МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУУЛЬ

/Энэ хуулийг 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр                                          Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

СОНГУУЛИЙН ХУУЛЬ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Сонгуулийн үндсэн зарчим

1.Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд заасан ёсоор Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгоно.

2.Улсын Их Хурлын сонгууль /энэ хуульд цаашид "сонгууль" гэнэ/ бүх нийтийн байна. Санал авах өдөр эх орондоо байгаа, Монгол Улсын арван найман насанд хүрсэн иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаваргүйгээр сонгох эрхтэй. Гагцхүү эмнэлгийн дүгнэлт, шүүхийн шийдвэрээр ухаан солиотой нь нотлогдсон, түүнчлэн хорих газар ял эдэлж байгаа хүн сонгуульд оролцохгүй.

Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.

3.Сонгууль шууд байна. Сонгуульд сонгогч ямар нэг төлөөлөлгүйгээр оролцон саналаа өөрөө гаргаж Улсын Их Хурлын гишүүнийг сонгоно.

4.Сонгогч саналаа нууцаар гаргана. Сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахыг хориглоно.

2 дугаар зүйл.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх

1.Сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам буюу намуудын эвсэл /энэ хуульд цаашид "нам, эвсэл" гэнэ/ Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.

2.Аль нэг намын гишүүнийг өөр намын өмнөөс нэр дэвшүүлж үл болно. Энэ заалтыг зөрчсөн нэр дэвшигчийг Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасна.

3.Монгол Улсын иргэн тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй.

3 дугаар зүйл.Сонгууль эрхлэн явуулах байгууллага

1.Сонгуулийг улс, тойрог, хэсгийн хэмжээнд сонгуулийн хороод эрхлэн явуулна.

2.Сонгууль бэлтгэн явуулахад төрийн төв, орон нутгийн байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу оролцоно.

4 дүгээр зүйл.Сонгууль эрхлэн явуулах ажлын ил тод байдал

1.Улсын Их Хурлын сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байна. Энэ заалт сонгогчдын санал нууцаар авахад хамаарахгүй.

2.Төрийн байгууллагын харьяалал бүхий хэвлэл, мэдээллийн байгууллага сонгууль бэлтгэн явуулах ажлын явц, сонгуулийн дүнг олон нийтэд шуурхай мэдээлж байх үүрэгтэй.

3.Төв, орон нутгийн сонин хэвлэл, мэдээллийн бусад байгууллагын нийтэлсэн мэдээлэл үнэн зөв байвал зохино.

5 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

1.Сонгууль зохион байгуулж явуулахтай холбогдсон дор дурдсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

а/сонгогч, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны болон шадар туслагч, ажиглагчийн үнэмлэх, саналын хуудас, сонгуулийн дүн, мэдээний маягт хэвлэх, сонгуулийн хороодын тамга, тэмдэг хийлгэх зардал;

б/сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;

в/Улсын Их Хурлаас тогтоосон бусад зардал.

2.Улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

3.Сонгуулийн хорооны гишүүний тус хороонд ажилласан хугацааны цалинг сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцож ажлын газар, байгууллагаас нь олгоно. Тэтгэвэрт байгаа хүн сонгуулийн аль нэг хорооны гишүүнээр ажиллавал гүйцэтгэсэн ажлын хэмжээг харгалзан тухайн сонгуулийн хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн төсвөөс зохих хөлс олгоно. /Энэ хэсэгт 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

4.Сонгуулийн хороодын ажиллах, санал авах байрыг улс, орон нутгийн төсөвт болон төрийн өмчит байгууллагууд үнэ хөлсгүй гаргаж өгнө.

Сонгуулийн тойрог, тойргийн салбар, хэсгийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга хариуцна.

5.Нам, эвслээс нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл нь хариуцна. Харин бие даан нэр дэвшигч сонгуулийн зардлаа өөрөө хариуцна.

Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын сан байгуулж банкинд данс нээж, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж нийтэд зарлана. Энэ дансанд тухайн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, талархан дэмжигч байгууллага, иргэдээс оруулсан хандивыг төвлөрүүлж мөн дансаар дамжуулан зарцуулна.

Иргэд, байгууллага сонгуульд зориулж зөвхөн мөнгөн хандив өргөж болох бөгөөд түүнийг гагцхүү тухайн нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын сангийн дансанд оруулна. Уг данснаас гадуур сонгуулийн хандив авах, өгөх, зарцуулах, түүнчлэн төсөвт ба төрийн өмч оролцсон байгууллага /төрийн өмчийн хэсгээс нь/, гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/, иргэн, харьяалалгүй хүнээс сонгууль бэлтгэн явуулах/ сонгууль зарласнаас эхлээд дуусталх/ хугацаанд хандив авч үл болно. Сонгууль бэлтгэн явуулах хугацаанд тусламжийн эд хөрөнгийг борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно.

6.Сонгууль дууссан өдрөөс хойш сонгуулийн зардлын тайлан гаргах хугацаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны хөдөлгөөнийг зогсооно. Бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд сонгууль дуусахад зарцуулагдаагүй үлдсэн мөнгийг улсын орлого болгоно. Харин нийт хөрөнгөд бие даан нэр дэвшигчийн оруулсан хөрөнгийн хэмжээг зарцуулсан бүх хөрөнгөтэй нь харьцуулан түүний өөрийн оруулсан хөрөнгийн үлдэгдлийг хувь тэнцүүлэн эгүүлж олгоно.

