2015 оныг сонгуулийн бэлтгэл ажлын жил болгох зорилтыг дэвшүүлэв
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2015 оныг сонгуулийн бэлтгэл ажлын жил болгон энэ хүрээнд сонгуулийн бэлтгэл ажлыг сайтар хангах зорилтыг дэвшүүллээ.
Мөн Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Улсын Их Хурлын ажлын хэсэгт нэгтгэж өгсөн саналын талаар ярилцав.
Сонгуулийн Ерөнхий Хороо Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулахад анхаарвал зохих 60 гаруй санал, 100 гаруй саналын томъёолол зэргийг хүргүүлсэн байна.
Сонгуулийн Ерөнхий Хороо дээрх санал болон Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах Улсын Их Хурлын ажлын хэсгээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналыг үндэслэн хуульчилсан саналын томъёолол боловсруулсан билээ. Энэхүү хуульчилсан саналын томъёолол нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, Улсын Их Хурлын сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан 16 бүлэг, 94 зүйлээс бүрдэж байна.