Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны туршлагыг олон улсын хүртээл болгох санал дэвшүүлэв


Монгол Улс 25 жилийн хугацаанд сонгууль зохион байгуулах талаар асар их мэдлэг, туршлага хуримтлуулжээ.  Энэ бүхэн нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, зохих ёсоор үнэлэгдэж байгааг тэмдэглүүштэй.Тиймээс энэ талаар үзэл баримтлалын баримт бичиг боловсруулж олон улсын хүртээл болгох, олон улсын сонгуулийн байгууллагын төлөөллийг хүлээн авч туршлагаасаа хуваалцах нь чухал байна.    Ийм санал, хүсэлтээ Ардчилал, сонгуулийг дэмжих Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Ив Летерми Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй өнөөдөр уулзах үеэр дэвшүүллээ.


Тэрээр Монгол Улсад ийнхүү айлчилж буйн зорилгоо танилцуулахдаа, Монгол Улсад ардчилсан сонгууль болсны 25 жилийн ойн арга хэмжээнд оролцохын сацуу   Монгол Улс тус хүрээлэнгийн даргаар сонгогдсоны хувьд 2016 онд даргалагч орон болж, хурлын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах төдийгүй жилийн Зөвлөлийн ээлжит хуралдааныг эх орондоо зохион байгуулахаар байгаа  билээ.Үүнийг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар ярилцах, түүнчлэн Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн нь өөрийн хамгийн идэвхтэй гишүүний нэг- Монгол Улстай  харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудлаар харилцан санал солилцохоор ирсэн гэлээ.



Монгол Улс бүсийн хэмжээнд ардчилал, сонгуулийг хэлбэрэлтгүй, зүй зохистой хөгжүүлж ирсэнд ноён Ив Летерми баяр хүргээд энэ талаар хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусад улс оронтой хуваалцах нь зүйтэй байна. Амьдралд бодитой хэрэгжиж, шалгагдсан ийм зөв мэдлэг, хэрэгцээ, шаардлага их байна. Үүнийг харгалзан Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн Монгол Улсын туршлагыг бүс нутгийн хэмжээнд нэвтрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэв.



Ноён Ив Летерми өөрийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаар ярихдаа, ардчилал, сонгуулийг дэмжих талаар олон улсын хэлэлцүүлэг зохион байгуулах, гарын авлага бэлтгэх, шилдэг туршлагыг дэлгэрүүлэх,  судалгаа, шинжилгээний ажил явуулах, Үндсэн хуулиар дамжуулан эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа нь олон улсад эерэгээр үнэлэгдэж байгааг дурдаад хүрээлэнгээс болзошгүй эрсдлийг тооцох  болон цахим тоног төхөөрөмж баталгаажуулах аргачлалыг тус тус  боловсруулан хэрэгжүүлж байгаа тухай тэрбээр ярив.



Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн уулзалтын үеэр дэвшүүлсэн түүний санал хүсэлтийг хүлээн авч буйгаа тэмдэглээд туршлагаасаа хуваалцахад бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.



Монгол Улс  25 жилийн хугацаанд бие даасан, хараат бус сонгуулийн байгууллагатай, сонгуулийн эрх зүйн орчин нь олон улсын жишигт хүрсэн, олон улсад үнэлэгдэхүйц туршлагатай болсныг тэмдэглэв.    



Уулзалтын дараа Ардчилал, сонгуулийг дэмжих Олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летерми  санал хураалтын тоног төхөөрөмжийг үзэж сонирхов.



Ардчилал, сонгуулийг дэмжих олон улсын хүрээлэн нь 1995 онд 14 орны санал, санаачилгаар  байгуулагдаж одоогоор 29 орон гишүүнээр элсээд байна.



Тус хүрээлэн нь дэлхий дахинд тогтвортой ардчиллын үйл явцыг хөгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, дэмжлэг үзүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Шведийн Стокгольм хотноо төвтэй олон улсын Засгийн газар хоорондын байгууллага юм.



2016 онд Монгол Улс тус хүрээлэнгийн даргаар сонгогдсон бөгөөд 2016 онд даргалагч орны хувьд хурлын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах төдийгүй жилийн Зөвлөлийн Ээлжит хуралдааныг эх орондоо зохион байгуулахаар  ажиллаж байна.