Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн илтгэл

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

АНХАН ШАТНЫ СОНГУУЛИЙН ДҮНГИЙН ТУХАЙ

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ДАРГА

Ч.СОДНОМЦЭРЭНГИЙН ИЛТГЭЛ

 

 

            Улсын Их Хурлын дарга, гишүүд ээ!

 

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийг зохион байгуулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг аймаг, нийслэлийн хэмжээнд 6 дугаар сарын 25, 26-нд, гадаад улсад 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж явууллаа. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 66.50 хувь нь буюу 1.239.784 сонгогч саналаа өглөө.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо зохион байгуулж, тэдгээрт 15863төрийн жинхэнэ болон үйлчилгээний  албан хаагч ажиллалаа.

Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд Мэдээллийн технологийн 31 баг, 2271 мэдээллийн технологийн даамал, 2501 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллав. Мөн цагдаагийн  2673 алба хаагч болон тагнуулын байгууллагын ажилтнууд сонгуулийн үеийн аюулгүй байдлыг ханган ажилласан болно.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн үүргийн дагуу зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, УИХ-ын 2012 оны 69 дүгээр тогтоолд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг анх удаа автоматжуулсан системээр зохион байгуулж явууллаа.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, тус Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн хамтарсан Ажлын хэсэг 2500 ширхэг санал тоолох төхөөрөмж, 3754 бүртгэлийн техник хэрэгсэлийг шалган туршиж, баталгаажуулсан болно.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хуваарь гарган баталж, сонгуулийн хороодын нэгдсэн семинарыг нийслэл, дүүрэг, аймаг, сумдад зохион байгуулж ажиллалаа.

Сонгуулийн хороод анхан шатны сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангах, сонгуулийн хууль тогтоомж сурталчлан таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлж, энэ ажилд холбогдох байгууллага, албан тушаалтны дэмжлэг туслалцааг авч, хэвлэл, мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглалаа. Хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгслээр сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж, саналаа хэрхэн өгөхийг тайлбарлаж зар сурталчилгааг байнга явуулж, сонгуулийн хуулийн талаар цуврал нэвтрүүлэг хийж, сонгогчийг сонгуульдаа оролцохыг урьсан урилгыг нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдод хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Улсын Их Хуралд суудал бүхий Ардчилсан Нам - Цахиагийн Элбэгдоржийг, Монгол Ардын Нам - Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг, Монгол Ардын Хувьсгалт Нам - Нацагийн Удвалыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэн Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлснээр нэр дэвшигчид Мөрийн хөтөлбөрөө тайлбарлан таниулж, намууд нэр дэвшигчийнхээ сурталчилгааг хуулийн хугацаанд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглан харж байлаа. Энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг бүртгүүлэн эрхээ авч ажиллалаа. Тухайлбал, АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 36 улс орноос болон Олон улсын байгууллагаас 400 гаруй ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авч ажилласанаас гадна сонгуульд оролцож буй улс төрийн намуудаас томилогдсон 20 гаруй мянган ажиглагчид санал авах байруудад ажиллалаа.

Гадаадын 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид, дотоодын 66 хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй сурвалжлагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг сурвалжилж мэдээлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгууль нь анх удаа автоматуулсан системээр зохион байгуулагдсан, гадаадад байгаа сонгогчдынхоо саналыг авсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ сонгох эрхийг хангахад илүү анхаарсан, саналын хуудас нь өндөр нууцлалтай, өнгөт зурагтай, бар код, брайль үсэг бүхий хавтастай зэрэг олон шинэчлэлийг хэрэгжүүлсэн онцлог сонгууль боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод болон хэсгийн хороод эрх, үүргийнхээ хүрээнд хуулийн дагуу сайн зохион байгуулсан гэж Сонгуулийн Ерөнхий Хороо үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн бэлтгэлийг хангахад Улсын Их Хурал, Засгийн Газар, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар, Гадаад харилцааны яам, Монголын үндэсний радио, телевиз, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, үүрэн телефоны компаниуд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компани, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 303 дугаар анги болон Засгийн газрын автобааз, Засгийн газрын XI байрны захиргаа, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, Монголын залуучуудын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд идэвхтэй дэмжиж сонгуулийн хороодын ажилд туслалцаа үзүүлснийг зориуд талархан тэмдэглэж байна.

            Монгол Улсын Их Хурлын дарга, гишүүд ээ!

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнг нэгтгэхэд Ардчилсан Намаас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж 622794 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 50.23 хувийн, Монгол Ардын Намаас нэр дэвшсэн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 520380 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 41.97 хувийн, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшсэн Нацагийн Удвал 80563 сонгогчийн буюу сонгуульд оролцсон нийт сонгогчийн 6.50 хувийн санал авсан дүн гарч байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны анхан шатны сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж Сонгуулийн Ерөнхий Хороо үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.4.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн (зургаан зуун хорин хоёр мянга долоон зуун ерэн дөрөв) буюу 50.23 хувийн санал авч Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ардчилсан Намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.