7.Сонгуулийн зардлын санг нэр дэвшигчийг сурталчлах, сонгогчидтой уулзах, хурал цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, шадар туслагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолтын зэрэг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан заавраар зөвшөөрсөн бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

Сонгуулийн зардлын сан бий болгох, зарцуулах, тайлагнах журмыг Сонгуулийн ерөнхий хороо Сангийн яамтай зөвшилцөн батална.

8.Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн зардлын сангийн зарцуулалтын тайланг сонгууль дууссан өдрөөс хойш нэг сарын дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо уг тайланг хянан үзэж, сонгууль дууссан өдрөөс хойш гурван сарын дотор дүнг төрийн төв хэвлэлд нийтэлнэ.

9.Энэ зүйлийн 5, 7 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж өгсөн, авсан, зарцуулсан хандив, сонгуулийн зардлаас өөр зориулалтаар зарцуулсан хөрөнгө, түүнчлэн тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансанд үлдсэн хөрөнгийг улсын орлого болгоно.

10.Улсын Их Хуралд суудал бүхий намуудад авсан суудлын тоог баримтлан улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Санхүүжилтийн хэмжээ, олгох журмыг Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

6 дугаар зүйл.Сонгуулийн эрхийг хангах хууль зүйн баталгаа

1.Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтэд тус тусын эрх хэмжээний дагуу хяналт тавина. Төрийн байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажилд Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч, түүний шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, ажилтан оролцохыг хориглоно.

2.Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

3.Сонгогчдоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд буюу сонгуулийн хороо, түүний гишүүнээс үүргээ гүйцэтгэхэд нь санаатайгаар саад хийх, сонгуульд оролцохоос татгалзахыг нийтэд уриалах, сүсэг бишрэлийг далимдуулах, бусдын нэрийн өмнөөс сонгуульд оролцох, санал худалдаж авах, бусад хэлбэрээр эд хөрөнгөөр татах, санал тоолох ажлыг зориуд саатуулах зэргээр сонгуулийн хууль тогтоомж зөрчсөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал гэм буруутай этгээдийг шүүх 50,0 мянга хүртэл төгрөгөөр торгоно.

4.Энэ хуулийн З дугаар зүйлийн 2, 15 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй албан тушаалтныг сахилгын хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх 50,0 мянга хүртэл төгрөгөөр торгоно.

5.Нэр дэвшигч, түүний шадар туслагч, нам, эвсэл, талархан дэмжигч байгууллага тойргийн сонгогчдыг татах зорилгоор тэдэнд үнэ төлбөртэй болон төлбөргүйгээр бараа тараах, ахуйн үйлчилгээ /соёлын үйлчилгээнээс бусад/ үзүүлэхийг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн нам, эвсэл, байгууллагыг шүүх 250,0 мянга хүртэл төгрөгөөр, иргэнийг 50,0 мянга хүртэл төгрөгөөр тус тус торгоно.

6.Энэ хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2, 40 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан журмыг нэр дэвшигч, түүний шадар туслагч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, албан тушаалтан зөрчвөл уг үйлдлээ зогсоохыг шаардах бөгөөд энэ шаардлагыг эс биелүүлбэл шүүх тухайн нам, бусад байгууллагыг 250,0 мянга хүртэл төгрөгөөр, гэм буруутай албан тушаалтан, иргэнийг 50,0 мянга хүртэл төгрөгөөр тус тус торгоно. Хэрэв нэр дэвшигч буруутай бол түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах эрхийг Сонгуулийн ерөнхий хороо эдэлнэ.

7.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 4, 16 дугаар зүйлийн З, З1 дүгээр зүйлийн 2, З2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй Засаг дарга, төсөвт байгууллагын эрх баригчийг сахилгын хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх 10,0 мянга хүртэл төгрөгөөр торгоно.

8.Энэ хуулийн 21 дүгээр зүйлийн З, 4, 5 дахь хэсгийн заалтыг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагыг шүүх 250,0 мянга хүртэл төгрөгөөр торгоно.

9.Энэ хуулийн З0 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал буруутай этгээдийг шүүх 50,0 мянга хүртэл төгрөгөөр торгоно.

10.Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн З, 12 дугаар зүйлийн З, 14 дүгээр зүйлийн З, З7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн сонгуулийн хорооны гишүүнийг шүүх 10,0 мянга хүртэл төгрөгөөр торгоно.

/Энэ зүйлийн торгуулийн хэмжээг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Сонгууль зарлах, сонгуулийн тойрог,

хэсэг байгуулах

7 дугаар зүйл.Сонгууль зарлах

1.Улсын Их Хурлын сонгуулийг санал авах өдрөөс 75-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.

2.Сонгогчдын саналыг ажлын болон баяр ёслолын бус өдөр авна.

8 дугаар зүйл.Сонгуулийн тойрог, түүнийг байгуулах

  1. Сонгуулийг нэг мандат бүхий тойргоор зохион байгуулж явуулна. /Энэ хэсгийг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

2.Сонгуулийн тойргийг аймаг, нийслэлийн дүүргийн хүн амын тоог харгалзан санал авах өдрөөс 70 хоногийн өмнө Улсын Их Хурал байгуулна. Аймгийн хүн амын тоо нь Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах улсын дунджаас цөөн байвал зэргэлдээ аймгийн сумуудтай нэгтгэн нэг тойрог байгуулж болно. /Энэ хэсгийг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

3.Сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсгийг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн. /

9 дүгээр зүйл.Сонгуулийн хэсэг, түүнийг байгуулах

1.Сонгогчдын санал авч тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал авах өдрөөс 65 хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлана. Харин иргэд бөөнөөрөө шилжин суурьшсан зэрэг онцгой тохиолдолд сонгуулийн хэсгийг санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө байгуулж болно.

2.Сонгуулийн нэг хэсэг нь 1500 хүртэл, харин Улаанбаатар хотод 6000 хүртэл сонгогчтой байж болно.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Сонгуулийг эрхлэн явуулах байгууллага,

түүний бүрэн эрх

10 дугаар зүйл.Сонгуулийн хороо

1.Сонгууль бэлтгэн явуулах ажлыг эрхлэн хэрэгжүүлэхийн тулд:

а/Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо

б/сонгуулийн тойргийн хороо

в/сонгуулийн хэсгийн хороог тус тус байгуулна.

2.Сонгуулийн тойргийн хороо нь сум, шаардлагатай бол нийслэлийн дүүрэгт тойргийн салбар хороог байгуулж ажиллуулна. /Энэ хэсэгт 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

11 дүгээр зүйл.Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо, түүний бүрэн эрх

1.Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо нь /энэ хуульд цаашид "Сонгуулийн ерөнхий хороо" гэнэ/ Монгол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг улсын хэмжээгээр эрхлэн явуулах үүрэгтэй байнгын байгууллага мөн.

2.Сонгуулийн ерөнхий хороо дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байна. Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг 5 жилийн хугацаагаар Улсын Их Хурлаас томилно. Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд орон тооны бус байх бөгөөд дарга, нарийн бичгийн. дарга нь ажлын шаардлагыг харгалзан бүтэн буюу хагас /хавсарсан/ орон тоогоор ажиллана.

3.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч байж болохгүй.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа хийхийг хориглоно.

4.Сонгуулийн ерөнхий хороо сонгууль бэлтгэн явуулах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөж, зохион байгуулах;

2/сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, түүнийг нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах;

3/сонгуулийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах;

4/сонгууль бэлтгэн явуулах асуудлаар төрийн зохих байгууллагын үйл ажиллагааг зохицуулах;

5/сонгуулийн асуудлаар сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн төв байгууллагатай харилцан ажиллах, тухайн нам, эвслийн өмнөөс сонгуулийн ажил эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, зохицуулах;

6/сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргаан бүхий бусад өргөдөл, гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх;

7/сонгуулийн зардлын төсвийг батлагдсан хэмжээний дотор хуваарилах, зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийн тайланг хянан хэлэлцэж Улсын Их Хуралд тайлагнах;

8/сонгуулийн баримт бичгийн загвар маягт, сонгуулийн хууль тогтоомжийн заалтыг хэрэгжүүлэх аргачилсан заавар, зөвлөмж батлах, саналын хуудсыг хэвлүүлэх, хуваарилах, тараах, тооцоолох;

9/сонгуулийн нэгдсэн дүнг гаргаж, Улсын Их Хурлын гишүүдийг бүртгэж, тэдний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг бэлтгэж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10/сонгуулийн төв архивыг зохион байгуулах;

11/сонгуулийн тухай хууль тогтоомжийг хэрэглэх талаар тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхэд болон шаардлагатай бол Улсын Их Хуралд оруулах;

12/хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх.

5.Сонгуулийн ерөнхий хороо аль нэг гишүүнээрээ толгойлуулсан сонгуулийн санхүүгийн хяналтын орон тооны бус албыг дэргэдээ байгуулж ажиллуулна. Уг алба нь улсын санхүүгийн хяналтын байгууллагын эрхийг эдэлж, сонгуулийн зардлын сангийн хөдөлгөөнд хяналт тавьж, шаардлагатай бол баримтын шалгалт хийнэ.

Сонгуулийн санхүүгийн хяналтын алба нь хяналт шалгалтын ажилдаа мэргэжлийн байгууллага, хүмүүсийг татан оролцуулна.

6.Сонгуулийн ерөнхий хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар сонгуулийн хороод, сонгууль бэлтгэн явуулах үүрэг бүхий төрийн төв, орон нутгийн байгууллага, түүнчлэн хууль тогтоомжид заасан асуудлаар холбогдох бусад байгууллагаас шаардлагатай мэдээ сэлтийг гаргуулж авах, зохих албан тушаалтны мэдээллийг сонсож хууль биелүүлэх асуудлаар үүрэг даалгавар өгөх эрхтэй.

12 дугаар зүйл.Сонгуулийн тойргийн хороо, түүний бүрэн эрх

1.Сонгуулийн ерөнхий хороо нь санал авах өдрөөс 60 хоногийн өмнө сонгуулийн тойргийн хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, нийтэд мэдээлнэ. Сонгуулийн хорооны бүрэлдэхүүний тоог ажлын хэмжээ, төлөөлөх чадварыг харгалзан Сонгуулийн ерөнхий хороо тогтооно.

2.Сонгуулийн тойргийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд тухайн тойрогт Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч байж болохгүй.

3.Сонгуулийн тойргийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс аль нэгэн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулахыг хориглоно.

