгийн эрх зүйн орчныг өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа  дурдав.

 

 

СУМ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2016 ОНЫ

ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНД

ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны

дарга Ч.Содномцэрэн

 

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос ирүүлсэн мэдээллийг нэгтгэн Та бүхэнд танилцуулж байна.

 

1. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулагдлаа.

Сонгуулийн тухай хуульд сум, дүүргийн сонгуулийн удирлага, зохион байгуулалтыг сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан хэрэгжүүлэхээр, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн байгууллага нь байхаар тус тус заасан байна.

Сонгуулийн тухай хуулийн 36.1-д аймаг, нийслэлийн сонгуулийн хороо сум, дүүргийн сонгуулийн хороог мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахаар хуульчилсан байна.

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 06 дугаар тогтоол, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 27 дугаар тогтоол, “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” 28 дугаар тогтоолыг тус тус баталсан.

Улсын Их Хурлаас Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн төсвийг 13,904,601 төгрөгөөр баталсан бөгөөд батлагдсан төсвийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод хуваарилан хүргүүлсэн болно.

Мөн Сонгуулийн Ерөнхий Хорооноос сум, дүүргийн сонгуультай холбогдуулан 13 журам, заавар болон баримт бичгийн маягтуудыг баталж, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавилаа.

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад шат шатны сонгуулийн байгууллагууд дээр дурдсан хууль тогтоомжуудыг мөрдөж, хэрэгжүүлж ажилласан болно.

 

          2. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийг баталж, мөрдүүллээ. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад зориулсан семинар, сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, гэрчилгээ олголоо.

          Сонгуулийн хороод ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангах, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчилан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж, энэ ажилд холбогдох байгууллага, албан тушаалтны дэмжлэг туслалцааг авч, хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашиглалаа.

          Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д заасны дагуу аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороод байгуулагдан сум, дүүргийн сонгуулийн хороодыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллав.

          Мөн Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасны дагуу байгуулагдсан сум, дүүргийн нийт 339 сонгуулийн хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг шууд удирдан амжилттай зохион байгуулсан болно.

Энэ удаагийн сонгуулиар 2082 хэсэг дэх санал авах байр, мэдээллийн технологийн 30 баг ажиллаж, тэдгээрт 20 мянга гаруй төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид ажиллалаа.

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу 1.921.112 сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо, хэсэг тус бүрээр гаргаж, цахим хуудастаа хуулийн хугацаанд байршуулан сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Сум, дүүргийн сонгуулийн хороод хуульд заасан хугацаанд сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгах, нэр дэвшигчийг бүртгэх ажлыг хийв. 21 аймгийн 330 сумын 1613 тойрогт нийт 7004 мандатын төлөө, нийслэлийн 9 дүүргийн 152 тойрогт 295 мандатын төлөө нийт 15185 нэр дэвшигч бүртгэгджээ.

Сумын ИТХ-ын сонгуульд улс төрийн 6 нам, нэг эвслээс 13834, бие дааж 673 нийт 14507 нэр дэвшигч өрсөлдөхөөр нэр дэвшсэн бол нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын сонгуульд улстөрийн 6 намаас 641, бие дааж 37 нийт 678 нэр дэвшигч өрсөлдөхөөр нэр дэвшсэн байна.

Нийт нэр дэвшигчдийн 4.6 хувь нь буюу 710 нь бие даан нэр дэвшигч, 29.8 хувь нь буюу 4530 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа.

Саналын хуудаст бичигдэх нэр дэвшигчдийн нэрсийг хуульд заасан шаардлагын дагуу нэр дэвшигч бүрээр хянан баталгаажуулж, саналын хуудасны эхтэй нь тулган нягтлан шалгаж, хэвлэгдсэн саналын хуудсыг хүлээн авч, хүргүүлэх ажлыг сум, дүүргийн сонгуулийн хороод хариуцан ажиллалаа.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос байгуулагдсан Ажлын хэсгээс сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн 1758 төрлийн 2.006.756 ширхэг саналын хуудсыг хэвлүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавин Мөнхийн Үсэг, Улаанбаатар принтинг ХХК-уудаар гүйцэтгүүллээ.

Саналын хуудсыг хэвлүүлэх үйл ажиллагаа хуулинд заасан хугацаанд Төрийн тусгай хамгаалалт, Цагдаагийн байгууллагын хамгаалалт, Тагнуулийн байгууллагын хяналт дор явагдсан бөгөөд сонгуульд оролцсон улс төрийн намуудын ажиглагчид 24 цагаар ажиглалт хийлээ.

