Мэдээллийн технологийн ололтыг сонгуульд ашиглаж байгаа Монголын туршлагыг судлахаар Ази-Номхон далайн орнуудын төлөөлөл Монголд ирлээ

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн гишүүн орнуудын Зөвлөлийг 2016 онд Монгол Улс энэ жил даргалж байгаа бөгөөд үүний хүрээнд сонгуулийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг хэрхэн ашиглах тухай цуврал хэлэлцүүлгийг БНСУ, Индонез, Филиппин зэрэг улсуудад амжилттай зохион байгуулж Монгол Улсын туршлагаас хуваалцлаа.




Энэхүү ажлын үргэлжлэл болгон “Монгол Улсын туршлага, мэдээллийн технологийн баталгаажуулалтын хяналт” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн Сонгуулийн Ерөнхий Хороотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, улс төрийн намуудын төлөөлөл оролцов.



Сонгуулинй Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн уг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: “ Сонгуулийг автоматжуулсан системээр амжилттай зохион байгуулж явуулахад иргэний нийгмийн хяналт, сонгогчдын боловсрол чухал бөгөөд сонгуульд автоматжуулсан системийг ашиглах талаар сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн үйл явцыг ажиглах иргэний нийгэм, улс төрийн намуудтай хамтран ажиллах нь чухал гэж үзэж ирсэн. Сонгуульд мэдээллийн технологийг амжилттай хэрэгжүүлсэн манай туршлага бол техник, хэрэгсэлдээ биш энэ технологийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалт, хариуцлага, удирдлагын зарчимч тууштай байдал, чадвартай инженерүүдийн үйл ажиллагааны хамтын үр дүн юм. Сонгуулийн автоматжуулсан системийг амжилттай хэрэгжүүлсэн МУ-ын туршлагыг маш товчхон хэлбэл нэгдүгээрт хууль, эрхзүйн орчныг бүрдүүлж чадсан, хоёрдугаарт хуулийг хэрэгжүүлэх мэргэжлийн багийг бүрдүүлж чадсан, гуравдугаарт техник, технологийн зөв хувилбарыг сонгож чадсанд оршино.” хэмээн онцлов.