ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын гишүүдэд сонгуулийн автоматжуулсан системийн үйл ажиллагааг танилцуулав

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, ОХУ-ын Сонгуулийн Төв Комисстой хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Зэвсэг нэгт ахан дүүсээс ардчилал нэг нөхөрлөлд” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулав. Уг үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ОХУ-ын Гадаад явдлын Яам, ОХУ-ын Соёлын Яам, ОХУ-ын Батлан Хамгаалах Яам, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин Сайдын Яам оролцлоо.

ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссийн дарга В.Е.Чуров үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагаа асар баялаг түүхтэй билээ. Манай хоёр орны ард түмэн мянга мянган жилийн хугацаанд нөхөрлөн, хамтран ажиллаж, туршлагаа солилцож ирлээ. Бидний зохион байгуулж буй үзэсгэлэнд 1911 онд Монгол Улс автономит улс болсноо зарласан тэр үеэс эхлэн Халхын голын тулалдаанаас авахуулаад өнөөг хүртэлх үеийн Монгол Улсын түүхийн үзмэрүүд тавигдсанаас гадна манай хоёр орны сонгуулийн автоматжуулсан системийн дэвшилтэт техник, тохнологийг харуулсан үзмэрүүдийг толилуулж байна” хэмээв.


Сонгуулийн Ерөнхий Хорооны төлөөлөгчид үзэсгэлэнд оролцож, 2 дугаар сарын 26-ны өдөр ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссийн гишүүдэд, 2 дугаар сарын 27-ны өдөр ОХУ-ын улс төрийн намын төлөөллүүдэд болон олон нийтэд Монгол Улсын сонгуулийн автоматжуулсан системийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд тэдгээр гишүүд манай орны сонгуулийн үйл ажиллагаа, сонгуулийн автоматжуулалтын талаар сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авлаа.


ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссийн гишүүд Монгол Улс сонгуулийн үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийг богино хугацаанд нэвтрүүлж, 3 удаагийн сонгуулийг амжилттай явуулсан нь ОХУ-д ч туршлага болохуйц ажил болсныг дурдсан юм.


Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн бүтэн сарын хугацаанд зохион байгуулагдана.



Үзэсгэлэнгийн үйл ажиллагааны талаар доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

http://cikrf.ru/news/cec/2015/02/25/03.html

http://cikrf.ru/news/cec/2015/02/26/06.html

http://cikrf.ru/news/cec/2015/02/27/01.html