Хэвлэгдэж бэлэн болсон саналын хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүлээлгэн өгөх ажлыг Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэг зохих журмын дагуу зохион байгуулж, хуулийн хугацаанд хүргүүлсэн болно.

Сонгуулийн Ерөнхий Хорооноос олон нийтийн радио, телевизээр үнэ төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны хуваарийг баталсан. Мөн сонгогчдийн боловсролыг дээшлүүлэх, тэднийг сонгуульд идэвхитэй оролцуулах зорилгоор хууль сурталчилсан, саналаа өгөхийг уриалж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага, нэвтрүүлэг, шторк явуулах, сурталчилгааны материал тараах зэрэг ажлыг зохион байгууллаа.        

 

3. Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 2082 хэсгийн санал авах байранд ашиглах  2500 ширхэг санал тоолох төхөөрөмжид техникийн шалгалт хийж, бэлэн байдлыг хангасан бөгөөд уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хариуцан ажиллах мэдээллийн технологийн даамлын сургалтыг 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулж, 2455 даамалд гэрчилгээ олгов. Энэ удаагийн сонгуульд аймаг, дүүргийн сонгуулийн хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн 139 гишүүн бүхий 30 баг ажиллалаа.

Санал тоолох төхөөрөмж бүрт логик ба нарийвчлалын шалгалтыг хийсэн бөгөөд энэхүү ажилд 100 гаруй гэрээт ажилтан оролцов.

Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах програм хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Тагнуулын Ерөнхий Газар, Мэдээллийн технологи, харилцаа, холбооны  газар, Мэдээллийн технологийн төвийн төлөөлөл оролцсон Ажлын хэсэг нийт 2500 ширхэг санал тоолох төхөөрмжийг баталгаажуулан гэрчилгээ олгов. Тус Ажлын хэсэг аймаг, дүүрэг тус бүрээс санамсаргүй сонголтын аргаар 2 хэсгийг сонгож, тухайн хэсэгт ашиглах бодит саналын хуудсыг боломжит бүх хувилбараар тэмдэглэн 1000-аас дээш удаа уншуулан, дүнгээ зөв тооцоолж байгааг шалгав. Энэ ажлыг гүйцэтгэхэд сонгуульд оролцож буй намууд, холбогдох төрийн бус байгууллагуудад ажиглагч оролцуулах албан бичгийг хүргүүлж хамтарч ажиллалаа. Мөн сонгогчийн бүртгэлийн програмын эх кодыг шалган баталгаажуулж, сонгогчийн бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах зөөврийн компьютер бэлтгэхэд шаардлагатай зөвлөмжийг холбогдох байгууллагад хүргүүлж ажиллалаа.

Улсын хэмжээнд бүх 2082 хэсгийн санал авах байрнаас “Өгөгдөл дамжуулах туршилт”-ыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр орон даяар зохион байгуулж, сонгуулийн автоматжуулсан системийн бэлэн байдлыг туршин шалгав.

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг сонгуульд оролцсон намууд, нэр дэвшигчдийн ажиглагч нарт санал тоолох төхөөрөмжөөс хэвлэж өгсний дараа Мобиком ХХК, Юнител ХХК, Жи-мобайл ХХК-ийн хамгаалагдсан сүлжээгээр дамжуулж, Сонгуулийн Ерөнхий Хорооны төв серверт нэгтгэлээ.

 

4. Сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын         19-ний өдөр Улаанбаатарын цагаар 07.00 цагаас 22 цагийн хооронд хуулийн дагуу явагдлаа.

Санал хураалт 2082 хэсэгт явагдаж, сонгогчдийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдийн 60.44 хувь нь буюу 1.161.123 сонгогч саналаа өгсөн байна.  Саналаа өгсөн сонгогчдыг насны ангиллаар авч үзвэл: 14 хувь буюу 162247 нь 18-25 насны, 37.2 хувь буюу 431618 сонгогч нь 26-40 насны, 30.4 хувь буюу 353081 нь 41-55 насны, 18.5 хувь буюу 214168 сонгогч нь 56 ба түүнээс дээш насны сонгогч байна.

