ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

 

/Энэ хуулийг 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ


2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдөрУлаанбаатар хот

ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль /цаашид “орон нутгийн Хурлын сонгууль” гэх/-ийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Хууль тогтоомж

2.1.Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“нутгийн өөрөө удирдах байгууллага” гэж аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт тэдгээрийн Тэргүүлэгчдийг;

3.1.2.“сонгогч” гэж тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суугч буюу Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25.1-д заасны дагуу оршин сууж байгаа засаг захиргааны нэгждээ 180 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа бөгөөд тийнхүү оршин суух бүртгэлтэй Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэнийг;

3.1.3.“сонгуулийн эрх бүхий иргэн” гэж арван найман насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэнийг;

3.1.4.“арван найман насанд хүрсэн” гэж тухайн иргэний төрсөн он, сар өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө уг насанд хүрсэн байхыг;

3.1.5.“сонгуулийн сурталчилгаа зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа этгээд” гэж нэр дэвшигч, нам, эвсэл, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч болон бие даан нэр дэвшигчийн шадар туслагчийг.

4 дүгээр зүйл.Сонгуулийн үндсэн зарчим

4.1.Орон нутгийн Хурлын төлөөлөгчдийг Монгол Улсын иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.

4.2.Орон нутгийн Хурлын сонгуульд тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт байнга оршин суугч Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаваргүйгээр саналаа өгч оролцох эрхтэй.

4.3.Тухайн аймаг, нийслэл, суманд байнга оршин суугч, сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн орон нутгийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.

4.4.Тухайн дүүрэгт байнга оршин суугч, эсхүл уг дүүргийн нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгжид ажил, хөдөлмөр эрхлэгч иргэн дүүргийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй.

4.5.Сонгууль шууд байх бөгөөд түүнд сонгогч ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож, саналаа өөрөө өгнө.

4.6.Сонгогч саналаа нууцаар өгөх бөгөөд ийнхүү саналаа өгөх боломжоор хангагдсан байна.

4.7.Сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно.

4.8.Байнга оршин сууж байгаа газраасаа өөр газар шилжин суралцаж байгаа оюутан, түүнчлэн цэргийн алба хаагч түр оршин суугаа газрынхаа орон нутгийн Хурлын сонгуульд оролцож санал өгөх эрхтэй.

4.9.Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон, эсхүл хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгох, сонгогдох эрх эдлэхгүй.

4.10.”Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон” гэж Монгол Улсын Иргэний хуулийн 18.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхээс иргэнийг эрх зүйн чадамжгүй гэж тооцсоныг ойлгоно.

4.11.“Хорих газар ял эдэлж байгаа” гэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хорих ял эдэлж байгаа иргэнийг ойлгох бөгөөд үүнд хорих ял эдлэхээс зайлсхийж яваа, хорих байгууллагаас түр чөлөөгөөр гарсан иргэнийг нэгэн адил хамааруулна.

5 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын төлөөлөгчдийн тоо

5.1.Аймгийн Хурлын төлөөлөгчийг 1-3 мандаттай тойргоос, сум, нийслэл, дүүргийн Хурлын төлөөлөгчийг 3-4 мандаттай томсгосон тойргоос тус тус сонгоно.

5.2.Энэ хуулийн 5.1-д зааснаар аймгийн Хуралд хоёр, түүнээс дээш төлөөлөгч сонгох суманд олон мандаттай томсгосон тойрог байгуулна.

5.3.Сум бүрт энэ хуулийн 5.1-д заасан аймгийн Хурлын төлөөлөгчийг сонгох тойрог байна.

5.4.Орон нутгийн Хурлын төлөөлөгчдийн тоог Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтооно.

/Дээрх 5 дугаар зүйлийг 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

6 дугаар зүйл.Тойрог, хэсэг байгуулах

6.1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийг үндэслэн тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс таваас доошгүй сарын өмнө байгуулж, мандатыг хуваарилж, тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ. /Энэ хэсэгт 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

6.2.Дор дурдсан тохиолдолд тухайн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн 6.1-д заасан хугацаанаас өмнө тойрог өөрчлөх саналыг тухайн шатны Хуралд оруулна:

6.2.1.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь өөрчлөгдсөн нь тойргийн зохион байгуулалтад нөлөөлөхөөр байвал;

6.2.2.тойрог байгуулсан хугацаанаас хойш, эсхүл өмнөх ээлжит сонгуулиас хойшхи хугацаанд тухайн тойргийн хүн амын тоо нь 20-иос дээш хувиар өөрчлөгдсөн бол.

6.3.Тухайн шатны Хурал нь энэ хуулийн 6.2-т заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.

6.4.Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдэд мэдээлнэ.

7 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрх

7.1.Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн нам буюу намуудын эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/ орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй.

7.2.Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт байнга оршин суугч, сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн орон нутгийн Хурлын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй.

8 дугаар зүйл.Сонгууль зарлах

8.1.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.

8.2.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ням гариг байна. /Энэ хэсгийн “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ням гариг байна.” гэсэн заалтыг 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно. /

8.2.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ням гариг буюу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр байх бөгөөд энэхүү заалтыг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /Энэ хэсгийг 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. /

8.3.Улсын нийт нутаг дэвсгэрт, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг хамарсан байгалийн гамшиг, гоц халдварт өвчин, гэнэтийн бусад аюул тохиолдсон, эсхүл дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэнээс энэ хуулийн 8.2-т заасан өдөр орон нутгийн Хурлын ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал уг онцгой нөхцөл арилснаас хойш 30 хоногийн дотор сонгууль товлон зарлаж, санал авах өдрийг тогтоож, тогтоол гаргана.

8.4.Орон нутгийн Хурал өөрөө тарах шийдвэр гаргасан бол аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийг Улсын Их Хурал, сум, дүүргийн Хурлын сонгуулийг аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид тус тус 30 хоногийн дотор товлон зарлана.

9 дүгээр зүйл.Сонгууль бэлтгэн явуулах ажлын ил тод байдал

9.1.Орон нутгийн Хурлын сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байх бөгөөд энэ нь сонгогчдын саналыг нууцаар авахад хамаарахгүй.

9.2.Сонгууль зохион байгуулж явуулах, түүний бэлтгэлийг хангахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос нийтээр дагаж мөрдүүлэхээр хуульд нийцүүлэн батлан гаргасан шийдвэрийг сонгогчдод мэдээлнэ.

9.3.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага сонгуулийн үйл ажиллагааны талаар үнэн зөв, бодитой мэдээлэл түгээх үүрэгтэй.

9.4.Энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтныг 150000-200000 төгрөгөөр, 9.3-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 600000-800000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр торгоно.

10 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

10.1.Орон нутгийн Хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, түүнийг зохион байгуулж явуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

10.1.1.сонгуулийн тухай хууль тогтоомж, түүнийг сурталчилсан материал хэвлэх, тамга, тэмдэг, лац, тусгай тэмдэг тавих хэрэгсэл, саналын хайрцаг хийх болон тэдгээрийг тээвэрлэх, хүргэх зардал;

10.1.2.сонгууль бэлтгэх, зохион байгуулж явуулахтай холбогдуулан сонгуулийн хууль тогтоомжид нийцүүлэн Сонгуулийн ерөнхий хорооноос нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, заавар, гарын авлагыг хэвлэх, тэдгээрийг аймаг, нийслэл, сум, дүүрэгт хүргэх зардал;

10.1.3.аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодын гишүүдийн сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;

10.1.4.онцгой нөхцөл байдал үүссэн үед гарч болзошгүй зардал;

10.1.5.нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний зарцуулалтыг хянахад гарах зардал;

10.1.6.орон нутгийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдон гарах бусад зардал.

10.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал нь орон нутгийн Хурлын сонгуулийн ажилд шаардагдах дор дурдсан зардлыг сонгууль явагдах жилийн орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ:

10.2.1.сонгогч, нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн ажил эрхэлсэн ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч, түүнчлэн сонгуулийн хорооны гишүүний болон ажиглагчийн үнэмлэх, саналын хуудас, бие даан нэр дэвшигчийг дэмжигчдийн гарын үсэг зуруулах маягт, сонгогчдын нэрийн жагсаалт, сонгуулийн дүн мэдээний маягт, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодын албан бичгийн хэвлэмэл хуудас хэвлэх, тээвэрлэх, хүргэх зардал;

10.2.2.аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн болон хэсгийн хороодын ажиллах болон санал авах байрыг тохижуулах зардал;

10.2.3.сонгуулийн тухай хууль тогтоомж, түүнчлэн тухайн шатны Хурал болон сонгуулийн холбогдох хорооноос сонгууль бэлтгэн явуулахтай холбогдуулан гаргасан шийдвэр, заавар, гарын авлагыг хэвлэх, тэдгээрийг харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод хүргэх, сурталчлах, тайлбарлан таниулах, сонгогчдыг бусад мэдээллээр хангах арга хэмжээний зардал;

10.2.4.дахин санал авах, дахин сонгууль явуулах, нөхөн сонгууль явуулах зардал;

10.2.5.нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний зарцуулалтыг хянахад гарах зардал;

10.2.6.аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодын гишүүдийн тус хороонд ажилласан хугацааны мөнгөн урамшууллын зардал;

10.2.7.аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо болон хэсгийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;

10.2.8.тухайн шатны Хурлаас тогтоосон бусад зардал.

10.3.Энэ хуулийн 10.2-т заасан зардлын хэмжээг тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө тогтооно.

10.4.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 10.2.1-д заасан үнэмлэх, маягт, саналын хуудас, албан бичгийн хэвлэмэл хуудасны загварыг батлах ба мөн хуулийн 10.1.1, 10.1.2-т заасан хууль тогтоомж, дүрэм, журам, гарын авлага, материал, тамга, тэмдэг, лац, тусгай тэмдэг тавих хэрэгсэл, саналын хайрцгийг нэгдсэн загвараар хийлгэж аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгуулна.

10.5.Аймаг, нийслэлийн Хурал нутаг дэвсгэрийнх нь хэмжээнд байгуулагдсан тойргуудын мэдээллийг нэгтгэсэн дүн, түүнчлэн энэ хуулийн 10.1-д заасны дагуу улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын тооцоог гаргаж Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

10.6.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 10.5-д заасан мэдээлэл, тооцоог нэгтгэж улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын талаархи санал боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бөгөөд Улсын Их Хурал уг саналыг хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэж, аймаг, нийслэл тус бүрт ногдох зардлыг тусгасан шийдвэр гаргана.

