СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛДААН БОЛОВ


  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр энэ оны анхны хуралдаанаа хийж, 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан хэлэлцэх, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах, Сонгуулийн тухай хуулийн танилцуулга, Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийн төсөл танилцуулах, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдийн аймаг, дүүрэг хариуцсан хуваарь, хариуцах ажлын чиглэлийг батлах, Сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан Улсын Их Хурал, төрийн байгууллагууд болон аймаг, нийслэлийн ИТХ зэрэг гадны байгууллагуудад явуулах албан тоотын төсөл болон Хорооны далбааг танилцуулах зэрэг бусад асуудлыг хэлэлцлээ.

Ээлжит сонгуулийн жил эхэлж байгаа учраас саяхан батлагдан гарсан Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн үед хийж гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, уг төлөвлөгөөний дагуу сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийн төслийг дэмжлээ. Энэхүү хуваарийг Улсын Их Хурлаас сонгуулийн санал авах өдрийг тогтоосон шийдвэр гарсны дараа батлан мөрдөж ажиллах юм.