Сонгуулийн тухай хуулийн 97.13 заасны дагуу сонгуулийн санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороод санамсаргүй сонголтын аргаар харъяа хэсгийн хорооноос техникийн тооллого явуулах хэсгийг нам, эвсэл, нэр дэвшигчдийн ажиглагчдын төлөөллийг байлцуулан сонгож 24 цагийн дотор техникийн тооллогыг хийж гүйцэтгэлээ. Нийт 2082 хэсгийн 29.8 хувь буюу 620 хэсэгт техникийн тооллого Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан журмын дагуу явагдсан бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн техникийн тооллогын дүнтэй тохирсон байна.

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнг Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороод хуульд заасан хугацаанд багтаан хуралдаанаараа хэлэлцэн Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдэд түр олгох тухай шийдвэр гаргаж түр үнэмлэхийг нь олгосон төдийгүй төлөөлөгчдөөр сонгогдогсдын нэрсийн жагсаалт, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төслийг шинээр сонгогдсон Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны төв серверт ирсэн сонгуулийн дүнгээс үзэхэд сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн 7299 мандатаас МАН – 4409, АН – 2522, ИЗНН – 6, МАХН – 16, ЭОН – 7, МҮАН – 1, Ардчилсан Нам – Монгол Ардын Хувьсгалт Намын “Төв нутаг” эвсэл – 199 суудал, бие даан нэр дэвшигч – 137-г тус тус авчээ.

Сум, дүүргийн сонгуулийн хороод сонгуулийн дүн мэдээ, тайлангаа Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлж, сонгуулийн холбогдолтой баримт бичгүүдийг аймаг, нийслэлийн архивт холбогдох журмын дагуу хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүсийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо хүлээн авч, Авилгатай тэмцэх газарт хүлээлгэн өглөө.

 

5. Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдийн нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдийн 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй 10 аймгийн 13 сумын нийт 57 тойрогт, нийслэлийн 7 дүүргийн нийт 78 тойрогт хамаарах 293 хэсэгт 10 дугаар сарын 22, 23-ны өдөр нэмэлт санал хураалт явагдсан байна.

Мөн 19 аймгийн 51 сумын 57 тойрогт нийт 117 нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт заасны дагуу дахин санал хураалт 10 дугаар сарын 29-ний өдөр болсон. Гэвч Завхан аймгийн Алдархаан сумын 5 дугаар багт 2 нэр дэвшигчийн санал дахин тэнцсэн тул дахин санал хураалт явагдахаар болсон  тухай мэдээ ирүүлээд байна.

Булган аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Баян-Агт сумын 5 дугаар багт дахин сонгууль явуулахаар тухайн сумын сонгуулийн хороод шийдвэрлэсэн болно.

Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуультай холбоотой шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дараах газруудад явагдаж байна. Үүнд:

  1. Архангай аймгийн Өлзийт сум

  2. Баян-Өлгий аймгийн Сагсай, Ногооннуур сум

  3. Говь-Алтай аймгийн Цогт сум, Цээл сумын 4 дүгээр баг

  4. Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг

  5. Дундговь аймгийн Адаацаг сумын 2, 3 дугаар баг, Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Баянжаргалан сумын 2, 3 дугаар баг, Эрдэнэдалай сумын 3, 4, 5 дугаар баг

  6. Хэнтий аймгийн Баянхутаг, Хэрлэн сум

  7. Налайх дүүргийн 3 дугаар хороо

  8. Баянзүрх дүүргийн 1, 5, 10, 14 дүгээр хороо

  9. Сүхбаатар дүүргийн 7, 10, 11, 13 дугаар хороо

10. Хан-Уул дүүрэг зэрэг болно.

                Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнгийн талаар Та бүхэнд товч танилцууллаа.

                Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулж явуулахад дараах хүндрэлтэй асуудлууд гарсныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэмэлт, болон дахин санал хураалт явуулахад сонгогчдын ирцийг тооцохгүй учраас санал хураалт үргэлжлэх хугацааг богиносгох нь зүйтэй. Мөн сонгогчдын ирцийн босгыг 50 хувь гэж зааснаас шалтгаалан дээр дурдсан нэмэлт санал хураалт явагдах нөхцөл бүрдэх, төсвийн зардал нэмэгдэх гэх мэт сөрөг үр дагавар гарч байгаа юм. Иймд сонгуулийн ирцэд тодорхой хувь заахгүй байхаар хуульд тусгах шаардлага гарч байна.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО