Америкийн нэгдсэн улсын Конгрессын төлөөлөгчдийн танхимын сонгууль

АНУ-ын Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын сонгууль 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр явагдав. Энэ өдөр Төлөөлөгчдийн танхимын 435 суудлын төлөө өрсөлдөөн болохоос гадна Сенатын гуравны нэгийг ротациар сонгох, 46 мужийн хууль тогтоох байгууллагын тэргүүнүүд, 36 хотын дарга нарыг сонгох сонгууль болж байна.

 

Холбооны улсын засаглалын хууль тогтоох байгууллага болох Конгресс нь Сенат болон Төлөөлөгчдийн танхимаас бүрдэнэ. Сенатад тухайн мужийн хүн амын тооноос үл хамааран муж тус бүрээс 2, нийтдээ 100 сенатч байдаг. Сенатчдын гуравны нэг нь 2 жил тутамд сонгогддог бөгөөд сенатчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байдаг.  

 

Төлөөлөгчдийн танхим нь 435 гишүүнтэй бөгөөд 2 жил тутамд 2 жилийн хугацаатай сонгогдоно, ингэхдээ хэдэн ч удаа сонгогдож болдог. Муж улс бүр “конгрессын тойрог” болж хуваагддаг бөгөөд мужаас сонгогдох төлөөлөгчдийн тоо тухайн мужын хүн амын тооноос хамаарна. Конгрессийн хоёр танхим хоёулаа хууль санаачлан танилцуулах эрхтэй ч Төлөөлөгчдийн танхим тус улсын хуулийг батлах үндсэн үүргийг, Сенат нь тэдгээрт хяналт тавих болон сайд нар, төрийн захиргааны ихэнх байгууллагуудын удирдлагыг томилох, гадаад улсад суух Элчин сайдуудыг томилох, Дээд шүүхийн гишүүдийг томилох зэрэг боловсон хүчний асуудлаа бүрэн хариуцдаг.  

 

Доод танхимаас баталсан хуулийг Дээд танхим мөн хуулийг батлах эсэх талаар санал хураадаг. Зөвхөн хоёр танхим хоёулаа тухайн хуулийг баталсан тохиолдолд хууль хүчин төгөлдөр болдог тул хоёр танхим хоорондоо харилцан буулт хийж тохиролцоонд хүрэх явдал зайлшгүй гардаг байна.

 

Одоогийн байдлаар, Сенатын 45 суудал Ардчилсан намд, 53 нь Бүгд найрамдахчуудад, хоёр суудал бие даагчдад ногдож байна. Энэ нь бүгд найрамдахчуудын хувьд 2006 оны сонгуулиас хойш Сенатад байгуулж буй анхны том ялалт нь юм. Сонгуулийн өмнө энэ тоо эсрэгээрээ, ардчилагчдад 55 суудал, бүгд найрамдахчуудад 45 суудал ногдож байжээ.

 

Сонгуулийн албан ёсны дүн гарах болоогүй байгаа хэдий ч Бүгд найрамдахчууд АНУ-ын Конгрессийн дунд хугацааны энэ удаагийн сонгуульд сонгуульд томоохон ялалтаа байгуулж байгааг дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна.

 

Эх сурвалж: http://edition.cnn.com/election/2014/results/main, http://itar-tass.com