4.Сонгуулийн тойргийн хороо тойргийнхоо хэмжээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөн,зохион байгуулах;

2/сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах. Сонгуулийн тойргийн салбар болон хэсгийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах;

3/сонгууль бэлтгэн явуулах асуудлаар тойргийн нутаг дэвсгэрт байгаа төрийн зохих шатны байгууллагын үйл ажиллагааг зохицуулах;

4/сонгуулийн асуудлаар тойргийн нутаг дэвсгэрт байгаа сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн орон нутгийн байгууллагатай харилцан ажиллах, тухайн нам, эвслийн өмнөөс сонгуулийн ажлыг орон нутагт эрхэлж байгаа байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж зохицуулах;

5/сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар тойргийн салбар, хэсгийн хороо, нам, эвсэл, тухайн тойргийн нутаг дэвсгэрийн төрийн зохих шатны байгууллагын удирдагчдын мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

6/сонгуулийн тойргийн салбар, хэсгийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргаан бүхий бусад өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;

7/санал авсан дүнгийн тухай тойргийн салбар, хэсгийн хорооны шийдвэрийг үндэслэн тойргийн сонгуулийн дүнг гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлж олон нийтэд мэдээлэх;

8/дахин санал авах, сонгууль явуулах ажлыг зохион байгуулах;

9/сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон журмын дагуу цэгцлэн архивлаж, хүлээлгэн өгөх;

10/хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийг биелүүлэх.

13 дугаар зүйл. Тойргийн салбар хороо, түүний бүрэн эрх

1.Тойргийн салбар хороог сонгуулийн тойргийн хороо санал авах өдрөөс 55 хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5 хүртэлх гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж нийтэд мэдээлнэ.

2.Тойргийн салбар хороо өөрийн сум, дүүргийн хэмжээнд сонгуулийн асуудлаар тойргийн хорооны даалгавраар түүний бүрэн эрхийг төлөөлөн хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

14 дүгээр зүйл. Сонгуулийн хэсгийн хороо, түүний бүрэн эрх

1.Сонгуулийн хэсгийн хороог санал авах өдрөөс 50 хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгуулж нийтэд мэдээлнэ.

Сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог сонгогчдын тоо, ажлын хэмжээг харгалзан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтооно.

2.Сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд тухайн тойрогт Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч байж үл болно.

3.Хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа хийхийг хориглоно.

4.Сонгуулийн хэсгийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/сонгуулийн хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал авах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

2/сонгогчийн үнэмлэх олгох;

3/сонгогчийг шилжүүлэх, шинээр ирсэн сонгогчийг бүртгэх;

4/сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хэмжээнд нэгтгэж шалгах;

5/санал авах байр, саналын хуудас, хайрцгийг бэлтгэж, сонгогчдын санал авах ажлыг зохион байгуулах;

6/санал хураалтын дүн гаргаж тойргийн салбар хороонд хүргэх;

7/сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон журмын дагуу цэгцэлж тойргийн салбар хороонд хүлээлгэн өгөх;

8/сонгууль бэлтгэн явуулах асуудлаар гарсан өргөдөл, гомдол шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;

9/хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх, сонгуулийн тойргийн хорооноос өгсөн үүргийг биелүүлэх.

15 дугаар зүйл. Сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт

1.Сонгуулийн хороод бүрэн эрхийнхээ асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. Гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хорооны хуралдааныг хүчин төгөлдөрт тооцно.

Сонгуулийн ерөнхий болон тойргийн хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана.

2.Сонгуулийн тойргийн болон түүний салбар хороо, түүнчлэн хэсгийн хороо ажлын шаардлага, зардлын хэмжээг харгалзан гишүүдээ үндсэн ажлаас нь түр чөлөөлж ажиллуулна.

3.Хуульд зааснаас бусад тохиолдолд сонгуулийн хэсгийн болон тойргийн салбар хорооны шийдвэрийн талаар тойргийн хороонд, тойргийн хорооны шийдвэрийн талаар Сонгуулийн ерөнхий хороонд тус тус гомдол гаргаж болно. Гомдлыг хүлээж авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хянан шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

4.Сонгуулийн хороо сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон асуудлаар төр, нам, олон нийтийн зохих шатны байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй бөгөөд тэдгээр байгууллага, албан тушаалтан тухайн шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

5.Сонгуулийн хорооноос бүрэн эрхийнхээ дотор гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн төр, нам, олон нийтийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Сонгогчдын нэрийн жагсаалт

16 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалт, түүнийг үйлдэх, танилцуулах

1.Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг бүрээр үйлдэж, сонгогчдын тоог тойргийн салбар болон тойргийн хороонд нэгтгэнэ.

2.Сонгогчдын нэрийн жагсаалтад түүнийг үйлдэх үед сонгуулийн тухайн хэсэгт байнга буюу түр оршин суугаа бүх сонгогчийн нэр, овог, нас, оршин суугаа газрын хаяг, иргэний паспортын болон регистрийн дугаарыг бүртгэнэ. Тэгэхдээ сонгогчийн нэрийг цагаан толгойн үсгийн дарааллыг баримтлан бичнэ. Сонгогч бүр нэрийн нэг жагсаалтад бүртгэгдэнэ.

3.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тус тусын нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хаягийн бүртгэлийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтаар хоёр хувь үйлдэж санал авах өдрөөс 50 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд өгнө.

Цагдаа, эмнэлэг, амралт, сувиллын газрын эрх баригчид сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

4.Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны баталсан маягтын дагуу хоёр хувь нэгтгэж, хэсгийн хорооны дарга гарын үсгээ зурж санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө, харин эмнэлэг, амралт, сувиллын газарт 7 хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

17 дугаар зүйл.Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар гомдол гаргах

1.Сонгогч нэрийн жагсаалтад бүртгээгүй буюу буруу бүртгэсэн байвал тухайн сонгуулийн хэсгийн хороонд гомдол гаргах эрхтэй.

2.Сонгуулийн хэсгийн хороо уг гомдлыг хүлээн авснаас хойш ажлын З өдрийн дотор хянан үзэж сонгогчдын нэрийн жагсаалтад зохих өөрчлөлт оруулах буюу гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж хариу мэдэгдэнэ. Сонгогч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.