10.7.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хэсгийн сонгуулийн хороодын ажиллах, санал авах байрыг төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

10.8.Аймаг, нийслэл, сум, дүүрэг, хэсгийн сонгуулийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

10.9.Энэ хуулийн 10.7-д заасныг зөрчсөн хуулийн этгээдийг 500000-700000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр, 10.8-д заасныг зөрчсөн Засаг даргыг 150000-250000 төгрөгөөр торгоно.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Сонгууль эрхлэн явуулах байгууллага, түүний зохион байгуулалт, бүрэн эрх

11 дүгээр зүйл.Сонгуулийн байгууллагын тогтолцоо

11.1.Сонгуулийн байгууллагын тогтолцоо нь сонгуулийн төв, орон нутгийн байгууллагаас бүрдэнэ.

11.2.Сонгуулийн төв байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо, орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, хэсгийн сонгуулийн хороо байна.

11.3.Орон нутгийн сонгуулийн байгууллагууд сонгууль бэлтгэн явуулахад нь Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн төв байгууллагын тухай[6] хуулийн 7.5-д заасны дагуу мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.

11.4.Орон нутгийн Хурлын сонгууль бэлтгэн явуулах ажлыг зохион байгуулах, санал хураалтын дүнг нэгтгэн гаргах үүрэг бүхий сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр дор дурдсан журмаар байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ:

11.4.1.аймаг, нийслэлийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 28-аас доошгүй хоногийн өмнө тухайн аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид;

11.4.2.сум, дүүргийн сонгуулийн хороог санал авах өдрөөс 26-аас доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид;

11.4.3.хэсгийн хороог санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө тухайн сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид.

11.5.Сонгуулийн хороодын бүрэлдэхүүний тоог хүн амын тоо, ажлын хэмжээг харгалзан тухайн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.

11.6.Сонгуулийн хороодын гишүүд нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан ёс зүйн дүрмийг сахин мөрдөнө.

11.7.Энэ хуулийн 11.4.1-11.4.3-т заасан сонгуулийн хороод /цаашид “сонгуулийн хороод” гэх/ нь байгуулагдсан өдрөөс эхлэн тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид тэдгээрийн үйл ажиллагааг дуусгавар болгох хүртэлх хугацаанд өөрсдийн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

11.8.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нь нэг намын гишүүн байхыг, гишүүдийнх нь бүрэлдэхүүнд аль нэг нам, эвслийн төлөөлөл давамгайлахыг тус тус хориглоно.

11.9.Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргыг оролцуулахыг хориглоно.

11.10.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нь тухайн орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигч байхыг хориглоно.

11.11.Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүн аль нэг нэр дэвшигч, нам, эвслийн талаар сурталчилгаа явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг будлиантуулах, ийм зорилгоор сонгогчоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд, түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг аливаа хууль бус үйл ажиллагаа үйлдэх, зохион байгуулахыг хориглоно.

11.12.Сонгуулийн хороодоос сонгуулийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавьж шалгахад төрийн албан хаагч, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.

11.13.Энэ хуулийн 11.11-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг 200000-250000 төгрөгөөр торгож, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс гаргана.

12 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэн эрх

12.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах;

12.1.2.сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, нийтээр сахин биелүүлэх нөхцөлийг хангах;

12.1.3.харьяалах доод шатны сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах;

12.1.4.сонгууль бэлтгэн явуулах асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх төрийн зохих шатны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

12.1.5.аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэх;

12.1.6.аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох;

12.1.7.сонгуулийн ажилд зориулан улсын болон орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах доод шатны сонгуулийн хороодод хуваарилах, зарцуулалтад хяналт тавих;

12.1.8.сонгууль бэлтгэн явуулах асуудлаар харьяалах доод шатны сонгуулийн хороодын болон тухайн нутаг дэвсгэрийн зохих шатны төрийн байгууллагын удирдлагын мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

12.1.9.харьяалах доод шатны сонгуулийн хороодын шийдвэрийг давж заалдсан болон сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргаан бүхий өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;

12.1.10.Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн энэ хуулийн 10.1.1-д заасан материал, тамга, тэмдэг, лац, саналын хайрцаг зэргийг сум, дүүргийн сонгуулийн хороодод хуваарилах, тооцоолох;

12.1.11.энэ хуулийн 10.2.1-д заасан үнэмлэх, маягт, саналын хуудас, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэвлүүлэх, сум, дүүргийн сонгуулийн хороодод хуваарилах, тооцоолох;

12.1.12.аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах;

12.1.13.харьяалах нутаг дэвсгэрт нь явагдсан орон нутгийн Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгчдийг бүртгэж, тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулж тухайн аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх;

12.1.14.дахин санал авах, дахин сонгууль явуулах, нөхөн сонгууль явуулах ажлыг зохион байгуулах;

12.1.15.сонгуулийн ажилтай холбогдолтой баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцлэн тухайн аймаг, нийслэлийн Хурлын архивт хүлээлгэн өгч, сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх;

12.1.16.орон нутгийн Хурлын сонгууль бэлтгэн явуулахтай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэр, мэргэжил, арга зүйн зөвлөлгөө, зааварчилгаа, үүргийг биелүүлэх;

12.1.17.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

12.2.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь харьяалах доод шатны сонгуулийн хороодын хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

13 дугаар зүйл.Сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэн эрх

13.1.Сум, дүүргийн сонгуулийн хороо нь харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд энэ хуулийн 12.1.1-12.1.4, 12.1.7-12.1.9, 12.1.14-т зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.сум, дүүргийн Хурлын сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэх;

13.1.2.сум, дүүргийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох;

13.1.3.нам, эвслийн сонгуулийн ажил эрхэлсэн ажилтан, ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагчийг бүртгэж, үнэмлэх олгох;

13.1.4.сум, дүүргийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах;

13.1.5.энэ хуулийн 12.1.10, 12.2.11-д заасан материал, тамга, тэмдэг, лац, саналын хайрцаг, үнэмлэх, маягт, саналын хуудас, албан бичгийн хэвлэмэл хуудас зэргийг хэсгийн хороодод хуваарилах, тооцоолох;

13.1.6.аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн Хурлын сонгуулийн дүнг нэгтгэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх;

13.1.7.тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийг бүртгэж, тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх шийдвэрийн төсөл боловсруулж сум, дүүргийн Хуралд өргөн мэдүүлэх;

13.1.8.сонгуулийн холбогдолтой баримт бичгийг тогтоосон журмын дагуу цэгцлэн архивлаж хувийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

13.1.9.дээд шатны сонгуулийн хороодоос хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэр, мэргэжил, арга зүйн зөвлөлгөө, зааварчилгаа үүргийг биелүүлэх;

13.1.10.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

13.2.Сум, дүүргийн сонгуулийн хороо нь харьяалах хэсгийн хороодын хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй.

14 дүгээр зүйл.Хэсгийн хорооны бүрэн эрх

14.1.Хэсгийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

14.1.2.сонгогчийн үнэмлэх олгох;

14.1.3.сонгогчийг шилжүүлэх, шилжиж ирсэн сонгогчийг бүртгэх;

14.1.4.сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хэмжээнд үнэн зөв нэгтгэж, сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа газрын хаяг зэргийг тулган шалгах;

14.1.5.санал авах байр, саналын хуудас, саналын хайрцаг зэрэг санал авахад шаардлагатай бусад зүйлийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;

14.1.6.санал хураалтын дүнг гаргаж сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргэх;

14.1.7.сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

14.1.8.сонгууль бэлтгэн явуулах асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;

14.1.9.аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооноос өгсөн үүргийг биелүүлэх;

14.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.

15 дугаар зүйл.Сонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт

15.1.Сонгуулийн хороод эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана.

15.2.Хуралдаанд гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол тухайн хорооны хуралдаан хүчин төгөлдөрт тооцогдоно.

15.3.Энэ хуулийн 15.1-д заасан тогтоолд тухайн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

15.4.Сонгуулийн хороод хуралдаанаараа дэгээ тогтоох бөгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгана.

15.5.Сонгуулийн хороодын хуралдааныг нээлттэй явуулж, шийдвэрийг ил тод мэдээлнэ.

15.6.Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу заавал хөтлөх бөгөөд түүнийг тухайн хорооны нэг гишүүнд хариуцуулна.

15.7.Сонгуулийн баримт бичиг бүртгэлтэй байх бөгөөд уг бүртгэлд хамаарагдах баримт бичиг, тэдгээрийг бүртгэх ажиллагааг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журамд зааснаар гүйцэтгэнэ.

15.8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргах эрхтэй.

15.9.Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг ажлын шаардлага, зардлын хэмжээг харгалзан үндсэн ажлаас нь түр чөлөөлүүлж ажиллуулна.

15.10.Хуульд өөрөөр заагаагүй бол хэсгийн хорооны шийдвэрийн талаар сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрийн талаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийн талаар шүүхэд тус тус гомдол гаргаж болох бөгөөд сонгуулийн хороод гомдлыг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хянан шийдвэрлэж, гомдол гаргагчид бичгээр хариу өгнө.

15.11.Сонгуулийн хороод сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн аливаа байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөрт багтаан шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.

15.12.Сонгуулийн хороодоос бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн сонгуулийн тухай хууль тогтоомжоор үүрэг хүлээсэн бүх байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй.

15.13.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо хуваарилагдсан төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг бэлтгэн явуулахдаа хувь хүн, хуулийн этгээдтэй ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллуулж болно.

15.14.Энэ хуулийн 15.11, 15.12-т заасныг зөрчсөн иргэнийг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр, байгууллагыг 500000-800000 төгрөгөөр торгоно.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Сонгогчдын нэрийн жагсаалт

16 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах

16.1.Баг, хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт нь байнга оршин суугаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хаягийн бүртгэлийн дагуу иргэний бүртгэлтэй тулган шалгаж, Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтаар 2 хувь үйлдэж, санал авах өдрөөс 15 хоногийн өмнө нэг хувийг тухайн хэсгийн хороонд хүргүүлж, үлдэх хувийг архивт хадгална.

16.2.Тухайн хэсгийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа цэргийн анги, нэгтгэлд алба хааж байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг уг анги, нэгтгэлийн дарга энэ хуулийн 16.1-д заасан маягтын дагуу 2 хувь үйлдэж тамга, гарын үсгээр баталгаажуулан нэг хувийг холбогдох хэсгийн хороонд санал авах өдрөөс 15 хоногийн өмнө хүргүүлэх ба үлдэх хувийг архивт хадгална.

