Ч.Содномцэрэн: Бидэнд хийх ажил их, хугацаа бага байна
Улсын Их Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан нэгдсэн сургалт өнөөдөр боллоо.
Сургалтыг нээж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгийнхээ эхэнд сонгуулийг зохион байгуулах ажлын хүрээнд хийсэн ажлаа товч танилцуулав.
Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, нийт 2000-аад хэсэг байгуулагдаад байна. Үүнээс гадна аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дэргэд Мэдээллийн технологийн 31 баг байгуулагдаж, 2016 оны сонгуулийг зохион байгуулахад нийт 20 мянга гаруй хүн ажиллах ажээ.
Тэрээр цаашид хийх ажлын талаар ярихдаа, үлдэж байгаа нэг сарын хугацаанд бид УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэх, сонгогчдын нэрийн жагсаалтаа сум, дүүргийн сонгуулийн хороодод хүргүүлэх, сонгогчидоо сонгуульд идэвхтэй оролцуулах, санал авах байраа бэлэн болгох, сонгогчдын бүртгэлийн болон санал авах, тоолох техник хэрэгслээ хянан баталгаажуулж санал авах байруудад хүргэх, саналын хуудсаа баталгаажуулан хэвлүүлж хүргүүлэх гээд бидэнд хийх ажил их, хугацаа бага байна гэдгийг онцлон тэмдэглэв.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгийнхээ төгсгөлд, сонгуулийг зохион байгуулахдаа хуулиа дээдлэн, ил тод байдлыг хангаж, шударга ёсыг сахин ажиллаж, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжсэн болон эсэргүүцсэн аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх, сум, дүүргийн сонгуулийн хороодоо мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, хуваарилагдсан саналын хуудас, техник хэрэгсэл, сурталчилгааны материалыг сум, дүүргийн сонгуулийн хорооддоо хүргэх, санал хураалтыг сайтар зохион байгуулж, дүнг нэн даруй дамжуулан, дүн мэдээ, тайланг үнэн зөв гаргаж хурдан шуурхай ирүүлэхэд анхаарач ажиллахыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын удирдлагааас хүслээ.
Сонгуулийн Ерөнхий Хорооноос зохион байгуулсан нэгдсэн сургалтад Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид оролцож байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт, хуралдааны дэг, гишүүний ёс зүйн дүрэм, ажилтан албан тушаалтны эдийн засаг, хууль зүйн баталгаа, сонгуулийн сурталчилгаа, сонгогчдын нэрийн жагсаалт хүргүүлэх, сонгогчийн шилжилт, гомдол шийдвэрлэх журам,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, Авлигын эсрэг хууль тогтоомж зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийж сургалтад оролцогсдын сонирхсон асуултад хариу өгөв.