18 дугаар зүйл.Сонгогч шилжих

Сонгогч санал авах өдрөөс өмнө өөр тойрог, хэсэгт шилжвэл сонгуулийн хэсгийн хорооноос шилжүүлэг авч сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулан, очсон газрынхаа сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
Нам сонгуульд оролцох, сонгуулийн

өмнөх ухуулга, сурталчилгаа

19 дүгээр зүйл. Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх

1.Нам сонгуульд оролцохоо санал авах өдрөөс 65 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлнэ. Хоёр буюу хэд хэдэн нам сонгуульд нэгэн эвсэл болон оролцож болно.

2.Нам дангаараа буюу эвсэл байгуулж оролцох тухай шийдвэр, өөрийн буюу эвслийн мөрийн хөтөлбөр, эвслийн гэрээг Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор өгнө.

Эвсэл байгуулсан намууд сонгуульд болон шинээр сонгогдсон Улсын Их Хуралд нэгэн этгээд болж оролцох бөгөөд эвслийн аль нэг нам дангаараа /эвслээс гадуур/ нэр дэвшүүлж, сонгуулийн зардлын сан байгуулж болохгүй.

20 дугаар зүйл.Намууд эвсэл байгуулах

1.Намууд төлөөлөн удирдах төв байгууллага /тухайн намын их хурал, түүний чөлөө цагт ажиллах бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах байгууллага/-ынхаа хуралдаанаар эвсэл байгуулах тухай асуудлыг шийдвэрлэж эвслийн гэрээ байгуулна.

2.Эвсэл албан ёсны нэртэй байх бөгөөд эвслийн намууд хамтарсан хуралдаанаараа сонгуульд эвслийг төлөөлөх байгууллагыг байгуулж, удирдах бүрэлдэхүүнийг нь томилно.

3.Эвслийн гэрээнд талуудын харилцан хүлээх эрх, үүрэг, эвслийн албан ёсны нэр, эвслийг төлөөлөх байгууллага, түүний удирдах бүрэлдэхүүний овог нэр, албан тушаал, эвслийн өмнөөс сонгуульд бэлтгэх ажлыг эрхэлсэн байгууллагын тогтолцоо, түүнийг төлөөлөх албан тушаалтны овог нэр, тохиролцсон бусад зүйлийг тодорхойлсон байвал зохино. Түүнчлэн эвслийн гэрээнд намуудаас сонгуульд зарцуулах хөрөнгийн хувь хэмжээг тогтоон тусгана.

4.Эвслийн гэрээнд эвсэлд оролцогч намуудын дарга нар гарын үсэг зурж, тэмдэг дарсан байвал зохино.

21 дүгээр зүйл.Сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаа

1.Сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн нам, эвсэл, нэр дэвшигчид өөрийн мөрийн хөтөлбөр, үзэл бодлоо чөлөөтэй тайлбарлан таниулах, нэр дэвшигчдээ сурталчлах зорилгоор хурал цуглаан хийх, уулзалт зохион байгуулах, ухуулах байр ажиллуулах эрхтэй.

Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн өмнөх сурталчилгааны зориулалттай уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал зэргийг аймагт сумын Засаг дарга, нийслэлд дүүргийн Засаг даргаас зөвшөөрсөн гудамж, талбай болон олон нийтийн газарт байрлуулна. /Энэ доголыг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн. /

2.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсооно. Энэ үеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал авах өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.

3.Монгол Улсын радио, телевизээр нам, эвсэл, нэр дэвшигчдэд сонгуулийн ухуулга, сурталчилгаа, үнэ төлбөргүй явуулах хугацаа, боломж нь нам, эвсэл бүрт, түүнчлэн нэг тойрогт өрсөлдөгч бие даасан нэр дэвшигчдэд харилцан адил байна.

4.Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоож олгосон хугацаанаас бусад цагт нам, эвсэл, нэр дэвшигч улсын радио, телевизээр сурталчилгаа явуулбал үнэ хөлсийг төлнө. /Энэ хэсэгт 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

5.Улс төрийн намуудын харьяалалд байгаагаас бусад өмчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин, сэтгүүлээр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно. /Энэ хэсгийг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

6.Сонгогчдыг сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль зөрчсөн бусад үйлдэл хийхийг уриалсан сурталчилгаа явуулах, сонгуулийн сурталчилгаанд шашны зан үйл ашиглахыг хориглоно.

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх,

нэр дэвшигчийг бүртгэх

22 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх нийтлэг журам

1.Нэр дэвшүүлэх ажлыг сонгууль зарласнаас хойш 15 хоногийн дараа эхэлж 20 хоногийн хугацаанд дуусгана.

2.Нэг хүн нэг л тойрогт нэрээ дэвшүүлэх буюу нэрээ дэвшүүлснийг зөвхөн нэг тойрогт зөвшөөрсөн байвал зохино.

3.Энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан ёсоор Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчдийн бүртгэлд бүртгүүлж, үнэмлэх авсан хүнийг нэр дэвшигч хэмээн хүлээн зөвшөөрнө.

23 дугаар зүйл.Нам, эвслээс нэр дэвшүүлэх

1.Нам, эвслийн төв байгууллага нь тойрогт ногдож байгаа Улсын Их Хурлын гишүүний мандатын тооноос илүүгүй хүний нэр дэвшүүлнэ. Нэр дэвшүүлэхэд намын орон нутгийн байгууллагын саналыг харгалзаж, дэмжигчдийг оролцуулбал зохино.