16.3.Тухайн хэсэгт байнга оршин суух бүртгэлтэй иргэн гадаадад амьдрах, цэргийн алба хаах, өөр газарт суралцах зэрэг шалтгаанаар санал өгөх боломжгүй бол тэдгээрийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэхгүй.

16.4.Хэсгийн хороо нь энэ хуулийн 16.1, 16.2-т заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 12-оос доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу 2 хувь нэгтгэж хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зуран, санал авах өдрөөс 10 хоногийн өмнө хэсгийн байранд ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

16.5.Сонгогчдын нэрийн жагсаалтад түүнийг үйлдэх үед тухайн хэсэгт байнга оршин суугаа бүх сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, нас, оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарыг бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхдээ сонгогчийн нэрийг оршин суугаа газрын хаягийн байршлаар нь дараалуулан бичнэ.

16.6.Сонгогчдын нэрийн жагсаалт нь үндсэн ба зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах гэсэн төрөлтэй байна.

16.7.Сонгогч бүрийг сонгуулийн нэг хэсэгт, нэрийн нэг жагсаалтад бүртгэх бөгөөд түүний нэрийг нэгээс илүү нэрийн жагсаалтад бүртгэх, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэл, шалтгаанаар бүртгэхээс татгалзахыг хориглоно.

16.8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнх нь сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тоог нэгтгэн гаргана.

16.9.Цагдаа, эмнэлэг, амралт, сувиллын газрын удирдлага сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

16.10.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

16.11.Сум, дүүргийн Засаг дарга сонгогчдын нэрийн жагсаалтыг жил тутам шинэчлэн гаргана.

16.12.Энэ хуулийн 16.1-16.2-т заасныг зөрчсөн Засаг дарга, албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр, 16.4, 16.7-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, 16.10-т заасныг зөрчсөн буруутай этгээдийг 200000-250000 төгрөгөөр торгоно.

17 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар гомдол гаргах

17.1.Сонгогчийг нэрийн жагсаалтад бүртгээгүй буюу буруу бүртгэсэн байвал сонгогч, сонгуульд оролцож байгаа байгууллага, нэр дэвшигч тухайн хэсгийн хороонд гомдол гаргах эрхтэй.

17.2.Хэсгийн хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор, хэрэв санал авах өдөр буюу уг өдөр хүртэлх 2 хоногийн хугацаанд гомдлыг хүлээн авсан бол нэн даруй хянан үзэж, сонгогчдын нэрийн жагсаалтад зохих өөрчлөлтийг тэр даруй оруулах, эсхүл хуульд заасан үндэслэлийн дагуу гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж хариу мэдэгдэнэ.

17.3.Гомдол гаргагч энэ хуулийн 17.2-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо тухайн хэсгийг харьяалах сум, дүүргийн сонгуулийн хороонд гаргана.

18 дугаар зүйл.Сонгогч шилжих

18.1.Байнга оршин суух бүртгэлтэй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэж сонгогчийн үнэмлэх авсан сонгогчийг саналын хуудас хэсгийн хороонд очихоос өмнө дор дурдсан тохиолдолд шилжүүлж болно:

18.1.1.засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид бүрмөсөн шилжиж байгаа бол;

18.1.2.аймаг дотроо нэг сумаас нөгөө суманд албан болон хувийн хэргээр түр хугацаагаар зорчиж очсон газартаа санал өгөх бол.

18.2.Хэсгийн хороо энэ хуулийн 18.1.1-18.1.2-т зааснаар шилжих сонгогчийн үнэмлэхэд шилжүүлсэн тухай тэмдэглэл хийж тэмдгээр баталгаажуулан сонгогчдын нэрийн жагсаалтаас хасна.

18.3.Энэ хуулийн 18.1.1-18.1.2-т зааснаар шилжсэн сонгогч шилжиж очсон газрынхаа хаягаар хэсгийн хороонд иргэний болон шилжүүлгийн тэмдэглэл бүхий сонгогчийн үнэмлэхийг хянуулж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.

18.4.Энэ хуулийн 18.1.1-д зааснаар бүрмөсөн шилжсэн сонгогч шилжиж очсон газрынхаа аймаг, сумын буюу нийслэл, дүүргийн сонгуульд, 18.1.2-т зааснаар түр шилжсэн сонгогч зөвхөн тухайн аймгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн төлөө санал өгөх эрхтэй.

18.5.Энэ хуулийн 18.4-т заасан сонгогчийн саналыг тусгай хайрцагт авах ба тусад нь тоолж дүнг гаргана.

18.6.Энэ хуулийн 18.1-д заасан хугацаанаас хойш буюу хэсгийн хороо саналын хуудас хүлээн авсны дараа сонгогч бүрмөсөн болон түр шилжвэл түүний саналыг энэ хуулийн 18.5-д заасан журмаар урьдчилан битүүмжилж авна.

18.7.Энэ хуулийн 18.5, 18.6-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр торгож, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс гаргах ба түүнийг дахин томилохгүй.

19 дүгээр зүйл.Сонгогчийн үнэмлэх, түүнийг олгох

19.1.Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчид сонгогчийн үнэмлэх олгоно.

19.2.Сонгогчийн үнэмлэхэд сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, нас, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг бичнэ.

19.3.Сонгогчийн үнэмлэх аймаг, дүүрэг тус бүрээр нэгдсэн индекс, дугаартай, сонгогч шилжсэн, шилжин ирсэн, санал өгсөн тухай тэмдэглэх хэсэгтэй байна.

19.4.Сонгогчийн үнэмлэхийг хэсгийн хорооны аль нэг гишүүн олгох бөгөөд үнэмлэхийг хүлээн авсан сонгогчоор гарын үсэг зуруулж баталгаажуулна.

19.5.Сонгогчийн үнэмлэх тараасан хэсгийн хорооны гишүүний нэрийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь сонгогчийн нэрийн ард тэмдэглэнэ.

19.6.Энэ хуулийн 19.1, 19.4, 19.5-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр торгож, 19.1-д заасныг зөрчиж нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй иргэнд сонгогчийн үнэмлэх олгосон этгээдийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс гаргах ба түүнийг дахин томилохгүй.

ДӨРӨВДҮГЭЭР БYЛЭГ

Орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх

20 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх хугацаа, журам

20.1.Орон нутгийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхлүүлж, 7 хоногийн хугацаанд дуусгана.

20.2.Сонгуулийн эрх бүхий иргэн зөвхөн аль нэг шатны Хурлын сонгуульд нэг тойрогт нэрээ дэвшүүлэх эрхтэй бөгөөд аймаг, нийслэлийн Хуралд нэр дэвшсэн бол сум, дүүргийн Хуралд давхар нэрээ дэвшүүлэхийг хориглоно.

20.3.Энэ хуулийн 25.11-д заасны дагуу орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлд бүртгүүлж, үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг нэр дэвшигч гэж тооцно.

20.4.Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь энэ хуулийн 4.3-т зааснаас гадна дараахь шаардлагыг хангасан байна:

20.4.1.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

20.4.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

20.4.3.ял шийтгэлгүй байх.

20.4.4.хууль тогтоомжид заасны дагуу намын гишүүнээс түдгэлзсэн төрийн албан хаагч орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа бол уг ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх.

20.5.Нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс дуусах хүртэлх хуульд заасан хугацаанд албан ажлаасаа түр чөлөөлөгдөнө.

20.6.Нэг намын гишүүнийг нөгөө намаас, эвслийн хувьд түүнд нэгдэн орсон намуудынхаас өөр намын гишүүнийг, түүнчлэн энэ хуулийн 20.4.4-т зааснаас бусад тохиолдолд намын гишүүнээс түдгэлзсэн төрийн албан хаагчийг орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.

21 дүгээр зүйл.Нам, эвслээс нэр дэвшүүлэх

21.1.Энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан нам буюу намуудын эвсэл орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй.

21.2.Хоёр буюу түүнээс дээш намуудын орон нутаг дахь салбарууд сонгуульд нэгэн эвсэл болж оролцох бол энэ хуулийн 7.1-д заасан шаардлага уг эвсэлд нэгдэн орж буй нам тус бүрт хамаарна.

21.3.Нам, эвсэл сонгуульд оролцох тухайгаа санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд албан бичгээр илэрхийлж, бүртгүүлнэ.

21.4.Нам, эвслийн салбар байгууллага /цаашид “нам, эвсэл” гэх/ нэр дэвшүүлж байгаа бол тухайн шатны намын төлөөллийн байгууллагын олонхийн саналаар шийдвэрлэнэ.

21.5.Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ дараахь баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ:

21.5.1.нам дангаараа, эсхүл эвсэл байгуулж сонгуульд оролцох тухай шийдвэр;

21.5.2.тухайн намын улсын бүртгэлд бүртгүүлсэн, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудын дүрмийн хуулбар; /Энэ заалтад 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

21.5.3.нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөр;

21.5.4.өмнө явагдсан орон нутгийн Хурлын сонгуулиас хойшхи хугацаанд тухайн намд буюу эвсэлд нэгдэн орсон намуудад байгууллага, иргэдээс өгсөн хандивын аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;

21.5.5.нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн, байрлах газрын хаяг, харилцах утасны дугаар зэргийг агуулсан мэдээлэл.

21.6.Намууд эвсэл байгуулан сонгуульд оролцож байгаа бол төлөөлөх байгууллага нь энэ хуулийн 21.5-д зааснаас гадна дараахь баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд бүрдүүлж өгнө:

21.6.1.эвслийн гэрээний эх хувь; /Энэ заалтад 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.6.2.эвсэлд нэгдэн орсон нам тус бүрийн удирдах дээд байгууллагын хуралдааны шийдвэр, тэмдэглэл.

21.7.Нэр дэвшигчээс сонгогчидтойгоо уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэргээр сонгуульд оролцох бүхий л ажилд нь тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч тусална.

21.8.Нам, эвслээс орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн ухуулагч /цаашид “ухуулагч” гэх/ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлж, үнэмлэх авна.

21.9.Ухуулагч, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч /цаашид “шадар туслагч” гэх/-ийн тоог тухайн нутаг дэвсгэрийн сонгогчдын тоог харгалзан аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тогтооно.

21.10.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч нь сонгуулийн аль нэг хорооны гишүүн байхыг хориглоно.

