АЖЛЫН ДЭД ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын бэлтгэл хангах мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор байгуулсан юм. Уг Ажлын дэд хэсгийг Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ахалж, гишүүдэд Гадаад хэргийн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн байгуулалтын байнгын хороо, Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын алба, Тагнуулийн Ерөнхий Газар, Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий Газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгогчдын боловсрол төв, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн Ажлын албаны төлөөлөл оролцон ажиллаж байгаа юм.Дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, хуулийн төслүүдийн талаар саналаа солилцон, байгууллага тус бүрийн сонгуулийн үед гүйцэтгэх үүргийн талаар нарийвчлан ярилцаж, тус тусын саналаа бэлтгэж ирүүлэх үүрэг даалгаврыг гишүүдэд өгчээ.
Дэд ажлын хэсэг нь Улсын Их Хуралд өргөн баригдсан 3 хуулийн төслийг харьцуулсан судалгааг хийж Ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлсэн байна. Мөн одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг өргөн баригдсан 3 хуулийн төсөлтэй харьцуулсан судалгаа гаргаж УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт хүргүүлэхээр болжээ.