Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүний санаачилсан хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 8 гишүүний санаачилсан Сонгуулийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 6 гишүүний санаачилсан хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын гишүүн С.Баасанхүү нарын 8 гишүүний санаачилсан хуулийн төсөл зэрэг нийт 4 хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэхээр өргөн барьсныг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас уг хуулийн төслийг хэлэлцэхийг санал нэгтэй дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо.
Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо дангаараа үргэлжлүүлэн хуралдаж, эхлээд Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, уг хуулийн төслийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 2011 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулгын тухай хуульд тухайн үед нь шаардлагатай өөрчлөлт оруулаагүйгээс ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин тодорхой бус болсныг залруулж, холбогдох өөрчлөлтийг оруулснаар ард нийтийн санал асуулга явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Хуулийн төслийг боловсруулахдаа Сонгуулийн ерөнхий хорооны саналыг авч тусгасан. Мөн уг хуулийн төслийг Засгийн газар дэмжиж, зарчмын хоёр санал ирүүлснийг төсөлд тусгасан гэдгийг дурдав.
Уг хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд Ард нийтийн санал асуулга явуулах өдөр бүх нийтээр амрах; санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах ажлыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд зохион байгуулж нэгдсэн удирдлагаар хангах; санал авах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу зохион байгуулах зэрэг асуудлыг зохицуулахаар тусгажээ.