СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД АРАБЫН БҮГД НАЙРАМДАХ ЕГИПТ УЛСЫН ПАРЛАМЕНТИЙН СОНГУУЛИЙГ АЖИГЛАЛАА
АБНЕУлс нь 2014 онд шинэ Үндсэн хуулиа бүх ард түмний санал асуулга явуулж, хэлэлцүүлсний үндсэн дээр баталсан бөгөөд уг Үндсэн хуулийн дагуу парламентийн сонгууль нь 2 үе шаттайгаар явагдсан юм.
АБНЕУлсын Төлөөлөгчдийн танхим буюу Парламент 540 төлөөлөгчөөс бүрдэх бөгөөд Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Парламентийн нийт гишүүдийн 5 хувиас ихгүй тооны төлөөлөгчийг томилох эрхтэй. 540 төлөөлөгчийн 420 төлөөлөгчийг сонгуулийн мажоритар тогтолцоогоор, 120 төлөөлөгчийг пропорциональ сонгуулийн тогтолцоогоор сонгодог. Сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын хувьд тус улсын 27 муж бүхэн сонгуулийн нэг тойрог болох бөгөөд нийт нутаг дэвсгэр, хүн амын тоо, байршил зэргийг харгалзан улсын нийт нутаг дэвсгэрийг 4 бүсэд хувааж 45*45*15*15 харьцаатайгаар пропорциональ тогтолцоогоор сонгох 120 төлөөлөгчийг сонгодог байна.
Сонгуулийн байгууллагын тогтолцооны хувьд шаталсан тогтолцоотой бөгөөд улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгууль зохион байгуулж явуулах эрх бүхий байгууллага нь Сонгуулийн Дээд Хороо юм. Тус Хороо нь дарга, зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй, байнгын ажиллагаатай. Мужын нутаг дэвсгэрийн хэмжээнд сонгуулийн зохион байгуулж явуулах эрх бүхий 27 сонгуулийн хороо, 364 дүүрэгт сонгуулийн зохион байгуулж эрх бүхий 237 дэд хороо /хэсгийн хороо/ байгуулагдан сонгуулийг зохион байгуулж явууллаа.
Сонгуульд оролцож буй улс төрийн нам болгон тус улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн 5 гарал бүхий төлөөллөөс хуульд заасан тооны нэр дэвшигчдийг оролцуулсан байх ёстой мөн нийт нэр дэвшүүлж буй нэр дэвшигчдийн 21 хувиас багагүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх шаардлага тавигддаг байна. Үндсэн хуульд заасны дагуу нэр дэвшигч нь сонгуулийн мажоритар болон пропорциональ тогтолцоонд хоёуланд нь зэрэг нэр дэвшигчээр бүртгэгдэх эрхтэй.
Сонгогчдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, цахим бүртгэлийн бааз үүсгэх, сонгогч өөрийн мэдээллийг нягтлан шалгах ажлыг тус улсын иргэдийн Үндэсний иргэний үнэмлэхийг үндэслэн хийх бөгөөд Иргэний бүртгэлийн байгууллага нь нэгдсэн удирдлагаар ханган ажилладаг.
11 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдийн 09-21 цагийн хооронд болсон тус улсын Парламентийн 2 дахь шатны сонгуульд 4 нам, 2847 нэр дэвшигч өрсөлдөж нийт 55.6 сая сонгогчийн 28.6 хувь буюу 27 сая сонгогч сонгуульд оролцож саналаа өгчээ.
Сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн шугамаар нийт 9 улсын төлөөлөгчид ирж Каир хотын зарим сонгуулийн хэсгүүдээр орж санал авах ажиллагааг зохион байгуулж буй байдал, сонгогчдийн санал өгч буй үйл явц, санал хураалтын ажиллагааны нээлт хаалт, санал тоолох, хэсгийн хэмжээнд санал хураалтын дүнг гаргах ажиллагаатай танилцаж улмаар ажиглалтын үр дүнгийн талаар бусад улс орны ажиглагчидтай санал солилцож, тус улсын Сонгуулийн дээд хорооны хүсэлтээр зөвлөмжийн төсөл боловсруулах ажилд оролцлоо.