Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд шинээр томилогдсон элчин сайдуудтай уулзлаа
Өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны удирлагууд Монгол Улсаас гадаад орнуудад суухаар шинээр томилогдсон Элчин сайдуудтай уулзаж ирэх онд болох Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар зөвлөгөө өгч, санал солилцлоо. Түүнчлэн Элчин сайдууд өөрийн томилогдсон улсынхаа онцлог, өмнөх сонгуулийн үеэр гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагааны үеэр учирч байсан асуудлуудын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар саналаа хэлэв.
Гадаад Харилцааны Яамнаас гаргасан судалгаагаар 2015 оны 6 дугаар сарын 01-ны байдлаар гадаад орнуудад байнга оршин сууж буй монгол иргэд 122 мянга гаруй байгаагаас 57 мянган иргэн нь Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн тухай дурдав.
Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй орнуудад байгуулагдах Салбар комиссуудад Та бүхэн ажиллана. Сонгуулийн хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдох гарах журам, заавар батлагдмагц хүргүүлж байх болно. Та бүхэн гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн сонгох эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх учраас хуулиа сайтар судалж, сонгуулийн бэлтгэл ажилдаа эртнээс анхаарч ажиллах нь зүйтэй юм гэж Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга хэлсэн үгэндээ дурдаад шинээр томилогдон ажиллах ажилд нь амжилт хүслээ.