Гадаад улсад байгаа сонгуулийн насны иргэд сонгуульд оролцох боломжтой боллоо
- Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцохоо мэдэгдэж бүртгүүлэн өөрийн биеэр ирж оролцох;
- Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөө саналаа өгөх;
- Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авч, битүүмжлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.
Мөн түүнчлэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт “Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ.” гэж заажээ.
Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор гадаад улсад байгаа Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулахад шаардлагатай судалгаа гаргах, гадаад орны туршлага судлах, холбогдох журмын төсөл боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий тус Хорооны гишүүн П.Бямбацэрэн, Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Баярсайхан нараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Уг Ажлын хэсэгт хуульд заасан журмын төслийг боловсруулж 2012 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулахыг даалгажээ. Тогтоолтой Энд дарж танилцана уу.