Албан ёсоор хүлээлгэн өгөв.

    
Гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэд  Монгол Улсын түүхэнд анх удаа Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдэлж энэ сарын 10-ний өдөр УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн төлөө  саналаа урьдчилан өгсөн билээ.Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газартай 39 улсад  мөн тооны сонгуулийн салбар комисс байгуулагдаж санал авах ажлыг зохион байгууллаа.  Сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн 4 мянга 321 нь сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлснээс  2779 нь буюу 65 хувь нь ийнхүү саналаа өгсөн байна.
Өнөөдөр 11 цагт  Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий хамтарсан комиссын төлөөлөл байлцаж 39  салбар комиссоос ирүүлсэн саналын хуудас бүхий дипломат шууданг нээж тээвэрлэх явцад тамга, тэмдэг нь гэмтсэн эсэхийг  нягтлан үзсэн байна. Ийнхүү тэдгээрийг бүрэн бүтэн болохыг нотолж баримтжуулсны дараа  саналын хуудас бүхий 88  битүүмжилсэн уутыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор хүлээлгэн өгөв.
Энэ үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг хэрхэн зохион байгуулсан талаарх нэгдсэн илтгэл хуудсаа дайруй ирүүлэхийг тэднээс хүслээ.
Гадаадад ажиллаж, амьдарч байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн саналын хуудсыг 2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр  тоолж дүнг гаргана гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.