21.11.Нам, эвсэл болон нэр дэвшигч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурталчилгаа хийх, тойргийнхоо холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.

22 дугаар зүйл.Намууд сонгуулийн эвсэл байгуулах, эвслийн гэрээ

22.1.Намууд орон нутгийн Хурлын ээлжит болон ээлжит бус сонгуульд эвсэл байгуулж оролцох бол түүнд нэгдэн орох нам тус бүр өөрийн Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллагын хуралдааныг хийж дараахь асуудлыг шийдвэрлэнэ:

22.1.1.эвслийн нэр, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлах;

22.1.2.эвсэлд нэгдэн орох нам тус бүрд ногдох мандатын тоог тогтоох;

22.1.3.сонгуультай холбогдсон асуудлаар эвсэлд тухайн намыг төлөөлөн шийдвэр гаргах эрхтэйгээр оролцох эрх бүхий төлөөлөгчид /цаашид “төлөөлөх байгууллага” гэх/-ийг томилох;

22.1.4.эвслийн гэрээг хэлэлцэж, дэмжих эсэхээ илэрхийлэх.

22.2.Эвсэлд нэгдэн орох намууд тус бүрдээ энэ хуулийн 22.1-д заасан асуудал тус бүрийг шийдвэрлэж, нэгдсэн тохиролцоонд хүрсэн бол эвслийг албан ёсоор байгуулагдсанд тооцох бөгөөд түүнд нэгдэн орсон намуудын дарга нар эвслийн гэрээнд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулна.

22.3.Эвсэл албан ёсны нэртэй байх бөгөөд түүнийг хувь хүн, улс, үндэстэн, овгийн нэрээр болон урьд нь өөр намуудын эвсэл хэрэглэсэн нэрээр нэрлэхийг тус тус хориглох ба нэгэнт зарлагдсан эвслийн нэрийг сонгуулийн явцад болон шинээр сонгогдсон орон нутгийн Хурлын бүрэн эрхийн хугацаанд /цаашид “нэгэн бүрэн эрхийн хугацаа” гэх/ өөрчлөхийг хориглоно.

22.4.Нэгэнт байгуулагдсан эвсэлд сонгуулийн явцад болон нэгэн бүрэн эрхийн хугацаанд өөр нам нэгдэж орохыг хориглоно.

22.5.Эвслийн гэрээнд талуудын эрх, үүрэг, эвслийн нэр, эвслийг төлөөлөх байгууллага, түүний удирдах бүрэлдэхүүний эцэг /эх/-ийн нэр, нэр, албан тушаал, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүнийг төлөөлөх албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, нэр болон харилцан тохиролцсон бусад асуудлыг тусгана.

22.6.Эвслийн гэрээ нь тухайн сонгууль болон түүний үр дүнд байгуулагдсан Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

22.7.Эвсэлд нэгдэн орсон намууд нь тухайн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаанд уг Хуралд нэгэн этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшүүлэх, сонгуулийн зардлын сан байгуулах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, өөр эвсэл байгуулахыг хориглох бөгөөд хэрэв аль нэг нам нь ийм шийдвэр гаргасан бол эвслийг тарсан гэж үзнэ.

22.8.Эвсэлд нэгдэн орсон нам хэдийд ч эвслээс гарах эрхтэй бөгөөд түүний энэ хуулийн 22.1-д заасан байгууллага нь эвслийг төлөөлөх байгууллагад энэ тухай албан ёсоор мэдэгдсэнээр тухайн намыг эвслээс гарсанд тооцох бөгөөд энэ тохиолдолд эвслийг бүхэлд нь тарсан гэж үзнэ.

22.9.Энэ хуулийн 22.7, 22.8-д заасны дагуу эвсэл нэгэнт тарсан бол тухайн сонгуулийн явцад болон түүний үр дүнд байгуулагдсан Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаанд эвслийн бүрэлдэхүүнд орж байсан намууд дахин нэгдэж эвсэл байгуулах, орон нутгийн Хуралд нэг бүлэг болон зохион байгуулагдахыг хориглоно.

23 дугаар зүйл.Сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх

23.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 21.3-т заасны дагуу сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгана.

23.2.Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуулийн 21.5, 21.6-д заасан баримт бичгийг үндэслэн тэдгээрийг хүлээн авснаас хойш гурав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

23.3.Дараахь тохиолдолд нам, эвслийг бүртгэхээс татгалзана:

23.3.1.нам буюу эвсэлд нэгдэн орсон намуудын аль нэг нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангаагүй бол;

23.3.2.энэ хуулийн 21.5, 21.6-д заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол;

23.3.3.энэ хуулийн 21.3-т заасан хугацаа өнгөрсний дараа бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг ирүүлсэн бол;

23.3.4.эвсэл байгуулахдаа энэ хуулийн 22.1-22.3-т заасан журам, шаардлагыг зөрчсөн бол;

23.3.5.эвсэлд нэгдэн орсон аль нэг нам нь бүртгүүлэхээс өмнө энэ хуульд заасны дагуу эвслээс гарахаа илэрхийлсэн бол;

23.3.6.өмнө явагдсан орон нутгийн Хурлын сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу холбогдох сонгуулийн хороонд ирүүлээгүй бол.

23.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нам, эвслийг бүртгэсэн тухай шийдвэр гаргасан бол батламж олгоно.

23.5.Энэ хуулийн 23.4-т заасны дагуу эвсэл сонгуульд оролцох батламж авснаас хойш түүнд аль нэг нам, эвсэл нэгдэн орохыг хориглоно.

24 дүгээр зүйл.Бие даан нэр дэвшүүлэх

24.1.Иргэн өөрийн байнга оршин сууж байгаа газрын орон нутгийн Хуралд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй.

24.2.Бие даан нэр дэвшигч нь аймаг, нийслэлд тухайн тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий 200, сум, дүүрэгт 75-аас доошгүй сонгогч иргэдийн гарын үсгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу зуруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

24.3.Бие даан нэр дэвшигч нь энэ хуулийн 24.2-т заасан маягтад гарын үсэг зуруулахдаа аймаг, нийслэл, сум, дүүргийн тухайн тойрогт хамрагдсан нэгж бүрийн сонгогчийн дэмжлэгийг авсан байвал зохино.

24.4.Бие даан нэр дэвшигч нь дэмжигчдийнхээ гарын үсэг бүхий маягт, түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу үйлдсэн өөрийн намтар, нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

24.5.Энэ хуулийн 24.2-т заасан маягтад сонгогч-дэмжигчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг тодорхой тусгана.

24.6.Нэр дэвшигчийг дэмжсэн сонгогч-дэмжигчийн гарын үсэг үнэн зөв эсэхийг тухайн хэсгийн хороо сонгогчдын иргэний баримт бичиг, хаягийн бүртгэлтэй тулгах буюу шаардлагатай бол дэмжигчидтэй уулзаж нягтлан шалгах бөгөөд гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдвол тухайн нэр дэвшигчийг холбогдох сонгуулийн хорооны шийдвэрээр нэр дэвшигчдийн жагсаалтаас хасна.

24.7.Бие даан нэр дэвшигч нь сонгуулийнх нь үйл ажиллагаанд туслах чиг үүрэг бүхий шадар туслагчтай байна.

24.8.Энэ хуулийн 24.7-д заасан шадар туслагч сонгуулийн аль нэг хорооны гишүүн байхыг хориглоно.

24.9.Бие даан нэр дэвшигч болон түүний шадар туслагч нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сурталчилгаа хийх, тойргийнхоо холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.

25 дугаар зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх

25.1.Орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бүртгэнэ.

25.2.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан дараахь баримт бичгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ:

25.2.1.нэр дэвшүүлсэн тухай шийдвэр;

25.2.2.нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл;

25.2.3.нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг;

25.2.4.энэ хуулийн 20.4.1, 20.4.2-т заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг;

25.2.5.ял шийтгэлгүйг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

25.2.6.энэ хуулийн 20.4.4-т заасан төрийн албан хаагчийн хувьд тухайн албан тушаалаас чөлөөлсөн тухай байгууллагын шийдвэр;

25.2.7.батлагдсан загварын дагуу үйлдсэн нэр дэвшигчийн намтар.

25.3.Бие даан нэр дэвшигч нь нэр дэвшүүлэх ажиллагаа дууссанаас хойш гурав хоногт багтаан энэ хуулийн 25.2.3-25.2.7-д заасан баримт бичиг болон сонгогчийн дэмжлэгийг илэрхийлсэн гарын үсгийн маягт, нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдлийн хамт аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

25.4.Энэ хуулийн 25.2.4-т заасан өр төлбөрийн тухай тодорхойлолтыг тухайн шатны шүүх, 25.2.5-д заасан ял шийтгэлийн тухай тодорхойлолтыг цагдаагийн байгууллага нэр дэвшигч тус бүрээр гаргаж, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд албан бичгээр хүргүүлнэ.

25.5.Энэ хуулийн 25.2.3, 25.2.4, 25.2.7, 25.3-т заасан баримт бичгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

25.6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэхдээ тэдгээрээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.

25.7.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 25.2, 25.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

25.8.Дараахь тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана:

25.8.1.энэ хуулийн 20.1-д заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй бол;

25.8.2.энэ хуулийн 20.2-т заасныг зөрчиж нэр дэвшсэн бол;

25.8.3.нам, эвсэл өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн бол;

25.8.4.энэ хуулийн 25.2, 25.3-т заасан нэр дэвшигчийг бүртгэхэд шаардагдах баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол.

25.9.Бие даан нэр дэвшигч нь сонгогч-дэмжигчийн гарын үсгийг цуглуулахдаа бусдыг төлөөлүүлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх, заналхийлэх, эд мөнгөөр татах, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, гарын үсэг хуурамчаар үйлдэх зэрэг хууль бус арга хэрэглэсэн, эсхүл Сонгуулийн ерөнхий хорооноос баталснаас өөр маягтаар гарын үсэг цуглуулсан бол аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана.

25.10.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тухай сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл холбогдох аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн нутаг дэвсгэрийг харьяалах захиргааны хэргийн шүүхэд 3 хоногийн дотор давж заалдаж болно.

25.11.Энэ хуулийн 25.8, 25.9-д заасан үндэслэл байхгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэсэн тухай шийдвэр гаргаж, нэр дэвшигчид нэр дэвшигчийн үнэмлэх олгоно.

