Сонгуулийн холбогдолтой асуудлуудаар хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ

Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Үндэсний аудитын газраас хамтарч хэвлэлийн бага хурал хийлгэн Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Сонгуулийн хуульд заасны дагуу санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө буюу 3 дугаар сарын 01-нээс өмнө сонгуулийн хэсэг байгуулах болон нам, эвсэл, нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохажлыг хийж холбогдох шийдвэрийг гаргасан юм. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 12 тоот тушаалаар энэ удаагийн сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр, сонгуулийн тойрогт нэг нэр дэвшигчээс зарцуулах зардлын хэмжээг 26 тойрог тус бүрээр тогтоож нийтэд зарлаад байгааг мэдээлэв.


Мөн Иргэний бүртгэлийн газрын хийсэн мэдээллээр энэ оны 2 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 2,004,048 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээд байгаа бөгөөд энэхүү жагсаалтыг 21 аймгийн 332 сум, нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд хүргүүлээд байна. Энэ тоог үндэслэн 21 аймаг, 9 дүүрэг, 332 сумын Хурлын тэргүүлэгчид Монгол Улсын хэмжээнд 2091 хэсэг байгуулсан. Дээд дурдсан сонгогчдын тоо нь эцсийн тоо биш бөгөөд шилжилт хөдөлгөөн болон Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуулийн насны иргэдийн тоог гаргах үүрэг бүхий төрийн байгууллагуудаас авсан мэдээлэл зэргээс үүдэн хэлбэлзэх юм.


Ийнхүү гаргасан сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ сонгогч өөрөө www.burtgel.gov.mn сайтад хуулийн хугацаанд нь 3 дугаар сарын 01-нээс эхлэн байршуулсан. Тиймээс сонгогч өөрийн мэдээлэлтэй танилцан шалгаж, мэдээлэл нь зөрүүтэй бол иргэний бүртгэлийн холбогдох албанд хандан залруулга хийлгэх боломжтой. Энэ удаагийн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой зөрүүтэй мэдээллийг арилгуулах талаар сонгогч цахимаар хандаж болохоор болсон талаар мэдээлэв.


Иргэний шилжилт хөдөлгөөний хувьд хуульд зааснаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө, өөрөөр хэлбэл 4 дүгээр сарын 30-наас эхлэн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжихийг хориглоно.


Бүрэн бус тоогоор гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч буй  112 мянга  орчим Монгол Улсын иргэд байдаг. Үүнээс 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар санал өгөхөөр  6233 нь бүртгүүлснээс 4248 нь санал өгсөн тухай мэдээлэлдээ дурдлаа.