СЕХ-ны зарим гишүүд тангараг өргөв

Монгол Улсын Их Хурал Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. 4.3, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн  Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Чойнзонгийн Содномцэрэнг, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханг мөн Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнээр Рэнцэнгийн Содхүү нарыг  тус тус томилсон билээ.

 

“Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө” гэж холбогдох хуульд заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хорооны дээрх гишүүдийн тангараг өргөх ёслол  өнөөдөр Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд боллоо.

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд  Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангарагласны дараа Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей тэдэнд хандаж үг хэлэхдээ, өргөсөн тангаргатаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд цаашдынх нь ажилд амжилт хүсэв.

                                   

            Тангараг өргөсөн Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдийн товч намтар

           

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Содномцэрэн нь Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар хөдөлмөрийнхөө гарааг эхэлж дараа нь ХААИС-д багш, тэнхмийн эрхлэгч, декан, ректораар ажиллаж байжээ.

 

Тэрээр 1999 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын гишүүн-ХААҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга, Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байгаад 2009 оноос Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, даргаар тус тус ажиллаж байв.

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон Ц.Болдсайхан нь хуучин ЗХУ-ын Эрхүү хотын  Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэж улмаар Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Найрамдлын районы АДХГЗ-нд ахлах зөвлөх, зохион байгуулагч, Улаанбаатар хотын АДХГЗ-ны Хэрэг эрхлэх Газрын дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг алба хашиж байсан байна.

 

Р.Содхүү нь 1996-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, дараа нь Монголын хөрөнгийн бирж ХК-ны захирал, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, Улсын статистикийн хорооны дэд дарга зэрэг алба хашиж байгаад СЕХ-ны гишүүнээр ийнхүү томилогдов.

 

                                                2015 оны 03 дугаар сарын 4