Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдийг шинээр сонгож, Ч.Содномцэрэнг даргаар улираан томилов

Монгол Улсын Их Хурал Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Чойнзонгийн Содномцэрэнг, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Цэдэн-Ишийн Болдсайханг мөн Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнээр Рэнцэнгийн Содхүү нарыг  тус тус томиллоо.

 

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Содномцэрэн нь Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар хөдөлмөрийнхөө гарааг эхэлж дараа нь ХААИС-д багш, тэнхмийн эрхлэгч, декан, ректораар ажиллаж байжээ.

 

Тэрээр 1999 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХААҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга, Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байгаад 2009 оноос Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, даргаар тус тус ажиллаж байна.

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон Ц.Болдсайхан нь хуучин ЗХУ-ын Эрхүү хотын  Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр дүүргэж улмаар Хэнтий аймаг, Улаанбаатар хотын Найрамдлын район, Улаанбаатар хотын АДХГЗ-нд, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг алба хашиж байсан байна.

 

Р.Содхүү нь 1996-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, дараа нь Монголын хөрөнгийн бирж ХК-ны захирал, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, Улсын статистикийн хорооны дэд дарга зэрэг алба хашиж байгаад СЕХ-ны гишүүнээр ийнхүү томилогдов.