25.12.Баримт бичгийг дутуу буюу буруу бүрдүүлсэн үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ хуулийн 25.7-д заасан хугацаа дууссанаас хойш хоёр хоногийн дотор тэдгээр баримт бичгийг бүрэн гүйцэд, зөв бүрдүүлэн ирүүлж, нэр дэвшигчээр бүртгүүлж болно.

25.13.Сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш сум, дүүргийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ ажлын гурван өдрийн дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

25.14.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш тав хоногийн дотор тухайн орон нутгийн Хурлын сонгуульд нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээгээр нэгтгэн гаргаж харьяалах нутаг дэвсгэрийнхээ нийт сонгогчдод мэдээлнэ.

25.15.Энэ хуулийн 25.8, 25.9-д заасан үндэслэл нэр дэвшигч бүртгэгдсэний дараа тогтоогдвол тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо түүнийг нэр дэвшигчийн бүртгэлд бүртгэснийг хүчингүй болгож, нэрийн жагсаалтаас хасна.

25.16.Энэ хуулийн 25.2, 25.3-т заасан баримт бичгийг хуурамчаар үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвсэл, бусад байгууллагыг 800000-900000 төгрөгөөр торгож, нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасна.

25.17.Энэ хуулийн 25.8, 25.9-д заасан зөрчил байгааг мэдсэн атлаа нэр дэвшигчийг бүртгэсэн бол сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр торгож, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасна.

26 дугаар зүйл.Нэр дэвшигч татгалзах, нэр дэвшигчийг татан гаргах

26.1.Энэ хуулийн 25.11-д заасны дагуу бүртгэгдэж, үнэмлэх авсан нэр дэвшигч нэр дэвшигчийн хувиар сонгуульд оролцохоос өөрөө татгалзах, эсхүл нам, эвсэл нь өөрийн нэр дэвшигчийг татан гаргах, түүний оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхтэй.

26.2.Нэр дэвшигч өөрөө татгалзах буюу нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргах тухай шийдвэрээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд нэн даруй хүргүүлнэ.

26.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо энэ хуулийн 26.2-т заасан шийдвэрийг хүлээн авмагц тухайн нэр дэвшигчийг урьд нь бүртгэсэн шийдвэрээ хүчингүйд тооцсон тухай шийдвэр гаргах ба сум, дүүргийн сонгуулийн хороо энэ тухайгаа холбогдох аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд мэдэгдэж, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ.

26.4.Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан шийдвэрээ санал авах өдрөөс 10 хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлээгүй бол татгалзсан болон татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүнийг нэр дэвшүүлэх эрхгүй.

26.5.Саналын хуудас хэвлэгдсэний дараа нэр дэвшигч өөрөө татгалзсан, эсхүл нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан бол энэ тухайгаа аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд мэдэгдэх ба саналын хуудсыг дахин хэвлэхэд гарах зардлыг уг этгээдээр нөхөн төлүүлнэ.

27 дугаар зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх

27.1.Энэ хуулийн 26.4-т заасан хугацааны өмнө нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан, эсхүл нэр дэвшигч нас барсан, хүндээр өвчилсөн, гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан, шүүхээр ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн нам, эвсэл өөр хүний нэрийг нөхөн дэвшүүлж, санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө энэ хуульд заасан журмын дагуу бүртгүүлж болно.

28 дугаар.Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

28.1.Гэмт үйлдлийнх нь явцад зайлшгүй баривчлахаас бусад тохиолдолд орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх, түүнчлэн захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.

28.2.Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, заналхийлэх, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

28.3.Энэ хуулийн 28.1-д заасныг зөрчсөн төрийн албан хаагчид Цагдаагийн байгууллагын тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах ба бусад албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр торгоно.

28.4.Энэ хуулийн 28.2-т заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал иргэнийг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвслийг 800000-1000000 төгрөгөөр, хэвлэл мэдээллийн болон бусад байгууллагыг 600000-800000 төгрөгөөр торгоно.

ТАВДУГААР БYЛЭГ

Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа

29 дүгээр зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөр

29.1.Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна.

29.2.Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс өөр бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно.

29.3.Орон нутгийн Хурлын төлөөлөгчид сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдээ хэлэлцэн, нэг мөрийн хөтөлбөрийг олонхийн саналаар нэгтгэн гаргах бөгөөд уг мөрийн хөтөлбөр нь тухайн шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэс болно.

29.4.Энэ хуулийн 29.2-т заасныг зөрчсөн нэр дэвшигчийг 100000-150000 төгрөгөөр торгоно.

30 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа

30.1.Нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн сурталчилгаа нь нэр дэвшигч энэ хуульд заасны дагуу бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлэнэ.

30.2.Нэр дэвшигч, нам, эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг дэмжин сурталчлах ажлыг уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах зэрэг хуулиар хориглоогүй арга, хэлбэрээр зохион байгуулна.

30.3.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно.

30.4.Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас бүхий хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.

30.5.Энэ хуулийн 30.4-т заасан хязгаарлалтын дүнг хэвлэмэл байдлаар сонгогчдод тараах бүх төрлийн хэвлэлийн нийлбэрээр тооцно.

30.6.Сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал зэргийг гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулах байршлыг санал авах өдрөөс хоёр сарын өмнө тухайн сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.

30.7.Орон нутгийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааг төлбөргүй явуулах хугацаа, хуваарийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тогтооно.

30.8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нь орон нутгийн радио, телевизээр төлбөргүй явуулах сурталчилгааны хуваарийг батлахдаа нэр дэвшигч болон нам, эвсэл бүрт тэнцүү хугацаа ногдохоор тооцож, холбогдох шийдвэрийг гаргана.

30.9.Олон нийтийн радио, телевизээр орон нутгийн Хурлын сонгуулийн аливаа сурталчилгаа явуулахыг хориглоно.

30.10.Сонгуулийн хорооноос тогтоосон хугацаанаас бусад цагт нэр дэвшигч, нам, эвсэл орон нутгийн болон орон нутагт нэвтрүүлгээ цацаж байгаа энэ хуулийн 30.9-д зааснаас бусад төвлөрсөн радио, телевизээр төлбөртэй сурталчилгаа явуулах эрхтэй.

30.11.Энэ хуулийн 30.10-т заасан төлбөртэй сурталчилгааны нийт хугацаа тухайн радио, телевизийн нэвтрүүлгийн нийт хугацааны 10 хувиас хэтрэхээргүй байна.

30.12.Сонгуулийн сурталчилгаа зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа этгээдэд сурталчилгааны явцад дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

30.12.1.нэр дэвшигч холбогдох сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэх авах өдрөөс өмнө аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах;

30.12.2.энэ хуулийн 30.3-т заасан хугацаанаас хойш санал хурааж дуустал аливаа хэлбэрээр сурталчилгаа хийх, түүнчлэн санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд санал асуулга явуулах, дүнг хэвлэн нийтлэх, тараах;

30.12.3.нам, эвслээс нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй амлалт өгөх, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах;

30.12.4.төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах;

30.12.5.энэ хуулийн 30.4-т зааснаас илүү материал тараах;

30.12.6.сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал зэргийг энэ хуулийн 30.6-д зааснаас өөр газарт байрлуулах; 

30.12.7.энэ хуулийн 30.7-30.11-д заасныг зөрчиж төлбөртэй сурталчилгаа явуулах, эсхүл сурталчилгааны хугацааг буруу тогтоох;

30.12.8.оройн 23 цагаас өглөөний 10 цаг хүртэлх хугацаанд гудамж, нийтийн эзэмшлийн талбайд чанга яригч ашиглах;

30.12.9.сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

30.12.10.шашны зан үйл ашиглах;

30.12.11.сонгогч, түүний гэр бүлийн гишүүд, насанд хүрээгүй хүүхэд, байгууллага, хамт олонд техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, мөнгө, эм тариа, хүнсний болон бусад эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах;

30.12.12.төлбөргүйгээр буюу хөнгөлөлттэй үнээр ахуйн болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх;

30.12.13.биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоом зохион байгуулах;

30.12.14.сонгогчдын саналыг татах зорилгоор хүлээн авалт, дайллага, цайллага, олон нийтийн бусад арга хэмжээ зохион байгуулах;

30.12.15.төрийн байгууллага, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн байр, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, шатах, тослох материал, холбооны хэрэгсэл, хувилах, хэвлэх техник хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг төлбөртэй буюу төлбөргүйгээр сурталчилгааны аливаа ажилд ашиглах;

30.12.16.төрийн жинхэнэ албан хаагчийг сонгуулийн сурталчилгааны ажилд аливаа хэлбэрээр татан оролцуулах;

30.12.17.аль нэг нэр дэвшигч, нам, эвслийг дэмжих буюу эсхүл түүний эсрэг агуулгатай сурталчилгаа явуулахад арван найман насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулах;

30.12.18.сонгогчдын санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа.

30.13.Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцох, сонгуулийн сурталчилгаа бие даан явуулахыг хориглоно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн. /

30.14.Сонгуулийн сурталчилгаа зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа этгээдээс сонгуулийн сурталчилгааны явцад сонгогчдод зориулан аливаа шашны сургаал, жаяг дэгийн дагуу үйлддэг хурал хуруулах, сан тавиулах, майдар эргэх, жасаа уншуулах, даллага авахуулах, тахилга мөргөл үйлдүүлэх, овоо тахих үйлдэл, үйл ажиллагааг зохион байгуулсан, ийм арга хэмжээг санхүүжүүлсэн болон шашны эд өглөгийн зүйл, хэрэгсэл тараасан бол шашны зан үйл ашигласан гэж үзнэ. /Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

30.15.Иргэдийн шүтэх, эс шүтэх эрх чөлөө, төр, сүм хийдийн харилцаа, шашны талаархи бодлого, үзэл баримтлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг энэ хуулийн 30.13-т заасан үйлдэл гэж үзэхгүй. /Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

30.16.Дараахь газруудад сонгуулийн сурталчилгааны төв /штаб/ байрлах, энэ хуулийн 3.1.5-д заасан этгээд байнгын үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

30.16.1.төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

30.16.2.төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж;

30.16.3.хүмүүнлэгийн, буяны болон шашны байгууллага;

30.16.4.сонгуулийн хороод.

