МАНАЙ СОНГУУЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТУРШЛАГЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
СЕХ-ны төлөөлөгчид Холбооны Бүгд Найрамдах Мьянмар Улсын Бүх нийтийн сонгуулийн үйл ажиллагааг ажигласан тухай Х.Баясгалантай ярилцлаа.
СЕХ-ны төлөөлөгчид Мьянмар Улсын Парламентын сонгуулийг ажиглаад ирсэн байна. Энэ тухайгаа яриагаар ярилцлагаа эхлэх үү?
- Энэ оны 11-р сарын 8-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Мьянмар Улсын Бүх нийтийн сонгууль амжилттай болж өнгөрлөө. 1962 оноос хойш цэргийн дэглэм ноёрхож байгаад 2010 оноос л Парламенттай болсон гэдгийг Та бүхэн мэдэх байх. Сүүлийн 25 жилийн хугацаанд анхны ардчилсан сонгуулиа явуулж байгаа гэдэг утгаараа Мьянмарын талаас ч дэлхий нийтийн зүгээс ч нэлээд анхаарал хандуулсан. Гадаадын олон улс орны сонгуулийн болон олон улсын байгууллагуудаас 10 мянга гаруй ажиглагчид Мьянмарын сонгуулийг ажигласан. Тухайлбал, Ази, Европын орнуудын сонгуулийн байгууллагууд, тэдгээрийн дотор манай Сонгуулийн Ерөнхий Хороо ажиглагчаа илгээсэн. Түүнчлэн АСЕАН, Европын холбоо, Чөлөөт сонгуулийн төлөөх Азийн сүлжээ (ANFREL), АНУ-ын Картер төв ТББ зэрэг олон байгууллагыг дурдаж болно. Мөн Төрийн бус байгууллагууд ч ажиглалт хийсэн.
Мөн Австралийн Парламентийн төлөөлөгчид ажиглагчаа илгээсэн бөгөөд Мьянмарын түүхэнд чухал ач холбогдол бүхий энэхүү сонгуулийг шударга, амжилттай зохион байгуулахад нь зориулж 4,2 сая америк долларын дэмжлэг үзүүлсэн. Үүнээс гадна Дэлхийн сонгуулийн байгууллага, Сонгуулийн тогтолцооны олон улсын сан (IFES), Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (IDEA), Азийн сонгуулийн байгууллагуудын холбоо, Азийн сан, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг хэд хэдэн Олон улсын байгууллагууд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм билээ.
Мьянмарын сонгуулийн үеэр элдэв үймээн, халдлага гарч болзошгүй гэж байсан боловч сонгуулийн үйл ажиллагаа бүхэлдээ тайван, хуулийн дагуу явагдлаа гэж ажиглагчид дүгнэсэн.
Тус улс нь 55 сая хүн амтай, сонгуулийн эрх бүхий 32 сая иргэдийн 80 гаруй хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн гэсэн урьдчилсан мэдээтэй. Сонгох эрх нь 18 наснаас эхэлнэ, шашны үзлээр нь сонгох эрхийг хязгаарлах тохиолдол байдаг ба түүнчлэн өртэй хүмүүс, хорих газарт ял эдэлж байгаа хүмүүсийн сонгох эрхийг хязгаарладаг.
Өглөө эрт 3-4 цагаас эхлэн сонгуулийн санал авах байрны гадна талд урт дараалал үүссэн байсан бөгөөд санал хураалт дуусахад ч хүртэл дараалалд зогссоор саналаа өгч амжаагүй үлдсэн хүмүүс нэлээд байсан тухай ажиглагчид дурдаж байсан юм.
Мьянмарын сонгуулийн зохион байгуулалтын талаар товч ярьж өгнө үү?
Энэ удаагийн сонгуульд 91 намын 6 мянга гаруй нэр дэвшигчид өрсөлдсөн. Нэг мандаттай тойргоос харьцангуй олонхийн зарчмаар сонгох мажоритар системээр 5 жилийн хугацаатайгаар төлөөлөгчдийг сонгоно. Мьянмарын Холбооны сонгуулийн хороо нь Парламентийн доод танхим болох Төлөөлөгчийн танхимын гишүүнийг сонгох 330 тойрог, дээд танхим болох Үндэстний танхимын гишүүнийг сонгох 168 тойрог, муж, бүс нутгийн парламентын гишүүдийг сонгох 644 тойрог байгуулсан. Намууд сонгуулийн тойргуудад нэр дэвшигчдээ өрсөлдүүлэх боловч саналын хуудсанд зөвхөн улс төрийн намуудын нэрсийг бичиж, намын таних тэмдгийг хамт байрлуулна. Сонгогч саналаа тэмдэглэхдээ санал авах бүхээгт байрлуулсан тамгаар тэмдэглэгээгээ хийнэ. Сонгогч аль намд саналаа өгнө, тухайн намаас тухайн тойрогт нэр дэвшигчийн төлөө саналаа өглөө гэж тооцдог.
46 мянга гаруй санал авах байранд сонгогчдын саналыг авч, хэсгийн хороодод төрийн албан хаагчид ажилладаг бөгөөд ихэнх нь багш нар байдаг юм билээ.
