Энэ оны 4 дүгээр сард болсон сонгуулиуд

Казахстан Улсын Ерөнхийлөгчийн сонгууль “Казахстан Улсын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр боллоо. Тус улсын ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч Нурсултан Назарбаев болон  Коммунист ардын намаас Тургун Сыздыков,  нам бус  Абельгазы Кусайынов нар тус тус  нэрээ дэвшүүлжээ.

 

Санал хураалтын дүнгээр Нурсултан Назарбаев 97.7 хувь, бусад нэр дэвшигчид  2.3 хувийн санал авсан байна.

 

2015 оны 2 дугаар сарын 14-нд Казахстан Улсын Ардын ассамблейн Зөвлөл хуралдаж ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах санаачлагыг санал нэгтэй дэмжсэн байна. Ингэхдээ, дэлхий нийтийг хамарсан хүнд сорилтыг амжилттай даван туулах, улс орныхоо хөгжлийн стратегийн чиг баримжааг тууштай баримтлах зэргийг харгалзан үзэж Елбасы Н.А.Назарбаевт  дахин итгэл үзүүлэх, үүний зэрэгцээ 2017 онд тус улсын Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль цаг хугацааны хувьд давхардаж  байгаа зэргийг бодолцож тэдгээрийг  тусад нь явуулах шийдвэр гаргажээ.

 

Мөн сарын 13-15-ны өдрүүдэд Судан Улсын Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болов. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Омар Аль-Башир болон түүнээс гадна 15 нэр дэвшигч бүртгүүлжээ. Парламентын сонгуульд нийт 44 нам нэр дэвшүүлсэн ч ихэнх сөрөг намууд сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Эрх баригч Үндэсний конгресс нам бусад талуудад суудал авах боломж олгох үүднээс 30 хувиас дээш нэр дэвшигч дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэж байв. Тус улсын ерөнхийлөгчийг олонхийн саналаар, харин Үндэсний Хурлын гишүүдийг гурван хувилбараар буюу  зарим гишүүдийг /36 хүртэлх суудлыг/ олон мандаттай тойргоор олонхийн саналаар, нэг мандаттай болон олон мандаттай тойрогт пропорциональ төлөөллөөр сонгодог ажээ. Хуулиар бол парламентад нэрээ дэвшүүлэгчдийн  50 хувь нь эмэгтэй байх ёстой  аж.Тус улсын ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 46.60 хувьтай, 6 сая гаруй сонгогчид бүртгүүлсэн байжээ.  Парламентын сонгуулийн дүнгээр, Суданы Үндэсний конгресс нь 323 суудал авч, Үйлдвэрчний эвлэлийн Ардчилсан нам 25, нам бусчууд 19 зэрэг суудал авсан байна.

 

4 дүгээр сарын 19-ний өдөр Финланд Улсад парламентын сонгууль болов. 200 суудалтай парламентын суудлын төлөөх өрсөлдөөнд ялалтыг 49 суудал авсан Финландын төв нам байгуулжээ. Пропорционал системээр суудал хуваарльдаг парламентын сонгууль 13 тойрогт явагдаж, харин урьдчилсан санал хураалтын үеэр .шуудангийн салбар, номын сан, нисэх буудал, худалдааны төв зэрэг 900 цэг ажиллуулжээ.Сонгуулийн сурталчилгааны хүрээнд Мөнтелерадиокомпаний сайтад депутатад  нэр дэвшигчтэй хийсэн 2 мянга гаруй ярилцлагыг байршуулсан байна. Сонгуулийн ирц 70.1 хувьтай байж, санал хураалтын 16537 хэсэг ажиллуулсан байна.

 

4 дүгээр сарын 25 -нд Того Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болов Ерөнхийлөгч Фор Гнассингбеээс гадна 4 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Мөн сард  Бенин Улсад парламентын сонгууль болж 13 606 сонгуулийн хэсэг ажиллуулсан байна. Улс төрийн 20 нам, эвслээс 1660 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд тэдгээрийн 200 нь эмэгтэй нэр дэвшигч байжээ. Үндэсний хурал дахь 83 суудлаас 32 -г нь Сэргэн мандаж буй Бенин хүч эвсэл авсан байна. Сонгууль олон мандаттай 24 тойрогт явагдаж пропорциональ системээр болжээ. Сонгуулийн явцыг Африкийн холбооны 32 ажиглагч ажигласан байна.


Үүнээс гадна Мальт, Танзани Улсад санал асуулга, Хойд Кипрт Ерөнхийлөгчийн сонгууль болжээ.