2.Нам, эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлсэн тухай шийдвэрээ нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл, Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон загварын дагуу үйлдсэн намтрын хамт сонгуулийн тойргийн хороонд хүргүүлнэ.

24 дүгээр зүйл.Бие даан нэрээ дэвшүүлэх

1.Бие даан нэрээ дэвшүүлэгч нь энэ хуулийн 2 дугаар зүйлд заасан тооны сонгогч-дэмжигчид /энэ хуульд цаашид "дэмжигч" гэнэ/-ийн гарын үсгийг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон загвараар үйлдсэн маягтын дагуу зуруулж, тойргийн хороонд бүртгүүлнэ. Сонгогч-дэмжигчид нь аймагт тухайн тойргийн сум бүрээс, нийслэлд тухайн тойргийн хороо бүрээс оролцсон төлөөлөлтэй байна. /Энэ хэсгийн 2 дахь өгүүлбэрийг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн. /

2.Нэр дэвшигчийг дэмжигч нь тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэн байна. Гарын үсэг зурсан маягтад дэмжигчийн овог нэр, иргэний паспорт, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийг тодорхой бичсэн байвал зохино.

3.Бие даан нэр дэвшигч нь дэмжигчдийнхээ гарын үсэг бүхий маягтыг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон загварын дагуу үйлдсэн намтар, нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдлийн хамт сонгуулийн тойргийн хороонд өгнө.

4.Нэр дэвшигчийг дэмжигчдийн гарын үсэг үнэн зөв эсэхийг сонгуулийн тойргийн буюу түүний салбар хороо сонгогчдын иргэний баримт бичиг, хаягийн бүртгэлтэй тулгах буюу шаардлагатай бол дэмжигчидтэй уулзаж нягтлан шалгана. Гарын үсгийг хуурамчаар үйлдвэл тухайн хүнийг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлснийг сонгуулийн тойргийн хороо хүчингүйд тооцно.

25 дугаар зүйл.Нэр дэвшигч барьцаа өгөх

Улсын Их Хурлын гишүүнээр нэр дэвшигч бүр сонгуулийн тойргийн хороонд 10000 төгрөгийг барьцаа болгон өгнө. Барьцааг энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан сонгуулийн зардлын сангаас гаргана. Нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдвол барьцааг эгүүлэн өгнө. Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдоогүй боловч тухайн тойргийн нэр дэвшигч бүрт ногдох сонгогчдын /саналын хүчинтэй хуудсаар тооцно/ дунджаас доошгүй санал авсан бол уул барьцааны тэн хагасыг эгүүлэн олгоно. /Энэ хэсэгт 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. /

26 дугаар зүйл. Нэр дэвшигчийг бүртгэх

1.Нам, эвслийн болон бие даан нэр дэвшигчийг сонгуулийн тойргийн хороо сонгууль зарласнаас хойш 45 хоногийн дотор бүртгэж үнэмлэх олгоно. Нэр дэвшигчдийг бүртгэхдээ нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.

2.Сонгуулийн тойргийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарган Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Нэр дэвшигчийг бүртгэх хугацаа дууссанаас хойш сонгуулийн тойргийн хороо ажлын З өдрийн дотор, Сонгуулийн ерөнхий хороо ажлын 6 өдрийн дотор нийт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг тойрог, улсын хэмжээгээр нэгтгэн нийтэд мэдээлнэ.

27 дугаар зүйл. Нэр дэвшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, нэр дэвшигч татгалзах

1.Нэр дэвшигч нь өөрөө татгалзах буюу нам, эвсэл өөрийн нэр дэвшигчээ татан гаргах, түүний оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхтэй. Нэр дэвшигч буюу нам, эвсэл энэ тухай шийдвэрээ сонгуулийн тойргийн хороонд нэн даруй мэдэгдэнэ. Нэр дэвшсэнийг хүчингүйд тооцсон тухай тойргийн хорооны шийдвэр, нэр дэвшигч өөрөө татгалзсан хийгээд нам, эвсэл өөрийн нэр дэвшигчийг татан гаргасан тухай Сонгуулийн ерөнхий хороо нийтэд мэдээлнэ.

2.Нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргаснаа санал авах өдрөөс 21 хоногийн өмнө сонгуулийн тойргийн хороонд мэдэгдээгүй бол татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй.

28 дугаар зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх

Нэр дэвшигч нас барсан, түүнчлэн энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан хугацааны өмнө нам, эвсэл нэр дэвшигчээ татан гаргасан тохиолдолд тухайн нам, эвсэл өөр хүний нэрийг нөхөн дэвшүүлж санал авах өдрөөс 18 хоногийн өмнө сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлж болно.

29 дүгээр зүйл.Нэр дэвшигчдэд туслах

1.Нэр дэвшигчээс сонгогчидтойгоо уулзах, хөтөлбөрөө сурталчлах зэргээр сонгуульд оролцох бүхий л ажилд нь тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, ажилтан тусална. Харин бие даан нэр дэвшигч нь өөрийн итгэмжилсэн шадар туслагчтай байж болно.

2.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн, ажилтан, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлж, үнэмлэх авна.

3.Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн, ажилтан, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч нь сонгуулийн аль нэг хорооны гишүүн байж болохгүй.

30 дугаар зүйл. Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

1.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нам, эвслийн нэр дэвшигч нам, эвслийнхээ, бие даан нэр дэвшигч өөрийн хөтөлбөрийг тайлбарлах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, сонгуулийн тойргийнхоо холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.

2.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчийг сонгуулийн тойргийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь нэгжлэг хийх, түүнчлэн байгууллагын захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.

