СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДАЖ, ЭЦСИЙН НАЙРУУЛГА ХИЙГДЛЭЭ
Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталж, хуулийн эцсийн найруулгыг хийж дууслаа. Хууль батлагдсанаар өмнө нь хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиуд тус тус хүчингүй болов.
Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хууль нь 19 бүлэг 166 зүйлтэй бөгөөд Улсын Их Хурлын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбоотой харилцааг бүхэлд нь зохицуулах юм.
Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны тухайд өмнөх сонгуулийн үеэр ашигласан сонгуулийн тогтолцоог хэвээр хадгалж, олон мандат бүхий 26 тойргоос 48 гишүүнийг олонхийн сонгуулиар буюу мажоритар тогтолцоогоор, үлдсэн 28 гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар буюу пропорциональ тогтолцоогоор сонгоно. Харин аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухайд зуун хувь олонхийн сонгуулиар буюу мажоритар тогтолцоогоор явагдах юм.
Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулах байгууллагын хувьд байнгын болон байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагууд буюу өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд сонгуулийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүргийг Сонгуулийн Ерөнхий Хороо гүйцэтгэж, аймаг, нийслэлийн хэмжээнд Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод, сум дүүргийн хэмжээнд сум, дүүргийн сонгуулийн хороо ажиллаж, сонгогчийн санал авах, тоолох ажлыг зохион байгуулах нэгж болох санал авах байр ажиллах бөгөөд тухайн нэгж нь сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд хамаарах юм. Гадаад улс дахь иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисс, дипломат төлөөлөгчдийн газрын дэргэд ажиллах Салбар комиссууд Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллана.
Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид орж ажиллана. Бүх шатны сонгуулийн хороодод ажиллах ажилтны мэдээллийн санг Сонгуулийн Ерөнхий Хороо бүрдүүлж, сонгуулийн үеэр ажиллах ажилтнуудыг сонгуулийн боловсон хүчний мэдээллийн сангаас томилохоор болсон.
Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтоож, сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 120-иос доошгүй хоногийн өмнө байгуулна.
Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байхаар хуульчиллаа. Улсын Их Хурлын сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх, нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлэгчдийг Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэж, үнэмлэхийг нэгэн өдөр зэрэг олгохоор болсон байна. Улсын Их Хурлын сонгуульд нам, эвслээс нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн нэр дэвшигч байна гэж тусгажээ. Сонгуулийн сурталчилгааны үргэлжлэх хугацаа 18 хоног байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хувьд төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байхаар хуульчлагдлаа.
Сонгогчийн санал авах, тоолох ажиллагааг санал тоолох автомат төхөөрөмжөөр гүйцэтгэж, санал тоолох ажиллагааг төхөөрөмжөөр хийж дууссаны дараа гар аргаар давхар баталгаажуулан тоолж техникийн тооллого хийх зохицуулалтыг тусгасан байна.
Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол болон нэхэмжлэлийг шийдвэрлэх харъяалал, хугацааны талаар зохицуулалтуудыг тодорхой болгосноос гадна богино хугацааны дотор шийдвэрлэхээр болжээ.