МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Нээлттэй нийгэм форум, Шударга сонгуулийн төлөө Иргэний нийгмийн хяналт сүлжээтэй хамтран сонгуулийн зохион байгуулалт, үйл явцтай холбоотой зарим асуудлаар мэдээлэл өгөх, сонгуулийн хуулийн төслүүдийн талаар санал солилцох, өөрсдийн санаа бодлыг нэгтгэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн Ажлын хэсэгт хүргүүлэх зорилгоор цуврал хэлэлцүүлэг хийж байгаа билээ. Хэлэлцүүлэгт Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид оролцож, сонгуулийн үйл ажиллагааны талаар болон хэлэлцэгдэж буй асуудлын талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.

Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, улс төрийн намуудын төлөөлөгчид, судлаачдыг урьж оролцуулж байгаа бөгөөд 3 сэдвээр явагдаж байна.

Эхний хэлэлцүүлэг “Сонгуулийн автоматжуулсан систем” сэдвээр явагдаж, манай улсын сонгуулийн үйл ажиллагаанд 2012 оноос эхлэн ашиглагдаж буй сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох автомат төхөөрөмжийн үйл ажиллагаанд хийсэн мониторингийн үр дүн, санал зөвлөмж, цаашид анхаарч хуулийн төсөлд тусгах саналуудын талаар хэлэлцэв.

Хоёр дахь хэлэлцүүлэг “Сонгуулийн кампанит ажлын санхүүжилт” сэдвээр явагдлаа. Илтгэгч сүүлийн үед гарсан судалгааны дүнг танилцуулж, улс төрийн нам, нэр дэвшигчдийн кампанит ажлын зардал байнга огцом өсч ирсэнийг дурдаад, энэ байдал нь иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах нөхцөл болоод зогсохгүй сонгуульд өрсөлдөж буй талуудын тэгш бус байдлыг үүсгэж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Сонгуулийн санхүүжилтийн эх үүсвэр, тэдгээртэй холбогдон гарч буй асуудлуудын талаар ярилцаж, зардлыг хэрхэн бууруулах боломж байгаа талаар санал солилцлоо.

Дараагийн хэлэлцүүлэг маргааш болох бөгөөд “Сонгуулийн санхүүжилтийн хяналт” сэдвээр өрнөх юм.