3.Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

4.Нэр дэвшигчийг тойрогтоо ажиллахад нь ажлын газар, байгууллагын захиргаа хууль тогтоомжид заасны дагуу ажлаас нь чөлөө олгож, дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

31 дүгээр зүйл. Нэр дэвшигчийн уулзалт

1.Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигч санал авахаас 24 цагийн өмнө хүртэлх хугацаанд сонгогчидтойгоо уулзалт хийж болно.

2.Нэр дэвшигчийг сонгогчидтойгоо уулзахад нь тухайн шатны Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга бүх талын тус дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

 


ДОЛДУГААР БҮЛЭГ
Санал авах, сонгуулийн дүн гаргах,

Улсын Их Хурлын гишүүнийг бүртгэх

32 дугаар зүйл.Санал авах газар, хугацаа

1.Сонгогчдын саналыг санал авах өдөр 07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна. Сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг сонгуулийн хэсгийн хороо уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

2.Сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд хүрэлцэх тооны тасалгаа, саналын хайрцаг бүхий байрыг тухайн сонгуулийн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга хариуцаж бэлтгүүлнэ.

33 дугаар зүйл.Саналын хуудас

1.Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг болно.

2.Сонгуулийн хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу хэвлэж, мөн хорооноос сонгуулийн тойргийн хороонд, тойргийн хорооноос салбар хороогоор дамжуулан санал авах өдрөөс 5 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд тус тус хүргүүлнэ.

3.Саналын хуудсанд нэр дэвшигчийн овог, нэрийг нам, эвслээр нь дараалан бичиж хэвлэнэ. Харин нам, эвслийн дарааллыг улс төрийн намуудыг Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар тогтооно. Эвслийг дараалалд оруулахдаа эвсэлд оролцогч намуудаас хамгийн түрүүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллаар тогтооно. /Энэ хэсгийн эхний өгүүлбэрийг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/.

Бие даан нэр дэвшигчийн нэрийг нам, эвслээс нэр дэвшигчдийн нэрийн дараа сонгуулийн тойргийн хороонд нэр дэвшсэнээ бүртгүүлсэн дарааллаар бичнэ.

4.Саналын хуудсанд тухайн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна. Гарын үсэг, тэмдэггүй саналын хуудсаар санал өгч болохгүй.

34 дүгээр зүйл.Санал авах ажлыг зохион байгуулах

1.Санал авах өдрийн 07 цагт сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөлөгчдийг байлцуулан саналын бүх хайрцгийг шалган битүүмжилж, санал авах ажиллагааг эхэлнэ. Энэ ажиллагаанд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид, сонгогчдын болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид байлцаж болно.

2.Ажиглагч нь сонгуулийн тойргийн буюу эсхүл салбар хороонд бүртгүүлж үнэмлэх авна. Ажиглагч сонгогчдын санал авах, санал тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянах эрхтэй бөгөөд сонгуулийн хороодын үйл ажиллагаанд хутгалдан оролцож болохгүй.

Гадаадын ажиглагч оролцуулах асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо төрийн гадаад харилцаа эрхэлсэн байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэнэ.

3.Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн үнэмлэх, иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичгийг нэрийн жагсаалттай тулган үзэж сонгогч бүрт саналын хуудас олгоно.

Санал авах үед шилжин ирэгчдийг сонгогчийн үнэмлэх, иргэний паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг, шилжүүлгийг нь үндэслэн нэрийн нэмэлт жагсаалтад бүртгэж саналын хуудас олгоно.

4.Саналын хуудас олгосныг сонгогчдын нэрийн жагсаалтад, саналаа өгснийг сонгогчийн үнэмлэхэд тэмдэглэн сонгуулийн хэсгийн хорооны тэмдэг дарна.

35 дугаар зүйл.Сонгогч саналаа гаргах

1.Сонгогч санал авах байранд ирж саналаа өөрөө гаргана. Харин биеийн эрүүл мэндийн байдлаас болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогчийн саналыг түүний хүсэлтээр сонгуулийн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн очиж битүүмжилсэн хайрцгаар авна.

Саналын хуудсыг сонгуулийн хэсэгт ирүүлснээс хойш санал авах өдөр дуусталх хугацаанд сонгогч түр шилжин явахад хүрвэл сонгуулийн хэсгийн хороонд ирж саналын хуудас авч саналаа нууцаар тэмдэглэж дугтуйлан битүүмжлэн үлдээж болно. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн битүүмжлэн үлдээсэн саналын нууцыг чандлан хадгална.

2.Сонгогч саналын хуудсыг авч санал бэлтгэх тасалгаанд орж, уг хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн зөвхөн нэг нэр дэвшигчийн овог, нэрийн өмнөх дугаарыг дугуйлан тэмдэглээд саналын хайрцагт хийнэ. /Энэ хэсгийг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

3.Сонгогч саналаа илэрхийлэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэвэл уг саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө хэсгийн хороонд энэ тухайгаа мэдэгдэж хуудсаа хураалган дахин нэг удаа саналын хуудас авч болно.

Хураалгасан саналын хуудсыг сонгуулийн хэсгийн хороо протоколд тэмдэглэж хадгална.

4.Санал бэлтгэх тасалгаанд тухайн сонгогчоос өөр хэн ч байж болохгүй. Саналын хуудсанд саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаа авч болно.

Харин аль нэгэн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч буюу сонгуулийн хорооны гишүүн болон ажиглагчдаар ийнхүү туслалцуулж болохгүй.

5.Саналын хайрцагт саналын илүү буюу өөр хуудас хийх зэргээр сонгогчоос буруу үйлдэл гаргуулахгүйн тулд сонгогчийн саналын нууцыг алдагдуулахгүйгээр сонгуулийн хэсгийн хороо хяналт тавина.

