Монгол Улсын сонгуулийн туршлагыг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн
БНКирУ-ын парламентын сонгууль 10 дугаар сарын 4-ний өдөр боллоо. Тус Сонгуулийг Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат нар, түүнчлэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны шугамаар Мэдээлэл судалгаа арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын шугамаар Мэдээлэл судалгаа, арга зүйн хэлтсийн ахлах референт Т.Гүенбаатар нар тус тус сонгуулийн хэсгүүдэд санал авах ажиллагааны нээлт, хаалт, санал авах үйл ажиллагаа, сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох техник хэрэгсэлтэй танилцаж, ажиглалт хийлээ.
Киргиз Улсын 5.7 сая орчим хүн амын 2.7 сая орчим сонгогч иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 60 хувь нь сонгуульд оролцлоо гэж БНКирУ-ын Сонгууль болон Бүх нийтийн санал асуулгийг зохион байгуулах Төв Комиссоос мэдээлэв.
Сонгуулийн 2374 хэсэг буюу санал авах байр ажилласан. Үүнээс гадаадын 26 улсад 35 хэсэг ажиллаж гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулсан байна.
БНКирУ-ын Парламент/Жогорку Кенеш/-ийн 120 гишүүнийг пропорциональ буюу хувь тэнцүүлэх тогтолцоогоор 5 жилийн хугацаатай сонгодог бөгөөд парламентад суудал авахын тулд санал өгсөн нийт сонгогчдын 7 хувийн санал авсан байх шаардлага тавигддаг байна. Парламентын сонгуульд 14 нам оролцсоноос 6 нам 7 хувийн босго давж суудал авах болсон тухай БНКирУ-ын Сонгууль болон Бүх нийтийн санал асуулгийг зохион байгуулах Төв Комиссоос мэдээлэв.
Энэ сонгуулиараа Монгол Улсын сонгуулийн туршлагыг хэрэгжүүлж анх удаа сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох үйл ажиллагаанд сүүлийн үеийн техник хэрэгсэл ашиглалаа. Үйл ажиллагааны ерөнхий зарчим нь Монгол Улсынхтай адил боловч сүүлийн үеийн хэлбэр дизайнтай, боловсронгуй техник хэрэгсэл ашиглав. Иргэний шинэчилсэн бүртгэлийн тоног төхөөрөмж, программ хангамжийг Герман улсаас авсан бөгөөд сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг Япон улсын ЖАЙКА байгууллага, санал авах, тоолох машины иж бүрдлийг БНСУ-ын Засгийн газрын тусламжаар санхүүжүүлж ашигласан байна.
Монгол Улсын хэрэгжүүлсэн сонгуулийн шинэчлэл, үйл ажиллагаанаас туршлага авч сонгуулийнхаа үйл ажиллагаанд техник хэрэгсэл ашигласан нь амжилттай боллоо. УИХ-ын 2012 оны болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар БНКирУ-ын Сонгууль болон Бүх нийтийн санал асуулгийг зохион байгуулах Төв Комиссын төлөөлөгчид манай сонгуулийг ажигласан нь их туршлага болсон гэж Киргизийн тал дүгнэсэн юм.
Уг сонгуульд олон улсын ажиглагчаар 60-аад орны 600 гаруй хүн ажиглагчаар ажилласаны дотор Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо 50 гаруй, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага