2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр
Нээлттэй Нийгэм Форум, Шударга Сонгуулийн төлөө Иргэний Нийгмийн Хяналт Сүлжээ хамтран сонгуулийн зохион байгуулалт, сонгуулийн санал тоолох төхөөрөмжтэй холбоотой зарим асуудлаар оролцогч талуудад мэдээлэл өгөх, тодорхой шийдлийн талаар санал солилцох зорилгоор хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр Шударга Сонгуулийн төлөө Иргэний Нийгмийн Хяналт Сүлжээнээс 2012 оны УИХ, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль түүнчлэн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд санал тоолох төхөөрөмжийн ашиглалтыг хянасан туршлага, мониторингийн үр дүн, санал зөвлөмж, түүнчлэн олон улсын байгууллагуудаас сүүлийн жилүүдэд энэ талаар гаргасан судалгаа шинжилгээг тоймлон танилцууллаа.Дээрх арга хэмжээнд Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат, Програм хангажийн хэлтсийн дарга Х.Баясгалан, Техник, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Батсайхан, Ажлын албаны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ш.Энхбаатар нар оролцлоо.