УИХ ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа
Чуулганы өнөөдрийн /2016-04-07/ нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Төрийн байгуулалтын байнгын хороонысанал, дүгнэлтийг Улсын ИхХурлын гишүүн Ц.Дашдорж нар тус тус танилцуулав.
Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана”, мөн хуулийн 16.4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна” гэж тус тус заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг товлон зарлуулах саналаа Улсын Их Хуралд уламжилжээ. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс товлон зарлахаар тусгасан байна.
Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалтявуулж улмаар хуралдаанд оролцсон гишүүд 87 хувийн саналаар дэмжсэнээр “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.
Үүний дараа “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг нар тус тус танилцууллаа.
Сонгуулийн
тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Сонгууль зохион байгуулахтай
холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хүн амын тоог сонгуулийн
нутаг дэвсгэртэй харьцуулан гаргасан сонгуулийн төв байгууллагын саналыг
үндэслэн Улсын Их Хурал тухай бүр батална” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий
хороо сонгуулийн зардлын талаарх санал, холбогдох тооцоог боловсруулан Улсын Их
Хуралд ирүүлжээ. Уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит
сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын
хэмжээг 16 тэрбум 453 сая 912 800 төгрөгөөр тогтоохоор тусгасан байна.
Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудлаар
асуулт тавьж хариулт авав. Тухайлбал, Сонгуулийн
ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өгсөн тайлбартаа, “ зардал өмнөх дөрвөн
жилийн сонгуулиас 400 гаруй сая төгрөгөөр багасч байгаа. 2012 оныг 2016 онтой
харьцуулахад санал авах сонгуулийн насны хүний тоо 146 мянгаар, 2012 онд 1905
хэсэг байсан бол одоо 2091 хэсэгтэй болж байгаа тул энэ хэмжээгээр зардал
нэмэгдэж байна. Мөн сонгуулийн хороодод ажиллах хүний тоо урьдчилсан тооцоогоор
5000 гаруйгаар нэмэгдэж байгаа. Түүнчлэн Улсын Их Хурлын болон аймаг,
нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдах учир саналын хуудасны зардал нэмэгдэнэ”
гэв. Мөн Улсын Их Хурлын дарга З.Энхболд, энэ жил Улсын Их Хурлын сонгууль
болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдана. Иймд нийт хичнээн зардал
гарах тооцоо байгаа талаар тодруулав. Улсын Их Хурлын гишүүн, Төрийн
байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хариултдаа, 2012 оны Улсын Их Хурлын
сонгуультай нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдсан. Тэр үед Улсын Их Хурлын
сонгуульд 16,8 тэрбум төгрөг зарцуулсан бол нийслэлийн ИТХ-ын сонгуульд 464 сая
төгрөг, нийт 17.3 тэрбум төгрөг зарцуулагдсан. Энэ удаагийн сонгуульд аймгийн
ИТХ-ын сонгууль нэмэгдэж байгаа гэж үзвэл түрүүчийн Улсын Их Хурал болоод
нийслэлийн ИТХ-ын сонгуулиас нэг тэрбум орчим төгрөгөөр бага зардлаар хийх гэж
байгаа. 2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нийт зардал 5.2 тэрбум
төгрөг байсан байна. Үүний хагас нь гэж үзвэл 2.5 тэрбум төгрөг болно гэдгийг
хэллээ. Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа байнгын хорооны саналаар
тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд
87,7 хувийн саналаар дэмжиж, “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах
тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав.