АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

 

/Энэ хуулийг 2007 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ


1996 оны 8 дугаар сарын 27-ны өдөрУлаанбаатар хот

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль /цаашид “сонгууль” гэх/-ийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж

Аймаг, нийслэл,сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэх /-ын сонгуулийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Сонгуулийн үндсэн зарчим,хугацаа

1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль Монгол Улсын иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож саналаа нууцаар гаргах зарчимд үндэслэнэ.

2.Санал авах өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга оршин сууж байгаа Монгол Улсын 18 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаваргүйгээр сонгох эрхтэй. Гагцхүү эмнэлгийн дүгнэлт,шүүхийн шийдвэрээр ухаан солиотой нь нотлогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа хүн сонгуульд оролцохгүй.

4 дүгээр зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

1.Сонгууль зохион байгуулж явуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

1/нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны болон ажиглагчийн үнэмлэх, саналын хуудас, сонгуулийн дүн, мэдээний маягт хэвлэх, шаардлагатай бол сонгуулийн хороодын тамга, тэмдэг хийлгэх зардал;

2/сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;

3/сонгуулийн хорооны гишүүн тус хороонд ажилласан хугацааны хөлс, сонгуулийн хорооны бүрэлдэхүүний сонгуулийн өдрийн хоолны зардал; /Энэ заалтыг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн. /

4/Улсын Их Хурлаас тогтоосон бусад зардал. /Энэ заалтын дугаарыг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчилсөн. /

2.Улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

З.Сонгуулийн хороодын ажиллах, санал авах байр, сонгуулийн хороодыг тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зохицуулна. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

4.Нам, эвслээс болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хариуцна.

5.Нам, эвслийн салбар байгууллага болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын сан байгуулж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх банк, банкны салбарт данс нээж аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд мэдэгдэж нийтэд зарлана. Энэ дансанд тухайн нам, эвслийн салбар байгууллага болон бие даан нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, талархан дэмжигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулсан хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зарцуулна.

6.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сонгуульд зориулж зөвхөн мөнгөн хандив өргөж болох бөгөөд түүнийг сонгуулийн зардлын сангийн дансанд оруулна. Уг данснаас гадуур сонгуульд зориулж хандив авах, өгөх, зарцуулах, түүнчлэн төсөвт ба төрийн өмч оролцсон байгууллага / төрийн өмчийн хэсгээс нь/ , гадаадын аж ахуйн нэгж, байгууллага / хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/ , иргэн, харьяалалгүй хүнээс сонгууль бэлтгэн явуулах / сонгууль зарласнаас эхлээд дуусталх/ хугацаанд хандив авч үл болно.

7.Сонгууль бэлтгэн явуулах хугацаанд аливаа тусламжийн эд хөрөнгийг борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно.

8.Нам, эвслийн салбар байгууллагын болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны хөдөлгөөнийг зогсоох, сонгуулийн зардлын санг зарцуулах асуудлыг Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэгт заасны дагуу зохицуулна.

9.Сонгуулийн зардлын сан бий болгох, зарцуулах, тайлагнах журмыг Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо батална.

10.Нам, эвслийн салбар байгууллага, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын сангийн зарцуулалтын тайланг дансны хөдөлгөөн зогсоосон өдрөөс хойш хагас сарын дотор аймаг,нийслэл,сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. Сонгуулийн хороод уг тайланг хянан хэлэлцэж, сонгууль дууссан өдрөөс хойш нэг сарын дотор дүнг орон нутгийн хэвлэлд нийтэлнэ.

11.Сонгуулийн зардлын сангаас зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгийг шүүх гэм буруутай этгээдээр гаргуулан улс, орон нутгийн төсөвт оруулна.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Сонгууль зарлах, сонгуулийн хэсэг байгуулах

5 дугаар зүйл.Сонгууль зарлах

1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 21-ээс доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

2.Сонгогчдын саналыг ажлын болон баяр ёслолын бус өдөр авна. 51 дүгээр зүйл. Сонгуулийн тойрог, түүнийг байгуулах

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгоход хүн амын тоог харгалзан тойрог бүр нэг мандаттай байхаар тооцож тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 18-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн тойрог байгуулна.

2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтооно.

/Энэ зүйлийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

6 дугаар зүйл.Сонгуулийн хэсэг, түүнийг байгуулах

Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 16-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлана.

/Энэ зүйлд 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Сонгууль эрхлэн явуулах байгууллага, түүний бүрэн эрх

7 дугаар зүйл.Сонгуулийн хороо

1.Сонгууль бэлтгэн явуулах ажлыг дараахь байгууллага эрхэлнэ:

1/Улсын Их хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо;

2/аймаг, нийслэлийн сонгуулийн хороо;

3/сум, дүүргийн сонгуулийн хороо;

4/сонгуулийн хэсгийн хороо.

2.Сонгууль бэлтгэн явуулахад тухайн орон нутгийн байгууллага, албан тушаалтан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу оролцоно.

3.Сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байна. Энэ заалт сонгогчдын санал нууцаар авахад хамаарахгүй.

8 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулж явуулах талаархи Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх

Сонгуулийн ерөнхий хороо аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

/Дээрх 8 дугаар зүйлийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

9 дүгээр зүйл.Аймаг,нийслэлийн сонгуулийн хороо, түүний бүрэн эрх

1.Аймаг, нийслэлийн хэмжээнд сонгууль бэлтгэн явуулах ажлыг зохион байгуулах, санал хураалтын дүнг нэгтгэн гаргах зорилгоор тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 18-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, нийтэд мэдээлнэ. Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүний тоог ажлын хэмжээ, намын төлөөллийг харгалзан тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

2.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч байж болохгүй.

3.Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд аль нэгэн нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

4.Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/сонгууль бэлтгэн явуулах ажлыг зохион байгуулах;

2/сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, сахин биелүүлэх явдлыг хангах, доод шатны сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах, шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах; /Энэ заалтад 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт орсон. /

3/сонгууль бэлтгэн явуулах асуудлаар тухайн нутаг дэвсгэр дэх төрийн зохих шатны байгууллагатай хамтран ажиллах;

4/сонгууль бэлтгэн явуулах асуудлаар сонгуулийн хэсгийн хороо, тухайн нутаг дэвсгэрийн төрийн зохих шатны байгууллагын удирдагчдын мэдээллийг сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

5/сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнтэй холбогдсон өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;

6/сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх, хуваарилах, тараах, тооцоолох;

7/сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг бүртгэж, тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг бэлтгэж аймаг,нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

8/дахин санал авах, сонгууль явуулах ажлыг зохион байгуулах;

9/сонгуулийн холбогдолтой баримт бичгийг холбогдох хороодоос татан авч архивлах ажлыг зохион байгуулах;

10/энэ хуулийн 23 дугаар зүйлийн 6,7 дахь хэсгийг зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон, мөн зүйлийн 5, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах; /Энэ заалтыг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн. /

11/хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийг биелүүлэх. /Энэ заалтын дугаарыг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчилсөн. /

10 дугаар зүйл.Сум дүүргийн сонгуулийн хороо, түүний бүрэн эрх

1.Сум, дүүргийн хэмжээнд сонгууль бэлтгэн явуулах ажлыг зохион байгуулах, санал хураалтын дүнг нэгтгэн гаргах зорилгоор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 16-аас доошгүй хоногийн өмнө сум, дүүргийн сонгуулийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, нийтэд мэдээлнэ. Сум, дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүний тоог ажлын хэмжээ, намын төлөөллийг харгалзан тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

2.Сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч байж болохгүй.

3.Сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд аль нэгэн нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

4.Сум, дүүргийн сонгуулийн хороо нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1,2, З,4,5,8-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

2/аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнг нэгтгэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх;

3/сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг бүртгэж, тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг бэлтгэн, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

4/сонгуулийн холбогдолтой баримт бичгийг тогтоосон журмын дагуу цэгцэлж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

5/хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх, аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос өгсөн үүргийг биелүүлэх.

11 дүгээр зүйл.Сонгуулийн хэсгийн хороо, түүний бүрэн эрх

1.Сонгуулийн хэсгийн хороог санал авах өдрөөс 16-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгуулж, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог сонгогчдын тоо, ажлын хэмжээг харгалзан тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

2.Сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч байж болохгүй.

3.Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд аль нэг нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулахыг хориглоно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

4.Сонгуулийн хэсгийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/сонгуулийн хэсгийн хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

2/сонгогчдын нэрсийн жагсаалтыг хэсгийн хэмжээнд нэгтгэн шалгах;

3/санал авах байр, саналын хуудас, хайрцгийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;

4/санал хураалтын дүнг гаргаж сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэх;

5/сонгуулийн холбогдолтой баримт бичгийг тогтоосон журмын дагуу цэгцэлж, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх;

6/сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;

7/хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх, сум, дүүргийн сонгуулийн хорооноос өгсөн үүргийг биелүүлэх.

12 дугаар зүйл.Сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт

1.Сонгуулийн хороод өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. Гишүүдийн олонхи нь оролцсон бол сонгуулийн хорооны хуралдааныг хүчинтэйд тооцно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.

3.Сонгуулийн хороо нь ажлын шаардлага, зардлын хэмжээг харгалзан гишүүдээ үндсэн ажлаас нь түр чөлөөлж ажиллуулна.

4.Сонгуулийн хэсгийн хорооны шийдвэрийн талаар сум, дүүргийн сонгуулийн хороонд, сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэрийн талаар аймаг,нийслэлийн сонгуулийн хороонд гомдол гаргаж болно. Гомдлыг хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянан шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

5.Сонгуулийн хороо сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар төр, нам, олон нийтийн зохих шатны байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй бөгөөд байгууллага, албан тушаалтан тухайн шаардлагыг хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

6.Сонгуулийн хорооноос бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн төр, нам, олон нийтийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Сонгогчдын нэрийн жагсаалт

13 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалт,түүнийг үйлдэх, танилцуулах

1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн тойрог, хэсэг бүрээр үйлдэж, сонгогчдын тоог аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд нэгтгэнэ. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт орсон. /

2.Сонгогчдын нэрийн жагсаалтад түүнийг үйлдэх үед сонгуулийн тухайн хэсэгт байнга оршин суугаа бүх сонгогчийн овог, нэр, нас, оршин сууж байгаа газрын хаяг, иргэний үнэмлэх, паспортын болон регистрийн дугаарыг бүртгэнэ. Цагдаагийн байгууллага болон эмнэлэг, амралт, сувиллын газрын эрх баригчид сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт орсон. /

3.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэртээ оршин сууж байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг байнгын оршин суугаа хаягийн бүртгэлийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтаар хоёр хувь үйлдэж, санал авах өдрөөс 15 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд хүргүүлнэ.

4.Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 8-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу хоёр хувь үйлдэж, хэсгийн хорооны дарга гарын үсгээ зурж, ил тавьж, сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

14 дүгээр зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар гомдол гаргах

1.Сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгээгүй буюу буруу бүртгэсэн байвал тэрээр тухайн сонгуулийн хэсгийн хороонд гомдол гаргах эрхтэй.

2.Сонгуулийн хэсгийн хороо уг гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор хянан үзэж, сонгогчдын нэрийн жагсаалтад зохих өөрчлөлт оруулах буюу гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж, хариу мэдэгдэнэ. Сонгогч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.

15 дугаар зүйл.Сонгогч шилжих

Сонгогч саналын хуудас хэсгийн хороонд очихоос өмнө аймаг, нийслэл, сум, дүүрэг дотроо нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжвэл сонгуулийн хэсгийн хороонд очиж сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулан, очсон газрынхаа сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.

/Энэ зүйлд 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

 


ТАВДУГААР БҮЛЭГ
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх

16 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх хугацаа, нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага

/Энэ зүйлийн гарчгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчилсөн./

1.Нэр дэвшүүлэх ажлыг сонгууль зарласнаас хойш 4 хоногийн дараа эхэлж 5 хоногийн хугацаанд дуусгана. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

2.Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдийн бүртгэлд бүртгүүлж, үнэмлэх авсан хүнийг нэр дэвшигч гэж тооцно.

3.Нэр дэвшигч нь дараахь шаардлагыг хангана:

1/банкны зээл, түүний батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй;

2/ял шийтгэлгүй. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн. /

17 дугаар зүйл.Нам, эвслээс нэр дэвшүүлэх

1.Сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбар байгууллагатай нам, эвсэл сонгуульд оролцох эрхтэй. Нам, эвслийн эдгээр салбар байгууллага дангаараа буюу хамтран тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлж болно. Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэлд нэгдэж орсон намуудын салбар байгууллага эвслийн гэрээний хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд эвсэн оролцож болно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт орсон. /

Нам, эвсэл улс төрийн өөр намын гишүүнийг өөрийн нэрийн өмнөөс нэр дэвшүүлж болохгүй.

2.Нам, эвслийн тухайн шатны засаг захиргааны нэгжийн салбар байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд тойрог тус бүрийн мандатын тоогоор нэр дэвшүүлнэ. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

3.Нам, эвслээс нэр дэвшигчдийн тоо нь тухайн тойрогт сонгогдох иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн мандатын тооноос илүү байж болохгүй.

/Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон. /

Нам, эвслийн салбар байгууллага нэр дэвшүүлэхдээ доод шатныхаа байгууллагын саналыг харгалзсан байвал зохино.

4.Нам, эвслийн салбар байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлсэн тухай шийдвэрээ нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон загварын дагуу үйлдсэн намтрын хамт аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ.

18 дугаар зүйл.Бие даан нэрээ дэвшүүлэх

1.Иргэн өөрийн харьяалагдах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд бие даан нэрээ дэвшүүлэх эрхтэй. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

2.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь аймаг, нийслэлд 151, сум, дүүрэгт 75-аас доошгүй сонгогч-дэмжигчдийн гарын үсгийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон загвараар үйлдсэн маягтын дагуу зуруулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.

3.Бие даан нэр дэвшигч нь дэмжигчдийнхээ гарын үсэг бүхий маягтыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон загварын дагуу үйлдсэн намтар, нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдлийн хамт аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд өгнө.

4.Нэр дэвшигчийг дэмжсэн сонгогч-дэмжигчдийн гарын үсэг үнэн зөв эсэхийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгогчдын иргэний баримт бичиг, хаягийн бүртгэлтэй тулгах буюу, шаардлагатай бол дэмжигчидтэй уулзаж нягтлан шалгана. Гарын үсгийг хуурамчаар үйлдсэн бол тухайн хүн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшсэнийг холбогдох сонгуулийн хороо хүчингүйд тооцно.

181 дүгээр зүйл.Нэр дэвшигч барьцаа өгөх

1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч бүр 10000, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч бүр 5000 төгрөгийг аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн сонгуулийн хороонд барьцаа болгон өгнө.

2.Нам, эвслээс нэр дэвшигчийн барьцааны мөнгийг тухайн нам, эвсэл нь, харин бие даан нэр дэвшигч барьцааны мөнгөө өөрөө хариуцна.

3.Нэр дэвшигч нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдвол барьцааг эгүүлэн олгоно. Барьцааны үлдсэн мөнгийг орон нутгийн төсөвт оруулна.

/Энэ зүйлийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

19 дүгээр зүйл.Нэр дэвшигч, тэдгээрийн жагсаалт

1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр дэвшигч байж болно.

2.Нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг сонгуулийн хэсгийн хорооны байранд байрлуулан, орон нутгийн сонин хэвлэлд нийтэлж нийтэд танилцуулна.

3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт тус тусдаа байна.

20 дугаар зүйл.Нэр дэвшигчийг бүртгэх

1.Нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчийг аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгууль зарласнаас хойш 13 хоногийн дотор бүртгэж, үнэмлэх олгоно. Нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, эвслээс ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

2.Сонгуулийн хороод нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гаргах бөгөөд сум, дүүргийн сонгуулийн хороо энэ шийдвэрээ аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. Нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш сум, дүүргийн сонгуулийн хороо ажлын З өдрийн дотор,аймаг, нийслэлийн сонгуулийн хороо ажлын 6 өдрийн дотор нийт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээгээр нэгтгэн гаргаж, нийтэд мэдээлнэ.

21 дүгээр зүйл.Нэр дэвшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, нэр дэвшигч татгалзах

1.Нэр дэвшигч өөрөө татгалзах буюу нам, эвсэл нь нэр дэвшүүлэгчээ татан гаргах, түүний оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшигч буюу нам, эвсэл энэ тухай шийдвэрээ аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд нэн даруй мэдэгдэнэ. Нэр дэвшсэнийг хүчингүйд тооцсон тухай аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хорооны шийдвэр, нэр дэвшигч өөрөө татгалзсан буюу,эсхүл нам, эвсэл өөрийн нэр дэвшигчийг татан гаргасан тухай аймаг,нийслэл,сум, дүүргийн сонгуулийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

2.Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан тухайгаа санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд мэдэгдээгүй бол татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

3.Саналын хуудас хэвлэгдсэнээс хойш нэр дэвшигч нэрээ татахыг хориглоно. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн. /

22 дугаар зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх

Нэр дэвшигч нас барсан, түүнчлэн энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны өмнө нам, эвсэл нэр дэвшигчээ татан авсан тохиолдолд тухайн нам, эвсэл өөр хүний нэрийг нөхөн дэвшүүлж, санал авах өдрөөс 10 хоногийн өмнө аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлж болно.

/Энэ зүйлд 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаа, нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

23 дугаар зүйл.Сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаа, уулзалт

1.Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн өмнөх сурталчилгаа явуулахдаа Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 1,2, 5,6 дахь хэсгийн заалтыг баримтална.

2.Орон нутгийн радио, телевизээр сонгуулийн ухуулга, сурталчилгаа үнэ төлбөргүй явуулах хугацаа, боломж нь нам, эвсэл бүрт, түүнчлэн сонгуульд өрсөлдөгч бие даан нэр дэвшигчдэд харилцан адил байна.

3.Сонгуулийн хорооноос тогтоож олгосон хугацаанаас бусад цагт нам, эвсэл, нэр дэвшигч орон нутгийн радио, телевизээр сурталчилгаа явуулбал үнэ хөлсийг төлнө.

4.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч сонгогчидтойгоо уулзалт хийж болно.

5.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн ухуулга, сурталчилгаа, нэр дэвшигчийн сонгогчидтойгоо хийх уулзалтыг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно.

6.Нэр дэвшигч, түүний шадар туслагч, ухуулагч, нам, эвсэл, талархан дэмжигч этгээд санал худалдаж авах, сонгогчдыг татах зорилгоор тэдэнд төлбөртэй болон үнэ төлбөргүйгээр бараа тараах, шагнал, урамшуулал, тусламж олгох, дайллага хийх, урлаг, спорт, ахуйн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, сонгуульд үл хамаарах ажил, үйлчилгээ явуулахыг хориглоно. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн. /

7.Нэр дэвшигч, түүний шадар туслагч, ухуулагч, бусад этгээд нь сонгогчоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэх буюу сонгуулийн хороо, түүний гишүүнээс үүргээ гүйцэтгэхэд нь санаатайгаар саад хийх, сонгуульд оролцохоос татгалзахыг нийтэд уриалах, сүсэг бишрэлийг далимдуулах, санал тоолох ажлыг зориуд саатуулах, сонгогч бусдын нэрийн өмнөөс сонгуульд оролцохыг хориглоно. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн. /

24 дүгээр зүйл.Нэр дэвшигчдэд туслах

1.Нэр дэвшигчдэд туслах үйл ажиллагаа нь Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 29 дүгээр зүйлийн 1, З дахь хэсгийн заалтаар зохицуулагдана.

2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн, ажилтан, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлж, үнэмлэх авна.

25 дугаар зүйл.Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

1.Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нам, эвслийн нэр дэвшигч нам, эвслийнхээ, бие даан нэр дэвшигч өөрийн хөтөлбөрийг тайлбарлах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, аймаг, нийслэл, сум, дүүргийнхээ холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.

2.Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

3.Нэр дэвшигчид түүний ажлын газар, байгууллагын захиргаа, хууль тогтоомжид заасны дагуу ажлаас нь чөлөө олгоно.

 


ДОЛДУГААР БҮЛЭГ
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал авах, дүнг гаргах, Хурлын

Төлөөлөгчийг бүртгэх

26 дугаар зүйл.Санал авах байр, хугацаа

1.Сонгогчдын саналыг санал авах өдөр 7. ОО цагаас оройн 22. ОО цаг хүртэл санал авах байранд авна. Сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг сонгуулийн хэсгийн хороо санал авах өдөр хүртэл 10 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

2.Сонгогчдоос саналаа нууцаар гаргахад хүрэлцэх тооны тасалгаа, саналын хайрцаг бүхий байрыг тухайн сонгуулийн хэсгийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга хариуцаж бэлтгүүлнэ.

27 дугаар зүйл.Саналын хуудас

1.Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг болно.

2.Саналын хуудсыг Улсын Их Хурлаас баталсан загварын дагуу аймаг, нийслэлийн сонгуулийн хороо эрхлэн хэвлэж, сум, дүүргийн сонгуулийн хороонд санал авах өдрөөс 6-аас доошгүй хоногийн өмнө, сонгуулийн хэсгийн хороонд 5-аас доошгүй хоногийн өмнө хүрсэн байхаар зохион байгуулна. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

3.Саналын хуудсыг аймаг, нийслэл, сум, дүүргээр тус тусад нь хэвлэнэ. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

4.Саналын хуудсанд дугаар, нэр дэвшигчдийн овог, нэр нам, эвслийн харьяаллыг бичнэ. Нэр дэвшигчдийн дарааллыг нэр дэвшүүлсэн нам, эвслийн Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар тогтооно. Эвслийг дараалалд оруулахдаа эвсэлд оролцогч намуудаас хамгийн түрүүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллаар тогтооно. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

5.Бие даан нэр дэвшигчийг нам, эвслээс нэр дэвшигчдийн дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлсэн дарааллаар бичнэ.

6.Саналын хуудсанд тухайн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна. Гарын үсэг, тэмдэггүй саналын хуудсаар санал өгч болохгүй.

28 дугаар зүйл.Санал авах ажлыг зохион байгуулах

1.Санал авахаар товлосон өдрийн өглөөний 7. ОО цагт сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөлөгчдийг байлцуулан саналын бүх хайрцгийг шалган битүүмжилж, санал авах ажиллагааг эхэлнэ. Энэ ажиллагаанд нам, эвслээс томилогдсон ажиглагчид байлцаж болно.

2.Ажиглагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд бүртгүүлж, үнэмлэх авна. Ажиглагч сонгогчдын санал авах, санал тоолох, сонгуулийн дүн гаргах үед уг ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг хөндлөнгөөс ажиглан хянах эрхтэй бөгөөд сонгуулийн хороодын үйл ажиллагаанд хутгалдан оролцож болохгүй.

3.Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн иргэний үнэмлэх, паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг нэрийн жагсаалттай тулган шалгаж, сонгогч бүрт саналын хуудас олгоно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт орсон. /

4.Санал авах өдөр сонгуулийн өөр хэсгээс шилжин ирсэн сонгогчдыг иргэний үнэмлэх, паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг нь үндэслэн нэрийн нэмэлт жагсаалтад бүртгэж, саналын хуудас олгоно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт орсон. /

5.Саналын хуудас олгосныг сонгогчдын нэрийн жагсаалтад, саналаа өгснийг иргэний паспорт, түүнтэй адилтгах бичиг баримтад тэмдэглэн сонгуулийн хэсгийн хорооны тэмдэг дарна. Эсхүл тусгайлан тэмдэг тавьж болно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт орсон. /

29 дүгээр зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгоход санал өгөх

1.Сонгогч санал авах байранд биечлэн ирж саналаа өгнө. Харин биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчийн саналыг түүний хүсэлтээр сонгуулийн хэсгийн хорооны 2-оос доошгүй гишүүн очиж, битүүмжилсэн хайрцгаар авна.

2.Саналын хуудсыг сонгуулийн хэсэгт ирүүлснээс хойш санал авах өдөр хүртэл сонгогч түр шилжин явахад хүрвэл сонгуулийн хэсгийн хороонд ирж саналын хуудас авч саналаа нууцаар тэмдэглэж дугтуйлан битүүмжлэн үлдээж болно. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн битүүмжлэн үлдээсэн саналын нууцыг чандлан хадгална.

3.Сонгогч саналын хуудсыг авч санал бэлтгэх тасалгаанд орж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас тус бүр нэг нэр дэвшигчийн өмнөх дугаарыг дугуйлан тэмдэглээд саналын хайрцагт хийнэ. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

4.Сонгогч саналаа илэрхийлэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэсэн бол уг саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө хэсгийн хороонд энэ тухайгаа мэдэгдэж хуудсаа хураалган, дахин нэг саналын хуудас авч болно. Хураалгасан саналын хуудсыг сонгуулийн хэсгийн хороо протоколд тэмдэглэж хадгална.

5.Санал бэлтгэх тасалгаанд тухайн сонгогчоос өөр хэн ч байж болохгүй. Саналын хуудсанд саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаа авч болно.  Харин аль нэг нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, сонгуулийн хорооны гишүүн болон ажиглагчдаар ийнхүү туслалцуулж болохгүй.

6.Саналын хайрцагт саналын илүү буюу өөр хуудас хийх зэргээр сонгогчоос буруу үйлдэл гаргуулахгүйн тулд сонгогчийн саналын нууцыг алдагдуулахгүйгээр сонгуулийн хэсгийн хорооноос хяналт тавина.

30 дугаар зүйл.Саналын хуудсыг хүчингүйд тооцох

1.Дор дурдсан тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно:

1/батлагдсан загварын бус хуудсаар санал өгсөн

2/сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн даргын гарын үсэг, хэсгийн хорооны тэмдэггүй хуудсаар санал өгсөн;

3/энэ хуульд зааснаас өөр тэмдэглэл хийсэн нь аль нэгэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн нь тодорхойгүй бол; /Энэ заалтыг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

4/ /Энэ заалтыг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5/ /Энэ заалтыг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

2./Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

31 дүгээр зүйл.Санал тоолох

1.Санал тоолох ажлыг санал авахаар товлосон өдрийн оройн 22.00 цагт эхэлж, ил тод, нээлттэй явуулна. Санал тоолоход ажиглагчид, сонгогчдын болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид байлцаж болно.

2.Оройн 22.00 цаг болмогц сонгуулийн хэсгийн хорооноос санал тоолох тухай мэдэгдэж, олгоогүй үлдсэн саналын хуудсыг тоолж битүүмжилсний дараа саналын хайрцгийг нээнэ. Санал тоолох цаг болоогүй байхад саналын хайрцаг нээх, санал тооллогыг завсарлахыг хориглоно.

3.Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг баримтлан тухайн тойрог, хэсгийн нийт сонгогчдын тоо, саналын хуудас авсан сонгогчдын тоо, саналын хайрцгаас гарсан хүчинтэй болон хүчингүй хуудасны тоо, нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоог сонгуулийн тойрог, хэсгийн хэмжээгээр тоолж гаргана. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон. /

4.Сонгуулийн хэсгийн хороо хуралдаанаараа сонгогчдын санал тоолсон дүнг хэлэлцэн шийдвэр гаргаж уншин сонсгоно. Уул шийдвэрт сонгуулийн хэсгийн хорооны дарга, гишүүд, ажиглагчдын төлөөлөгчид гарын үсэг зурж, хэсгийн тэмдэг дарсны дараа битүүмжлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороонд нэн даруй хүргүүлнэ.

32 дугаар зүйл.Сонгуулийн дүнг гаргах,иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг бүртгэх

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нь сонгуулийн хэсгийн хорооны шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт сонгогчдын тоо, саналын хуудас авсан сонгогчдын тоо, хүчинтэй, хүчингүй хуудасны тоо нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоог тойрог бүрээр нэгтгэн гаргана. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

2.Сонгуулийн дүнг гаргахдаа саналын хүчинтэй хуудсаар тооцно.

3.Тухайн тойрогт сонгогчдын хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно.

Нэр дэвшигчдийн сонгогчдоос авсан санал тэнцсэн тохиолдолд тэдгээр нэр дэвшигчдийг дахин санал хураалтад оруулж хамгийн олон санал авсныг нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

4./Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5./Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6./Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7./Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. /

8.Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнг нэр дэвшигч тус бүрээр тооцон ажлын 7 хоногт багтаан гаргаж хуралдаанаараа хэлэлцэнэ. Тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдогсдын нэрсийн жагсаалтыг тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

 


НАЙМДУГААР БҮЛЭГ
Санал хураалт болон сонгуулийг хүчингүйд тооцох, дахин санал хураалт, сонгууль явуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийг нөхөн сонгогдсонд тооцох

33 дугаар зүйл.Сонгуулийн хэсэгт явагдсан санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах

1.Сонгуулийн хэсэгт явагдсан санал хураалтыг сум, дүүргийн сонгуулийн хороо дор дурдсан тохиолдолд хүчингүйд тооцно:

1/байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул, хүндэтгэн үзэх өөр шалтгаанаас бусад нөхцөлд урьд зарласнаас өөр байранд, түүнчлэн шилжигчдийн саналыг битүүмжилж авснаас бусад тохиолдолд урьд зарласнаас өөр өдөр санал авсан;

2/санал хурааж эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн;

3/сонгуулийн хорооны гишүүн буюу сонгогчдод хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн;

4/сонгуулийн хорооны гишүүн бусад байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хууран мэхлэх зэргээр сонгуулийн хуулийг зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн.

2.Санал хураалтыг хүчингүйд тооцсон тохиолдолд энэ тухай холбогдох сонгуулийн хорооны шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор дахин санал хураалт явуулна. . Дахин санал хураалт явуулах шийдвэрийг сум, дүүргийн сонгуулийн хороо гаргана. Уг шийдвэрт дахин санал авах байр, өдөр, цагийг заана. Санал хураалтыг хэсгийн хэмжээнд хүчингүйд тооцсон бол тухайн хэсгийн нийт сонгогч, саналын тодорхой хайрцагт хураасан саналыг хүчингүйд тооцсон бол уг хайрцагт саналын хуудсаа хийсэн сонгогчдыг дахин санал хураалтад оролцуулна.

3.Дахин санал хураалт явуулах ажлыг дуустал ухуулга, сурталчилгаа хийхийг хориглоно.

34 дүгээр зүйл.Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг хүчингүйд тооцох,дахин сонгууль явуулах

1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг дээд шатны сонгуулийн хороо дараахь тохиолдолд хүчингүйд тооцно:

1/аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгогчдын 5О хувь нь санал хураалтад оролцоогүй;

2/энэ хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу явуулсан дахин санал хураалт хүчингүй болсон нь тухайн шатны сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн.

2.Дахин сонгууль явуулах шийдвэрийг аймаг,нийслэлийн сонгуулийн хороо гаргана.

3.Дахин сонгуулийг тухайн сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш 2О хоногийн хугацаанд явуулна. Шаардлагатай бол сонгуулийн хороог шинэчлэн байгуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажилд энэ хуулийн холбогдох заалтыг баримтална.

35 дугаар зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг нөхөн сонгох

1.Сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нас барсан, чөлөөлөгдсөн, шилжсэн, бүрэн эрх нь зогсоогдсон бол тухайн тойрогт нөхөн сонгууль явуулна. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

2.Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын бүрэн эрхийн хугацаа нь нэг жил хүрэхгүй бол нөхөн сонгууль явуулахгүй. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

3./Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

4.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн нөхөн сонгууль явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг баримтлах бөгөөд нөхөн сонгуулийг дор дурдсан хугацаанд зохион байгуулна:

1/энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэнээс хойш 15 хоногийн дотор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид зарлаж, 14 хоногийн хугацаанд багтаан нөхөн сонгуулийг явуулна; /Энэ заалтад 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

2/холбогдох сонгуулийн хороо,хэсгийг санал авах өдрөөс 12-оос доошгүй хоногийн өмнө, сонгуулийн хэсгийн хороог 10-аас доошгүй хоногийн өмнө тус тус байгуулна;

/Энэ заалтад 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

3/нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль зарласнаас хойш 4 хоногийн дараа эхэлж, 3 хоногийн хугацаанд дуусгана; /Энэ заалтад 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

4/сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасан журмын дагуу үйлдэж, санал авах өдрөөс 10 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд өгнө. Хэсгийн хороо энэ жагсаалтыг санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө сонгогчдод танилцуулах ажлыг зохион байгуулна. /Энэ заалтад 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

5.Нөхөн сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан төлөөлөгчийн бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

 


ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
Бусад зүйл

36 дугаар зүйл.Сонгуулийн эрхийг хангах хууль зүйн баталгаа

1.Төрийн байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад нэр дэвшигч, нам,эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан оролцохыг хориглоно.

2.Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдвол гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

3.Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн бол 50000 хүртэл төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

4.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2,12 дугаар зүйлийн 5,6 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй албан тушаалтныг сахилгын хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх 40000-60000 төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

5.Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн иргэнийг 40000-50000, нам, эвсэл, талархан дэмжигч этгээдийг 200000-250000 төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 5, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, албан тушаалтан зөрчвөл уг үйлдлээ зогсоохыг шаардах бөгөөд энэ шаардлагыг эс биелүүлбэл шүүх тухайн нам, эвсэл, бусад байгууллагыг 250000 хүртэл, гэм буруутай албан тушаалтанг 40000-60000, иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

7.Энэ хуулийн 13 дугаар зүйлийн З, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй Засаг даргыг сахилгын хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх 60000 хүртэл төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

8.Энэ хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн орон нутгийн радио, телевизийн байгууллагыг шүүх 250000 хүртэл төгрөгөөр торгоно.

9.Энэ хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдийг шүүх 50000 хүртэл төгрөгөөр торгоно.

10.Энэ хуулийн 9, 10, 11 дүгээр зүйлийн 2,3; 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн сонгуулийн хэсгийн хорооны гишүүнийг шүүх 10000 хүртэл төгрөгөөр торгоно.

11.Сонгуулийн хороонд ажиллахаар томилогдсон иргэн үүрэгт ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол шүүх түүнийг 10000 хүртэл төгрөгөөр торгоно.

12.Энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн этгээд саналын хуудсыг дахин хэвлэхэд гарах зардлыг бүрэн хариуцна. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн. /

13.Сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч сонгуулийн хугацаанд энэ хуулийн 23 дугаар зүйлийн 6,7 дахь хэсэг болон бусад хууль тогтоомж зөрчсөн, банкны зээл, түүний батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өртэй, мөн ял шийтгэлтэй нь нотлогдсон бол тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний төлөөлөгчийн бүрэн эрхийг зогсооно. /Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн. /

37 дугаар зүйл.Сонгуулийн холбогдолтой маргааныг шийдвэрлэх

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн талаарх аливаа маргааныг Үндсэн хуулийн цэц, шүүх, сонгуулийн хороод хууль тогтоомжид заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.

38 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1996 оны 8 дугаар сарын 29 -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