Монгол Улсын Сонгуулийн автоматжуулсан системийг сайшааж, бусад оронд сайн туршлага боллоо гэж үзэв.

Дэлхийн Сонгуулийн байгууллагуудын холбооноос гишүүн орнуудын сонгуулийн байгууллагын ажилтнуудад зориулсан Сонгуулийн Мэдээлэл харилцаа холбооны технологийн хэрэглээг сайжруулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах мөн  гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Бүгд найрамдах Солонгос улсын Инчеон хотод 2015 оны 4 дүгээр сарын 19 -өөс 5 дугаар сарын 01 -ний өдрүүдэд сургалт зохион байгууллаа.

Сонгуулийн Ерөнхий Хорооны төлөөлөгчид “Монгол Улсын  сонгуулийн систем” болон  “Монгол улсын Сонгуулийн автоматжуулсан системийн туршлага” сэдвүүдээр  илтгэл, танилцуулга хийж  бусад оролцогч улсуудын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол улсын хэрэгжүүлсэн сонгуулийн автоматжуулсан системийг сайшааж бусад оронд сайн туршлага болсныг тэмдэглэж байлаа.  Уг сургалтын үеэр сонгуулийн мэдээлэл харилцааны технологийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага болон сонгуулийн бүхий л шатанд хэрэглэгддэг мэдээлэл харилцаа холбооны технологийн загварын талаар илтгэл танилцуулгууд хийгдсэн байна.


Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий Хорооны төлөөлөгчид Азийн сонгуулийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн орны хувьд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний ассемблейн нөхөн сонгуулийн үйл ажиллагаанд ажиглагчаар  оролцож нөхөн сонгуулийн урьдчилсан санал хураалт, хэсгийн хороодын үйл ажиллагаа, санал авах болон санал тоолох үйл ажиллагаатай тус тус танилцсан байна.


Дэлхийн сонгуулийн байгууллага нь 140 гаруй орны бие даасан хараат бус сонгуулийн хороодыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.  Дэлхийн улс орнуудын 70 гаруй хувь нь бие даасан, хараат бус сонгуулийн байгууллагатай юм. Монгол улсын Сонгуулийн Ерөнхий Хороо нь дэлхийн сонгуулийн байгууллагын гишүүнээр 2012 онд элссэн бөгөөд 2014 онд Азийн сонгуулийн байгууллагын удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байна.