/Дээрх 30.16 дахь хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

30.17.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод нь сурталчилгааны тэнцвэрт байдалд олон нийтийн оролцоотойгоор хяналт тавьж, энэ асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигч, бусад байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

30.18.Энэ хуулийн 30.1, 30.7-30.11-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 800000-1000000 төгрөгөөр торгож, хууль бусаар олсон орлогыг шүүхийн шийдвэрээр орон нутгийн төсөвт хураана. /Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

30.19.Энэ хуулийн 30.12.1-д заасныг зөрчсөн иргэнийг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-200000 төгрөгөөр, нам, эвслийг 700000-900000 төгрөгөөр, бусад байгууллагыг 500000-700000 төгрөгөөр, 30.12.2-30.12.18, 30.13-т заасныг зөрчсөн ухуулагч, шадар туслагч, дэмжигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 150000-200000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвсэл, бусад байгууллагыг 700000-900000 төгрөгөөр, нэр дэвшигчийг 150000-200000 төгрөгөөр торгох ба энэ хуулийн 30.12.2, 30.12.11-30.12.14-т заасан зөрчил гаргасан нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгож, нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасна. /Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

30.20.Энэ хуулийн 30.13-д заасныг зөрчсөн төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг 100000-150000 төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн. /

31 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн уулзалт

31.1.Нэр дэвшигч энэ хуулийн 30.1, 30.3-т заасан хугацааны дотор сонгогчидтой уулзалт хийх эрхтэй.

31.2.Тухайн шатны Засаг дарга нь нэр дэвшигчид уулзалт зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж, бүх нэр дэвшигчид тэгш хандах үүрэгтэй.

31.3.Төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой аж ахуйн нэгж нь нэр дэвшигчийн нийт сонгогчидтой хийх уулзалтад зориулж соёлын төв, биеийн тамирын болон хурлын танхим, өрөө, тасалгааг төлбөргүйгээр ашиглуулна.

31.4.Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчсөн нэр дэвшигчийг 150000-200000 төгрөгөөр, 31.2-т заасныг зөрчсөн Засаг даргыг 200000-250000 төгрөгөөр торгоно.

ЗУРГАДУГААР БYЛЭГ

Сонгуулийн зардал

32 дугаар зүйл.Сонгуулийн зардал

32.1.Нам, эвсэл, нэр дэвшигч бүрээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 3 сарын өмнө тойрог тус бүрээр тогтооно.

32.2.Энэ хуулийн 32.1-д заасан зардлын хэмжээг тогтоохдоо уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчдын тоо, суурьшлын нягтрал зэргийг харгалзан үзнэ.

32.3.Нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл болон нэр дэвшигч, харин бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлаа өөрөө тус тус хариуцна.

33 дугаар зүйл.Сонгуулийн зардлын данс

33.1.Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь өөрийн нэр дээр болон нэр дэвшигч тус бүр дээр, түүнчлэн бие даан нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн зардлын дансыг банкинд нээлгэж, холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд энэ тухай албан ёсоор мэдэгдэж харьяалах нутаг дэвсгэрийн сонгогчдод мэдээлнэ.

33.2.Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой энэ хуулийн 33.1-д зааснаас өөр данс нээлгэхийг хориглоно.

33.3.Энэ хуулийн 33.1-д заасан дансанд тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, дэмжигч байгууллага, иргэдээс оруулсан хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зориулалтаар нь зарцуулна.

33.4.Нам, эвсэл, нэр дэвшигч нь холбогдох сонгуулийн хороонд бүртгүүлснээс хойш гурав хоногийн дотор сонгуулийн зардлын дансаа нээлгэсэн байна.

33.5.Энэ хуулийн 33.1-д заасан дансанд төвлөрсөн хөрөнгийг нэр дэвшигч болон нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчлах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч, шадар туслагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

33.6.Энэ хуулийн 33.1-д заасан данснаас гадуур өгсөн, 33.2-т заасныг зөрчиж нээлгэсэн дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг хурааж улсын орлого болгох бөгөөд 33.2, 33.3, 33.5-д заасныг зөрчсөн нам, эвслийг 800000-1000000 төгрөгөөр торгож, 33.3, 33.5-д заасан зөрчил гаргасан нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгож, нэрийн жагсаалтаас хасна.

34 дүгээр зүйл.Сонгуулийн хандив

34.1.Нэр дэвшигч, нам, эвсэлд өгөх хандивын дээд хэмжээ хувь хүнээс нэг сая, хуулийн этгээдээс гурван сая хүртэл төгрөг байна.

34.2.Хуулийн этгээдээс хандив өгөх тухай шийдвэрийг түүний эрх баригчид гаргана.

34.3.Мөнгөн хандивыг зөвхөн энэ хуулийн 33.1-д заасан дансанд шилжүүлж өгнө.

34.4.Хандивыг мөнгөн бус хэлбэрээр өгвөл түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэн үнэлж, энэ хуулийн 34.1-д заасан хандивын дүнд оруулан тооцно.

34.5.Нэр дэвшигч, нам, эвсэл нь сонгуулийн хандивын хэмжээ, хэлбэрийг сонгуулийн зардлын тайланд үнэн зөв, бүрэн гүйцэд тусгах үүрэгтэй.

34.6.Дараахь этгээдээс хандив авахыг хориглоно:

34.6.1.гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/;

34.6.2.олон улсын байгууллага;

34.6.3.гадаад улсын иргэн;

34.6.4.харьяалалгүй хүн;

34.6.5.төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;

34.6.6.сонгууль зарласан өдөр арван найман насанд хүрээгүй Монгол Улсын иргэн;

34.6.7.төрийн болон орон нутгийн өмчит буюу тэдгээр өмчийн оролцоотой хуулийн этгээд;

34.6.8.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөртэй хуулийн этгээд;

34.6.9.Yйлдвэрчний болон бусад төрийн бус байгууллага;

34.6.10.шашны байгууллага.

34.7.Сонгууль бэлтгэн явуулах хугацаанд гадаад, дотоодын тусламжийн эд хөрөнгийг иргэдэд тараах, борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно.

34.8.Энэ хуулийн 34.1-34.7-д заасныг зөрчсөн хандивлагч, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 150000-250000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвслийг 800000-1000000 төгрөгөөр торгох ба 34.6-д заасныг зөрчиж хандив авч зарцуулсан нэр дэвшигчийн бүртгэлийг хүчингүй болгож, нэрийн жагсаалтаас хасах ба 34.1-д заасан хэмжээнээс илүү гарсан, 34.6-д заасан этгээдээс авсан хандивыг хурааж холбогдох төсөвт орлого болгоно.

35 дугаар зүйл.Сонгуулийн зардлын тайлан гаргах

35.1.Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулах тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журмыг Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын төв банктай хамтран батална.

35.2.Нэр дэвшигч, нам, эвсэл нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

35.3.Нам, эвсэл энэ хуулийн 35.2-т заасан сонгуулийн зардлын тайлан /цаашид “зардлын тайлан” гэх/-даа аудит хийлгэж, дүгнэлт гаргуулсан байна.

35.4.Зардлын тайланг дараахь үзүүлэлтээр гаргана:

35.4.1.дансанд төвлөрүүлсэн орлогын хэмжээ;

35.4.2.орлогын эх үүсвэр;

35.4.3.хандивлагч иргэний эцэг /эх/-ийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, банкны гүйлгээ хийсэн баримт, хандивын хэмжээ, хэлбэр;

35.4.4.хандивлагч хуулийн этгээдийн нэр, оршин байгаа газрын хаяг, гүйцэтгэх захирлын эцэг /эх/-ийн нэр, нэр, хандивын хэмжээ, хэлбэр;

35.4.5.зарлагын задаргаа, гүйцэтгэл;

35.4.6.үлдэгдлийн хэмжээ, байршил.

35.5.Нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал нь уг дансны бүх хөдөлгөөнийг нэгтгэсэн тайлан гаргаж, энэ хуулийн 35.2-т заасан хугацаанд холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд ирүүлнэ.

35.6.Санал хураалт явагдсан өдрөөс хойш зардлын тайланг гаргах хүртэлх хугацаанд энэ хуулийн 33.1-д заасан дансанд аливаа хөдөлгөөн хийхийг хориглоно.

35.7.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо зардлын тайланг хянан үзэж, санал хурааж дууссан өдрөөс хойш 45 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба хоёр зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд зарлана.

35.8.Энэ хуулийн 35.2-35.6-д заасныг зөрчсөн нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 150000-250000 төгрөгөөр, банкны захирлыг 200000-250000 төгрөгөөр, нам, эвсэл, банкыг 800000-1000000 төгрөгөөр торгох ба 35.6-д заасан хугацаанд хийсэн гүйлгээтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг банкны өөрийнх нь хөрөнгөөс гаргуулж, тухайн орон нутгийн төсөвт орлого болгоно. 

ДОЛДУГААР БYЛЭГ

Санал авах, сонгуулийн дүн гаргах, Хурлын төлөөлөгчдийг бүртгэх

36 дугаар зүйл.Санал авах байр, хугацаа

36.1.Сонгогчдын саналыг санал авах өдөр 07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.

36.2.Хэсгийн хороо сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг санал авах өдөр хүртэлх 10 хоногийн турш харьяалах нутаг дэвсгэрийнхээ сонгогчдод зарлан мэдээлнэ.

36.3.Сонгогчдоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах тооны бүхээг, саналын хайрцаг бүхий байрыг санал авах өдрөөс долоо хоногийн өмнө тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга хариуцаж бэлтгүүлнэ.

36.4.Энэ хуулийн 36.3-т заасан бүхээгийн хэмжээ, загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална.

36.5.Санал авах байранд нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, ухуулагч болон шадар туслагч байрлахыг хориглоно.

36.6.Энэ хуулийн 36.3-т заасныг зөрчсөн Засаг дарга, 36.5-д заасныг зөрчсөн нэр дэвшигч, ухуулагч, шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвслийг 500000-700000 төгрөгөөр торгоно.

37 дүгээр зүйл.Саналын хуудас

37.1.Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг мөн.

37.2.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудасны тоо, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам болон тэдгээрт тавигдах шаардлагыг санал авах өдрөөс 21 хоногийн өмнө тогтооно.

37.3.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд тойргийн хэмжээнд нэгдсэн адил дугаартай байна.

37.4.Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хороо эрхлэн хэвлүүлж сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хороо санал авах өдрөөс тав хоногийн өмнө хэсгийн хороонд тус тус хүргүүлнэ.

37.5.Саналын хуудсыг аймаг, нийслэл, сум, дүүргээр тус тусад нь хэвлэнэ.

37.6.Аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн гэсэн 2 саналын хуудас байна.