Сүүлийн хэдэн жил Мьянмарын янз бүрийн түвшний удирдах албан тушаалтнууд танай Хорооны туршлагыг судалсан байхаа?
Тиймээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн дараагаас манай сонгуулийн зохион байгуулалт, үйл ажиллагааны туршлагыг Холбооны Бүгд Найрамдах Мьянмар Улсын Ерөнхий сайд, Парламентын дарга, Гадаад хэргийн сайд болон төрийн өндөр албан тушаалтнуудын айлчлалын үеэр манай Хороон дээр ирж судалсан. Түүнчлэн энэ оны 3-р сард манай Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны сангийн шугамаар Мьянмарын яамдын сайд, өндөр албан тушаалтнууд 10 гаруй хүн Улаанбаатар хотод ирж сургалтанд сууж, сонгуулийн болон хүний эрхийн салбарын ажлын туршлага судлахад нь манай Сонгуулийн Ерөнхий Хорооноос очиж сургалт хийж өгч байсан.
Манай сонгуулийн байгууллагын туршлагыг хэр авч хэрэгжүүлсэн байна?
Аливаа улс орны сонгуулийн үйл ажиллагаа олон улсад нэг л стандартаар явагддаг. Тухайлбал, сонгогчид нь чөлөөтэй, саналаа нууцаар гаргах, сонгуулийн ажил ил тод байх гэх мэтийг дурдаж болно. Тэр стандартад нийцсэн, тухайн улс орныхоо онцлогт тааруулсан хууль тогтоомжийг батлан сонгуулийн үйл ажиллагаагаа зохицуулдаг. Манай улс ч тийм байдлаар өөрийн орны онцлогт таарсан, олон улс оронд хэрэглэгддэг орчин үеийн техник технологийн дэвшлийг сонгуулийн ажилдаа амжилттай хэрэглэж дотоодын болон олон улсын ажиглагчдаас өндөр үнэлгээ авсныг бүгд мэднэ.
Мьянмарын сонгуулийн үйл ажиллагаанд ч мөн адил гадаадын ажиглагчид сайн үнэлгээ өгсөн байна. Манай туршлагаар зөөврийн саналын хайрцгаар санал авах ажиллагааг санал авах өдрийн өмнөх өдөр зохион байгуулсан, дипломат газрын газар байрлаж буй оронд ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ саналыг авсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгох эрхийг хангах чиглэлээр нэлээд ажил хийсэн нь харагдсан. Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт, сонгогчдын нэрийн жагсаалтыг нягтлан шалгах гээд биднээс асууж, туршлага судалж байсан зүйлээ гайгүй сайн зохион байгуулж чадсан байна билээ.
Мьянмараас гадна Киргизүүд манай орны туршлагыг нэлээд судалсан, саяхан болж өнгөрсөн сонгуульдаа ашигласан гэж дуулсан. Энэ тухай тодруулна уу?
Манай Хороо өнгөрсөн хугацаанд Мьянмараас гадна Кргизийн Сонгуулийн төв комисстой сайн хамтарч, чадах чинээгээрээ туслалцаа үзүүлсэн. Киргизийн сонгуулийн хорооныхон манайд олон удаа ирж туршлага судалсан. Манай Хорооныхон очиж сургалт, танилцуулга ч хийж байсан.
Киргизийн хувьд бол манай улсад ашигласан сонгуулийн технологийг бүрэн утгаар нь хэрэгжүүлсэн гэж хэлж болно. Киргизийн сонгуулийг манай Хорооны төлөөлөгчид бас ажиглалаа.
Бүгд Найрамдах Киргиз Улсын Сонгуулийн төв комисс нь манай туршлагаар сонгогчдоо иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулж, хурууны хээг нь авсан, мөн 3000 гаруй санал авах байранд сонгогчийн санал авах, тоолох 3715 санал авах, тоолох төхөөрөмж ашигласан. Түүнчлэн гадаад улсад ажиллаж, амьдардаг иргэдийнхээ саналыг авсан.
Киргизийн Сонгуулийн төв комиссын дарга нь “Сонгуулийн автоматжуулсан системийг сонгуулийн үйл ажиллагаандаа богино хугацаанд, амжилттай нэвтрүүлсэн Монгол Улсын туршлагыг сайтар судалсан нь их тус дөхөм болсон.” гэж дүгнэсэн байна билээ. Тэгэхээр манай сонгуулийн туршлагыг сүүлийн жилүүдэд судалсан Мьянмар, Киргизийн сонгууль амжилттай болсонд бид бас сэтгэл хангалуун байгаа.
Бүс нутгийн хэмжээнд Монголын сонгууль зохион байгуулдаг туршлагыг нэвтрүүлнэ гэж яриад байсан?
Тиймээ, Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерм энэ зун манай Хороонд зочлох үеэрээ “Монгол улс бүс нутагтаа ардчилалын жинхэнэ манлайлагч. Ази-Номхон далайн бүс нутагт ардчилал, сонгуулийг хөгжүүлэх, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр бид Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны туршлагад тулгуурлан хамтран ажиллах болно” хэмээн хэлсэн байдаг.
Цаг гарган сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.