Швейцарийн холбооны улсын санал асуулга

Швейцарь улсад 2014 онд 4 удаагийн санал асуулга явуулахаар тогтоосон бөгөөд 3 дахь удаагийн санал асуулга нь 9 дүгээр сарын 28-ны өдөр явагдлаа.

Бүх нийтийн санал асуулгыг нийт иргэдийн дунд болон кантоны хэмжээнд явуулдаг бөгөөд Холбооны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Үндсэн хуульд заагаагүй асуудлаар онцгой эрхийн акт батлах, аливаа нэгэн эвсэл, нийгэмлэгт элсэх, нийгэмд тулгамдсан бүхий л асуудлаар явуулдаг.

           

Санал асуулгын тухай:

 

Энэ удаагийн санал асуулгаар ресторануудыг “ялгаварлаж үзэхийг” эцэслэх тухай асуулга явагдав. Швейцарийн ресторанд хооллосныхоо төлөө үйлчлүүлэгч  захиалгын төлбөр дээр 8 хувийн НӨАТ төлдөг бол яг тийм хоолыг энгийн хоолны газарт зооглоод, төлбөрөө төлөхдөө 2,5 хувийн НӨАТ төлдөг байна. Тиймээс энэхүү асуулгыг санаачлагчдын үзэж буйгаар ямарваа нэгэн хоолны газарт орж үйлчлүүлснийхээ төлөө үйлчлүүлэгч ижил хэмжээний буюу 2,5 хувийн НӨАТ төлдөг байх ёстой. Тиймээс ийнхүү ялгавартай тогтоосон татварыг жигдлэх нь шударга өрсөлдөөний зарчимд нийцнэ, НӨАТ бага болсон тохиолдолд илүү хямд үнийг хэрэглэгчдэд санал болгож, гадаадын жуулчдыг татах нэгэн хөшүүрэг болно гэж үзжээ. Харин үүнийг эсэргүүцэгчид, хэрвээ НӨАТ-ыг багасгавал жилд улсын төсөвт ордог татварын орлого 750 сая франкаар буурна гэж мэдэгдэж байлаа.


Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөл (Парламентийн их танхим) энэ асуулгыг санаачлагчдад асуулгыг хойшлуулахыг санал болгож санал хураахад 99 төлөөлөгч уг асуулгын эсрэг, 82 нь асуулгыг явуулахыг дэмжиж, харин 14 нь түдгэлзжээ. Кантонуудын Зөвлөл буюу Парламентийн Бага танхимын төлөөлөгчдийн 22 нь татгалзаж, 13 нь дэмжиж, 7 нь түдгэлзсэн байна.


Санал асуулгын дараагийн асуулга нь эрүүл мэндийн даатгалын нэгдсэн системтэй болох асуудал байлаа. Одоогийн байдлаар Швейцарь улсад эрүүл мэндийн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 61 компани байдаг бөгөөд хүн бүр эдгээр компанийн аль нэгэнтэй анхан шатны эрүүл мэндийн даатгалын гэрээ заавал байгуулах ёстой байдаг юм байна. Эдгээр даатгалын компаниуд залуу, эрүүл иргэдтэй гэрээ байгуулах сонирхол нь давамгайлж, үйлчлүүлэгчдээ татахын тулд асар их хэмжээний сурталчилгаа явуулж, үүнээс болж үе үе үйлчилгээний үнэ хөлсөө нэмэх хандлага ажиглагдаж байгаа нь иргэдэд тааламжгүй байгааг асуулгыг санаачлагчид тэмдэглэсэн байна. Хэрэв даатгалын нэгдсэн системд шилжвэл эдгээр өрсөлдөөн, зардал эрс багасч иргэдэд эерэгээр нөлөөлнө гэж үзжээ. Харин уг асуулгыг эсэргүүцэгчид, одоогийн өрсөлдөөнт зах зээлийг илүүд үзэж, иргэн бүр үйлчлүүлэх компаниа өөрөө сонгох өргөн боломжтой, хэрвээ даатгалын нэгдсэн системд шилжвэл үйлчилгээний чанар буурч, иргэдэд хүрэх үйлчилгээ цалгардах аюултай, бусад орны жишээ ч үүнийг харуулж байна хэмээв. Ингээд мөн л Парламентийн Их, Бага танхимд энэхүү асуулгыг дэмжсэнгүй.

 

Санал асуулгын үр дүн:

 

Швейцарийн иргэд сонгогчид энэ онд 3 дахь удаагаа улс орны хэмжээний асуудлаар санал асуулгад оролцов.


Асуулгын агуулга нь одоогийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог даатгалын нэгдсэн тогтолцоогоор солих эсэх, ресторан болон түргэн хоолны газруудын үйлчилгээний үнийн НӨАТ-ын хэмжээг ижил болгох эсэх байв.


Эрүүл мэндийн даатгалын нэгдсэн тогтолцоотой болох эсэх – саналаа өгсөн иргэдийн 61,9 хувь нь эсэргүүцэж, 38,1 хувь нь дэмжсэн. 19 кантон эсэргүүцэж, 4 кантон дэмжсэнээр уг асуудал дэмжигдсэнгүй.


Нийтийн хоолны газруудын НӨАТ-ын хэмжээг ижилтгэх эсэх - 71,5 хувь нь эсэргүүцэж, 28,5 хувь нь дэмжсэн. Бүх кантон эсэргүүцсэн байна.


Санал асуулгад оролцогсдын олонх эдгээр асуудлыг дэмжсэнгүй, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй тогтолцоогоо цаашид хадгалахыг илүүд үзжээ.

 

Эх сурвалж: http://business-swiss.ch  / http://business-swiss.ch/2014/09/okonchatel-ny-e-rezul-taty-obshheshvejtsarskogo-referenduma-28-09-2014/