37.7.Саналын хуудсанд нэр дэвшигчдийн эцэг /эх/-ийн нэр, нэр, нэр дэвшүүлсэн нам, эвслийн нэрийг бичнэ.

37.8.Саналын хуудсанд нэр дэвшигчдийг бичихдээ тэдгээрийг дэвшүүлсэн намуудынх нь улсын бүртгэлд бүртгүүлсэн огноог баримталж, хамгийн анх бүртгүүлсэн намын нэр дэвшигчийг эхэнд нь бичих замаар дараалалд оруулна.

37.9.Эвслээс нэр дэвшигчийг энэ хуулийн 37.8-д заасан дараалалд оруулахдаа эвслийн бүрэлдэхүүнд орсон намуудаас хамгийн түрүүнд улсын бүртгэлд бүртгүүлсэн намын бүртгэлийн огноог баримтална.

37.10.Бие даан нэр дэвшигчийн нэрийг нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрийн дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд нэр дэвшсэнээ бүртгүүлсэн дарааллаар саналын хуудсанд бичнэ.

37.11.Саналын хуудсанд тухайн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж тэмдэг дарах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно.

37.12.Сонгуулийн хороод саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж, байлцсан бүх гишүүн гарын үсэг зурна.

37.13.Сонгуулийн хорооны аль нэг гишүүн энэ хуулийн 37.12-т заасан тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал шалтгаан, үндэслэлээ бичгээр үйлдэж, холбогдох сонгуулийн хороонд өгнө.

37.14.Энэ хуулийн 37.11, 37.12-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны гишүүнийг 150000-200000 төгрөгөөр, дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр торгох ба сонгогчид хүчингүй саналын хуудас олгосон сонгуулийн хорооны гишүүнийг сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс гаргана.

38 дугаар зүйл.Санал авах ажиллагаа

38.1.Санал авах өдрийн 07 цагт хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан санал авах бүх хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацдсаны дараа дараахь зүйлийг мэдээлнэ:

38.1.1.нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо;

38.1.2.хүлээн авсан, урьдчилан санал авахад зарцуулсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо;

38.1.3.урьдчилан санал өгсөн сонгогчдын тоо, түүний явцад буруу тэмдэглэл хийснээс хүчингүй болсон саналын хуудасны тоо;

38.1.4.санал авах зөөврийн битүүмжилсэн хайрцгийн тоо, түүгээр санал өгөх сонгогчийн тоо, санал авах хуваарь;

38.1.5.хүлээн авсан, тараасан, буруу бичсэнээс хүчингүй болсон, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн сонгогчийн үнэмлэхийн тоо.

38.2.Энэ хуулийн 38.1.3-т заасан урьдчилан өгсөн саналын тоог тусгайлан тэмдэглэж, тэдгээр саналын хуудсыг битүүмжилсэн дугтуйтай нь санал авах хайрцагт хийнэ.

38.3.Энэ хуулийн 38.1, 38.2-т заасан ажиллагаа, мэдээллийг нэг бүрчлэн тусган тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд хэсгийн хорооны бүх гишүүн гарын үсэг зурна.

38.4.Хэсгийн хороо энэ хуулийн 38.1-38.3-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал хураах ажлыг эхлүүлэх ба ингэхдээ сонгогчийн үнэмлэх, иргэний үнэмлэх дэх хаягийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь хаягтай тулган үзэж, сонгогч бүрт саналын хуудас олгоно.

38.5.Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.

38.6.Саналаа өгсөн иргэний сонгогчийн үнэмлэхэд тусгайлан үүрэг хүлээсэн хэсгийн хорооны гишүүн тэмдэглэл хийж, хэсгийн хорооны тэмдэг дарах бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тусгай тэмдэг тавьж болно.

38.7.Санал авах ажиллагаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн томилсон ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

38.8.Санал авах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээрээс саналаа өгөхөд хамаарахгүй.

38.9.Энэ хуулийн 38.1-38.6-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр, 38.8-д заасныг зөрчсөн иргэнийг 100000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 150000-250000 төгрөгөөр торгоно.

39 дүгээр зүйл.Ажиглагч

39.1.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч өөрийн ажиглагчийг томилж ажиллуулна.

39.2.Энэ хуулийн 39.1-д заасан ажиглагч нь санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.

39.3.Энэ хуулийн 39.2-т заасан хугацаа өнгөрсөн бол ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.

39.4.Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, сонгогчийн үнэмлэх бичих, санал авах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянаж, дараахь эрхийг эдэлнэ:

39.4.1.сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;

39.4.2.саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;

39.4.3.санал тоолох ажлыг ажиглах;

39.4.4.бие даан нэр дэвшигчийн сонгогч-дэмжигчдээс гарын үсэг цуглуулсан маягттай танилцах;

39.4.5.урьдчилан санал авах үйл ажиллагааг ажиглах;

39.4.6.зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал авах чиглэл, хуваарьтай танилцах;

39.4.7.санал бэлтгэх бүхээг, саналын хайрцаг болон санал авах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;

39.4.8.санал авах байранд сонгуулийн санал авах үйл явцыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх;

39.4.9.санал хураах үйл явцад зөрчил гарвал хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах;

39.4.10.хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах;

39.4.11.ажиглалтын тайлангаа нийтэд мэдээлэх, хэвлэн нийтлэх.

39.5.Ажиглагч энэ хуулийн 39.4-т заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал, хуурамч мэдээлэл олон нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж, сонгуулийн хороодын ажилд хөндлөнгөөс оролцвол хэсгийн хороо түүний ажиглагчийн эрхийг хүчингүй болгож, урьд олгосон үнэмлэхээ хураан авна.

39.6.Ажиглагч энэ хуулийн 39.5-д заасны дагуу эрхээ хасуулсан бол түүнийг санал болгогч тал нь орны хүнийг дахин томилох эрхгүй бөгөөд ийм хүсэлт гаргавал хэсгийн хороо хүлээн авахаас татгалзана.

39.7.Гадаадын ажиглагч, түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийг ажиглах, сурвалжлахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо тогтооно.

39.8.Энэ хуулийн 39.1-д зааснаас өөр аливаа этгээд ажиглагч томилох, ажиллуулах эрхгүй бөгөөд энэ заалт энэ хуулийн 39.7-д хамаарахгүй.

39.9.Энэ хуулийн 39.5-д заасныг зөрчсөн ажиглагчийг 100000-150000 төгрөгөөр торгоно.

40 дүгээр зүйл.Сонгогч санал өгөх

40.1.Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө өгнө.

40.2.Сонгогч бүр энэ хуулийн 37.6-д заасан саналын хуудаснаас тус бүр нэгийг авч, санал бэлтгэх бүхээгт орж, саналаа нууцаар өгнө.

40.3.Энэ хуулийн 18.1.2-т заасан сонгогч зөвхөн аймгийн Хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн нэг саналын хуудас авна.

40.4.Сонгогч нь саналын хуудас бүрт бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүсч байгаа тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцэх нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг дугуйлж, саналын хуудсыг хайрцагт хийнэ. /Энэ хэсэгт 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

40.5.Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсыг хайрцагт хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, энэ хуулийн 40.4-т заасны дагуу санал өгч болно.

40.6.Хэсгийн хороо хураалгасан саналын хуудсыг тэмдэглэл хөтлөн хадгална.

40.7.Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.

40.8.Бие эрхтэний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналын хуудсыг уншиж танилцах буюу саналын хуудсанд саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаа авч болох бөгөөд итгэмжлэгдсэн хүн нь сонгуулийн эрх бүхий иргэн байна.

40.9.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч, шадар туслагч, сонгуулийн хорооны гишүүн болон ажиглагчаар энэ хуулийн 40.8-д заасан үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

40.10.Хэсгийн хороо нь сонгогчийн саналаа нууцаар өгөх эрхэд халдахгүйгээр санал хураалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна.

40.11.Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө хэсгийн хороонд бичгээр гаргана.

40.12.Хэсгийн хороо энэ хуулийн 40.11-д заасан хүсэлтийг үндэслэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг хуралдаанаараа хэлэлцэн батална.

40.13.Энэ хуулийн 40.11-д заасан сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны нэг намын бус төлөөлөл бүхий хоёроос доошгүй гишүүн оршин суугаа газрын хаягаар нь очиж авна.

40.14.Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар энэ хуулийн 40.12-т заасан жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг авахыг хориглоно.

40.15.Хэсгийн хороо саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах өдөр хүртэлх хугацаанд сонгогч түр шилжин явахад хүрвэл хэсгийн хороонд ирж, саналаа нууцаар өгч, дугтуйнд хийж битүүмжлэн үлдээж болно.

40.16.Энэ хуулийн 40.15-т зааснаар урьдчилан санал өгөх тохиолдол бүрт хэсгийн хорооны нэг намын бус төлөөлөл бүхий хоёроос доошгүй гишүүн байлцах ба энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд байлцсан хэсгийн хорооны гишүүн бүр гарын үсэг зурна.

40.17.Хэсгийн хороо сонгогчийн битүүмжлэн үлдээсэн саналын нууцыг чандлан хадгална.

40.18.Энэ хуулийн 40.11, 40.15-т заасан сонгогчийн саналыг авахад энэ хуулийн 40.1-40.5, 40.8, 40.9-д заасан журмыг баримтална.

40.19.Санал авах өдөр ажиллаж байгаа байгууллагын захиргаа сонгогчдод чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

40.20.Энэ хуулийн 40.6, 40.9, 40.13, 40.14, 40.16, 40.17-д заасныг зөрчсөн сонгуулийн хорооны гишүүнийг 150000-200000 төгрөгөөр, дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр, 40.7-д заасныг зөрчсөн этгээдийг 100000-150000 төгрөгөөр, 40.19-д заасныг зөрчсөн албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, байгууллагыг 500000-700000 төгрөгөөр торгоно.

41 дүгээр зүйл.Санал тоолох

41.1.Санал тоолох ажлыг 22 цагт эхэлж, ил тод, нээлттэй явуулна.

41.2.Санал тоолоход ажиглагч, сонгогчдын болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид байлцаж болно.

41.3.Санал тоолох бэлтгэл хангагдмагц хэсгийн хорооны дарга санал тоолох ажиллагаа явагдахыг зарлах ба хэсгийн хороо дараахь журмаар гүйцэтгэнэ:

41.3.1.санал өгсөн нийт сонгогчийн тоо нь санал авахад зарцуулсан саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;

41.3.2.санал авахад зарцуулагдаагүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэл хөтөлж, боож битүүмжлэх;

41.3.3.энэ хуулийн 41.3.1, 41.3.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа саналын хайрцгийг нээж, саналыг тоолох;

41.3.4.санал тоолж дууссаны дараа санал хураалтын дүнг хэсгийн хэмжээгээр гаргах.

