Дэлхийн 67 орны төлөөлөгчид сонгуулийн асуудлаар чууллаа
Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (ДСБХ)-ны II их хурал болон “Сонгуулийн нэгдмэл байдлыг хангахад сонгуулийн байгууллагын гүйцэтгэх үүрэг ба тулгарч буй асуудлууд” сэдэвт бага хурал Доминикан улсын Санто Доминго хотноо болж өндөрлөв.Хурлын нээлтэд Доминикан улсын Ерөнхийлөгч Данило Медина, Сенатын зөвлөлийн дарга, Үндсэн хуулийн шүүхийн дарга, Сонгуулийн дээд шүүхийн дарга зэрэг албаны хүн оролцсон байна.
Уг арга хэмжээнд дэлхийн 67 орны 200 гаруй төлөөлөгч хүрэлцэн очжээ. Манай улсаас СЕХ-ны төлөөлөгчид оролцсон юм. Шинээр гишүүн болохоор хүсэлт гаргасан найман улсын гишүүнчлэлийн асуудлыг уг их хурлаар хэлэлцэн шийдвэрлэжээ.
Мөн дээрх холбооны дүрэмд өөрчлөлт оруулах, гишүүнчлэлийн жилийн татварын хэмжээ, ДСБХ-ноос цаашид хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар хэлэлцсэн байна.
Сонгуулийн ардчиллын чанар, байгууллагын үүрэг, төсөв, санхүүгийн хараат бус байдлын ач холбогдол, хууль эрх зүй, нам болон хувь хүний хандивын үр нөлөө, санхүүжилтийн ил тод байдал, тооцох хариуцлагын талаар оролцогчид санал бодлоо солилцсон аж.
Мөн сонгуулийн үйл явц дахь технологийн хувьсгал, түүний үр нөлөө, мэдээллийн ил тод байдал, хяналтын менежмент, санал өгөх үйл явц, сонгууль дахь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн эрх, үүрэг, хяналт гэсэн сэдвээр салбар хуралдаан болсон байна.
Хурлын үеэр БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга Лий Ин Бүүк Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны даргын үүрэгт ажлаа Доминикан улсын Сонгуулийн төв хорооны дарга Розарио Маркест шилжүүлэн өгөв.