Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам

Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралт

 

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ҮР ДҮН, МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЖ ДҮГНЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргын албан тушаалд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч-менежер (цаашид “Менежер” гэх) төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ (цаашид “Гэрээ” гэх) байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэхэд энэхүү журмыг баримтална.

 

1.2. Энэхүү журмын зорилго нь Монгол  Улсын төрийн албаны хэмжээнд менежер төрийн жинхэнэ албан хаагчтай энэ журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхэд  нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлэх, гэрээнд тусгагдсан  ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх үндсэн дээр  байгууллагын болон тухайн нэгжийн үйл ажиллагааны зорилго,  зорилтуудыг хангахад чиглүүлэн, төрийн жинхэнэ албан хаагч үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд оршино.

 

1.3. Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог  дор дурдсан утгаар  ойлгоно:

1.3.1."Хөтөлбөр" гэж Төсвийн тухай хууль (цаашид "ТТХ" гэж товчлох)-д тодорхойлсон төсөв хуваарилах зорилгоор үр дүнг нь тооцож, тайлагнаж болохуйц өөр хоорондоо уялдаа бүхий төрийн чиг үүргийг хангахад чиглэсэн багц арга хэмжээг;

1.3.2."Арга хэмжээ" гэж ТТХ-д тодорхойлсон тухайн хөтөлбөрийн бүрэлдэхүүнд багтах, тоо хэмжээ, цаг хугацаа, чанарын шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох гарц буюу ажил, үйлчилгээг;

1.3.3."Ажил, үйлчилгээ" гэж төрийн жинхэнэ албан хаагчийн хэрэгжүүлэх тоо, чанар, хугацаа   зэрэг гэрээнд тусгагдсан шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдох гарцыг;

Ажил, үйлчилгээ нь нийт ажил, үйлчилгээ, тусгай ажил, үйлчилгээ, дотоод ажил, үйлчилгээ, нэмэлт ажил, үйлчилгээнээс бүрдэнэ.

            - “нийт ажил, үйлчилгээ” гэж байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэгдсэн, тусгай ажил, үйлчилгээнээс бусад ажил, үйлчилгээг,

            - “тусгай ажил, үйлчилгээ” гэжхууль тогтоомж, төр, засгийн удирдах дээд байгууллагын бусад шийдвэрээр үүрэг болгосон ажил, үйлчилгээ болон тухайн салбарын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэх зэрэг  тулгамдсан асуудлаар менежер нийтлэг ажил, үйлчилгээнээс  илүү ач холбогдол өгч, үр дүнг тусгайлан дүгнэхээр сонгож даалгасан, байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэгдсэн ажил, үйлчилгээг,

            - ”дотоод ажил, үйлчилгээ” гэж байгууллага дотроо  үзүүлж байгаа ажил, үйлчилгээг;

            - ”нэмэлт ажил, үйлчилгээ” гэж гэрээ байгуулагдсанаас хойш  тухайн жилийн явцад нэмж хэрэгжүүлэхээр талуудын харилцан тохиролцсон ажил, үйлчилгээг;

1.3.4.“Мэдлэг чадвар” гэж байгууллагын зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд тухайн төрийн жинхэнэ албан хаагчаас зайлшгүй шаардагдах  мэдлэг, ур чадвар, хандлага, зан үйлийг.


бүрэн эхээр татаж авах бол  энд дарж уу