41.4.Хэсгийн хороо сонгуулийн дүнг дараахь үзүүлэлтээр гаргана:

41.4.1.сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо;

41.4.2.санал өгсөн нийт сонгогчийн тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон урьдчилан санал өгсөн сонгогчийн тоо;

41.4.3.саналын хайрцгаас гарсан хүчинтэй болон хүчингүй саналын хуудасны тоо;

41.4.4.нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувь.

41.5.Санал авахад зарцуулсан болон зарцуулагдалгүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн хэсгийн хороо анх хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд зайлшгүй шаардлага гарвал саналын хуудсыг дахин тоолно.

41.6.Санал тоолох үед энэ хуулийн 41.5-д заасан зөрүү гарвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, санал тоолох ажилд оролцогчдоор гарын үсэг зуруулна.

41.7.Санал тоолох цаг болоогүй байхад саналын хайрцаг нээх, түүнчлэн санал тооллогыг завсарлахыг хориглоно.

41.8.Санал огт тэмдэглээгүй буюу бүх нэр дэвшигчийн нэрийг дарсан саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож, хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ.

41.9.Хэсгийн хороо хуралдаанаараа сонгогчдын санал тоолсон дүнг хэлэлцэн шийдвэр гаргаж, уншин сонсгосны дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд нэн даруй хүргүүлнэ.

41.10.Энэ хуулийн 41.1-41.9-д заасан санал тоолох журам зөрчсөн сонгуулийн хорооны гишүүнийг 150000-200000 төгрөгөөр, дарга, нарийн бичгийн даргыг 200000-250000 төгрөгөөр торгож, үйлдсэн зөрчил нь ноцтой бол хорооны гишүүнээс гаргана.

42 дугаар зүйл. Саналын хуудсыг хүчингүйд тооцох

42.1.Дор дурдсан тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно:

42.1.1.баталсан загварын бус хуудсаар санал өгсөн;

42.1.2.тухайн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн даргын гарын үсэггүй, хорооны тэмдэггүй саналын хуудсаар санал өгсөн;

42.1.3.тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал өгсөн, түүнчлэн энэ хуульд зааснаас өөр тэмдэглэл хийснээс аль нэр дэвшигчид санал өгснийг тодорхойлох боломжгүй болсон; /Энэ заалтад 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /

42.1.4.нэр дэвшигчийн нэрийн өмнө тавьсан тэмдгийг засварласнаас аль нэр дэвшигчид санал өгснийг тодорхойлох боломжгүй болсон;

42.1.5.нэрээ татсан болон нас барсан нэр дэвшигчийн төлөө санал өгсөн.

43 дугаар зүйл.Сонгуулийн дүнг гаргах, Хурлын төлөөлөгчийг бүртгэх

43.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нь хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг энэ хуулийн 41.4-т заасан үзүүлэлтээр нэгтгэж, тухайн тойргийн санал хураалтын нэгдсэн дүнг гаргана.

43.2.Санал хураалтын дүнг саналын хүчинтэй хуудсаар гаргана.

43.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчдийг авсан саналын нь тоогоор дараалалд оруулах бөгөөд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг тухайн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.

43.4.Тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн тохиолдолд дахин санал хураалт явуулж, энэ хуулийн 43.3-т заасны дагуу нэр дэвшигчийг Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.

43.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо тухайн Хурлын төлөөлөгчид сонгогдогчдыг бүртгэж, түр үнэмлэх олгоно.

43.6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн нэгдсэн дүнг тойрог, нэр дэвшигч бүрээр тооцож гаргана.

43.7.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо орон нутгийн Хурлын сонгуулийн дүнг долоо хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, олонхийн санал авсан нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон Хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон олон нийтэд долоо хоногийн дотор мэдээлнэ.

НАЙМДУГААР БYЛЭГ

Санал авалт болон сонгуулийг хүчингүй болсонд тооцох, дахин санал авах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох

44 дүгээр зүйл.Сонгуулийн хэсэгт явуулсан санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах

44.1.Сонгуулийн хэсэгт явуулсан санал хураалтыг сум, дүүргийн сонгуулийн хороо дор дурдсан тохиолдолд хүчингүйд тооцно:

44.1.1.байгалийн гамшиг тохиолдсон, гоц халдварт өвчин гарсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд, түүнчлэн шилжсэн сонгогчдын саналыг битүүмжилж авснаас бусад тохиолдолд санал хураахаар зарласнаас өөр өдөр санал авсан;

44.1.2.санал хурааж эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, эсхүл хуульд заасан цагаас өмнө түүнийг нээсэн;

44.1.3.сонгуулийн хорооны гишүүн буюу сонгогчдод хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн;

44.1.4.сонгуулийн хороодын гишүүн, бусад байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 16, 18, 19, 38, 40, 41 дүгээр зүйлд заасан сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, сонгогч шилжих, сонгогчийн үнэмлэх олгох, санал авах ажлыг зохион байгуулах, сонгогч санал өгөх, санал тоолох журмыг зөрчсөн.

44.2.Санал хураалтыг хүчингүйд тооцвол энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор дахин санал хураалт явуулна.

44.3.Дахин санал хураах шийдвэрийг сум, дүүргийн сонгуулийн хороо гаргаж, уг шийдвэрт санал хураах байр, өдрийг заах ба түүнийг ажлын өдөр явуулж болно.

44.4.Санал хураалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүйд тооцсон бол тухайн хэсгийн нийт сонгогч, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар хураасан саналыг хүчингүйд тооцсон бол уг хайрцагт санал өгсөн сонгогчдыг дахин санал хураалтад оролцуулна.

44.5.Дахин санал хураалт дуустал сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

44.6.Энэ хуулийн 44.5-д заасныг зөрчсөн ухуулагч, шадар туслагч, дэмжигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 150000-200000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, нам, эвсэл, бусад байгууллагыг 700000-900000 төгрөгөөр торгоно.

45 дугаар зүйл.Орон нутгийн Хурлын сонгуулийг хүчингүйд тооцох, дахин сонгууль явуулах

45.1.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо дор дурдсан тохиолдолд орон нутгийн Хурлын сонгуулийг хүчингүйд тооцож дахин сонгууль явуулах шийдвэр гаргана:

45.1.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт сонгогчийн 50 хувь нь санал хураалтад оролцоогүй;

45.1.2.энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу хэсэгт явуулсан дахин санал хураалт хүчингүй болсон бөгөөд тэр нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр байвал.

45.2.Дахин сонгуулийг тухайн сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш 14 хоногийн хугацаанд явуулна.

45.3.Дахин сонгууль явуулах шийдвэр гарсан бол сонгуулийн хороог шинэчлэн байгуулах, нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажиллагааг энэ хуулийн холбогдох заалтыг баримтлан зохион байгуулна.

46 дугаар зүйл. Орон нутгийн Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох

46.1.Хурлын төлөөлөгч нас барсан, чөлөөлөгдсөн, тухайн орон нутгаас шилжсэн, эсхүл огцорсон бол тухайн тойрогт нөхөн сонгууль явуулна.

46.2.Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн үед орон гарсан бол нөхөн сонгууль явуулахгүй.

46.3.Энэ хуулийн 46.1-д заасан нөхөн сонгууль явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг баримтлах бөгөөд нөхөн сонгуулийг дор дурдсан хугацаанд зохион байгуулна:

46.3.1.энэ хуулийн 46.1-д заасан нөхцөл байдал үүссэнээс хойш 15 хоногийн дотор аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид нөхөн сонгуулийн товыг зарлаж, 14 хоногийн хугацаанд багтаан нөхөн сонгуулийг явуулах;

46.3.2.холбогдох сонгуулийн хороо, хэсгийг санал авах өдрөөс 12-оос доошгүй хоногийн өмнө, сонгуулийн хэсгийн хороог 10-аас доошгүй хоногийн өмнө тус тус байгуулах;

46.3.3.нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль зарласнаас хойш 4 хоногийн дараа эхэлж, 3 хоногийн хугацаанд дуусгах;

46.3.4.сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу үйлдэж, санал авах өдрөөс 10 хоногийн өмнө хэсгийн хороонд өгөх ба хэсгийн хороо энэхүү жагсаалтыг нэгтгэж санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө сонгогчдод танилцуулах ажлыг зохион байгуулах.

46.4.Нөхөн сонгогдсон Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан төлөөлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

46.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо ээлжит болон ээлжит бус, нөхөн сонгууль явагдсаны дараа тухайн сонгуультай холбоотой бүх баримт бичгийг тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд хүлээлгэж өгнө.

ЕСДҮГЭЭР БYЛЭГ

Бусад асуудал

47 дугаар зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага

47.1.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

47.2.Энэ хуульд заасан зөрчил гаргаж, захиргааны хариуцлага хүлээсэн нь уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

48 дугаар зүйл.Сонгуулийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх бусад хариуцлага

48.1.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад эд хөрөнгийн болон бусад хохирол учирсан бол гэм буруутай этгээдэд Иргэний хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

49 дүгээр зүйл.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргааныг шийдвэрлэх харьяалал

49.1.Энэ хуульд сонгуулийн хороод харьяалан шийдвэрлэхээр заасан зөрчил гарсан бол гомдлыг холбогдох сонгуулийн хороонд гаргана.

49.2.Энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба түүнд давж заалдсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

49.3.Энэ хуульд заасан зөрчил гаргасан сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг тухайн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс гаргах асуудлыг уг сонгуулийн хороо бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж шийдвэрлэнэ.

49.4.Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах, нэрийн жагсаалтаас хасах, түүнчлэн санал хураалтын дүн, санал хураалт ба сонгуулийг хүчингүйд тооцох, дахин санал хураах асуудлаар аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрийн талаар маргаан гарвал тухайн нутаг дэвсгэрийг харьяалах захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

49.5.Энэ хуульд заасан хууль бус хандив, орлогыг улсын орлого болгох тухай нэхэмжлэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сум буюу сум дундын шүүхэд гаргах ба шүүх уг асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

50 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

50.1.Энэ хуулийг 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

50.2.Энэ хуулийн 21.5.4, 23.3.6 дахь заалтыг 2012 оны орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилээс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