Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд Их Британийн Сонгуулийн хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн Их Британийн Сонгуулийн хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хоёр орны сонгуулийн байгууллагын үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл хийж, санал бодлоо солилцлоо.
Их Британийн Сонгуулийн хороо нь байнгын ажиллагаатай, бие даасан хараат бус байгууллага бөгөөд 2000 онд байгуулагдсан, 12 гишүүнтэй, үндсэн 3 чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Сонгуулийн хорооны эрх үүрэг, шийдвэрлэвэл зохих асуудлуудыг хуулиндаа маш тодорхой тусгаж өгсөн байдаг. Эдгээр үндсэн чиг үүргийг дурдвал, нэгдүгээрт, орон нутаг дахь сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах бөгөөд сонгуулийн зохион байгуулалтын асуудлыг орон нутгийн сонгуулийн хороод гардан зохион байгуулдаг. Сонгуулийн төв байгууллага нь орон нутгийн сонгуулийн хороодыг хууль эрх зүйн баримт бичиг, гарын авлага, заавар зөвлөмжөөр хангах үүрэгтэй юм. Хоёрдугаарт, сонгогчдын сонгуульд оролцох оролцоог дээшлүүлэх сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгэдэг. Их Британид ч дэлхийн бусад орны нэгэн адил сонгогчдын оролцоо сонгуулиас сонгуульд буурч байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болж байна. Их Британийн хувьд сонгогчид санал авах байранд өөрийн биеэр ирж саналаа өгөхөөс гадна шуудангаар санал өгөх явдал нэлээд байдаг. Ийнхүү шуудангаар санал өгсөн сонгогчид нийт саналаа өгсөн сонгогчдын 15-20 хувийг эзэлдэг байна. Сонгуулийн санал тооллогын үед нэлээд маргаан гардаг байсан учраас үүнийг таслан зогсоохоор сонгуулийн санал авах, тоолох үйл ажиллагаанд автоматжуулсан төхөөрөмжийг 2007 оноос ашиглаж эхэлсэн. Их Британийн 4 улс тус бүрдээ сонгуулийн хуультай хэдий ч Их Британийн сонгуулийн хуулийг голчлон баримталдаг. Гуравдугаарт, улс төрийн намын бүртгэл, улс төрийн намын санхүүжилтын асуудлыг хариуцдаг. 2000 онд улс төрийн намын санхүүжилттэй холбоотой хуулийг баталсан нь намын санхүүжилтийг нийтэд ил тод болгох, хариуцлагыг өндөрсгөхөд томоохон ахиц гаргасан байна. Сонгуулийн төв байгууллага нь улс төрийн намуудтайгаа байнга хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, намууд жил бүрийн аудитын байгууллагаар хянагдсан санхүүгийн тайлан, намын талаарх шинэчилсэн мэдээллээ Сонгуулийн хороонд хүргүүлнэ. Сонгуулийн хороо нь тайланг нэгтгэн нийтэд мэдээлдэг. Ийнхүү улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгосноор сонгогчдыг сонгуульд мэдээлэлтэй оролцуулахад ихээхэн үр нөлөөтэй гэж үздэг. Мөн ийм төрлийн мэдээллийг сонгогч олонд ойлгомжтой болгох үүднээс сүүлийн үед тайлан мэдээг тоон баримтаар үзүүлэхээс гадна график хэлбэрээр хүргэхийг чухалчилдаг болсон тухайгаа ярилаа.
Уулзалтад оролцогсод цаашид хоёр орны сонгуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, туршлага судлах, харилцан мэдээлэл солилцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.