6.Дахин санал авахад хүрвэл уг ажлыг хөнгөвчлөх зорилгоор сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтын тодорхой хэсгээр бүлэглэн саналын хайрцгийг дугаарлаж, түүний дагуу саналын хуудсыг нь хийлгэнэ.

36 дугаар зүйл.Саналын хуудсыг хүчингүйд тооцох

Дор дурдсан тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно:

1/баталсан загварын бус хуудсаар санал өгсөн;

2/тухайн сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн даргын гарын үсэг, хэсгийн хорооны тэмдэггүй;

3/мандатын тооноос илүү тэмдэглэсэн, энэ хуульд зааснаас өөр ямар нэг тэмдэглэл хийсэн; /Энэ заалтыг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан боловч Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 02 дугаар тогтоолоор "Санал огт тэмдэглээгүй буюу" гэсэн заалтыг хүчингүй болсонд тооцсон. /

4/бүх нэр дэвшигчийн нэрийг дарсан;

5/нэр дэвшигчийн нэрийн өмнө тавьсан тэмдгийг засварласан.

37 дугаар зүйл.Санал тоолох

1.Санал тоолох ажлыг 22 цагт эхэлж, ил тод, нээлттэй явуулна. Санал тоолоход ажиглагчид, сонгогчдын болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид байлцаж болно.

2.22 цаг болмогц сонгуулийн хэсгийн хорооноос санал тоолох тухай мэдэгдэж, олгоогүй үлдсэн саналын хуудсыг тоолж битүүмжилсний дараа саналын хайрцгийг нээнэ. Санал тоолох цаг болоогүй байхад саналын хайрцаг нээх, санал тооллогыг завсарлахыг хориглоно.

3.Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг баримтлан тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн тоо, саналын хайрцгаас гарсан хүчинтэй болон хүчингүй хуудасны тоо, нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоог сонгуулийн хэсгийн хэмжээгээр тоолж гаргана.

4.Сонгуулийн хэсгийн хороо хуралдаанаараа сонгогчдын санал тоолсон дүнг хэлэлцэн шийдвэр гаргаж, уншин сонсгосны дараа сонгуулийн тойргийн салбар хороонд, хэрэв салбар хороогүй бол сонгуулийн тойргийн хороонд нэн даруй хүргүүлнэ.

38 дугаар зүйл.Сонгуулийн тойрогт сонгуулийн дүнг гаргах, Улсын Их Хурлын гишүүнийг бүртгэх

1.Сонгуулийн тойргийн хороо нь сонгуулийн тойргийн салбар болон хэсгийн хорооны шийдвэрийг үндэслэн тойргийн нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн тоо, хүчинтэй, хүчингүй хуудасны тоо, нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоог тус тус тойргийн хэмжээгээр нэгтгэн гаргана.

2.Сонгуулийн дүнг гаргахдаа саналын хүчинтэй хуудсаар тооцно.

3.Тухайн тойрогт хамгийн олон гэхдээ сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнд сонгогдсонд тооцно.

Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг саналын хуудсанд үлдээж, дахин санал авна. Дахин санал авалтыг энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар явуулна. Дахин санал авалтаар тухайн хоёр нэр дэвшигчийн хэн нь ч сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал авч чадаагүй бол энэ хуулийн дагуу дахин сонгууль явуулна. /Энэ хэсгийг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

4.Дахин санал авах ажлыг сонгууль болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор багтаан явуулна. /Энэ хэсгийг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн. /

5.Сонгуулийн тойргийн хороо Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдыг бүртгэж, түр үнэмлэх олгоно. /Энэ хэсгийн дугаарыг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн. /

6.Сонгуулийн тойргийн хороо сонгуулийн дүнг З хоногийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэж, Сонгуулийн ерөнхий хороонд 2 хоногийн дотор мэдээлнэ. /Энэ хэсгийн дугаарыг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн. /

39 дүгээр зүйл.Сонгуулийн дүнг нэгтгэн гаргах, мэдээлэх

1.Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг үндэслэн сонгуулийн нэгдсэн дүнг сонгуулийн тойрог, нэр дэвшигч, нам, эвсэл бүрээр тооцож гаргана.

2.Сонгуулийн ерөнхий хороо намуудын авсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг сонгууль дууссанаас хойш 15 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлнэ.

 


НАЙМДУГААР БҮЛЭГ
Санал авалт болон сонгуулийг хүчингүй

болсонд тооцох, дахин санал авах, сонгууль

явуулах, Улсын Их Хурлын гишүүнийг

нөхөн сонгогдсонд тооцох

40 дүгээр зүйл. Сонгуулийн хэсэгт санал авалтыг хүчингүйд тооцох, дахин санал авах

1.Сонгуулийн хэсэгт явуулсан санал авалтыг сонгуулийн тойргийн хороо дор дурдсан тохиолдолд хүчингүйд тооцно:

а/гал, усны аюул зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нөхцөлд өмнө зарласнаас өөр байранд, түүнчлэн шилжигчдийн саналыг битүүмжилж авснаас бусад тохиолдолд өмнө зарласнаас өөр өдөр санал авсан;

б/санал хурааж эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн;

в/сонгуулийн хорооны гишүүн буюу сонгогчдод хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн;

г/сонгуулийн хорооны гишүүд бусад байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хууран мэхлэх зэргээр сонгуулийн хуулийг зөрчсөн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн.

2.Санал авалтыг хүчингүй болсонд тооцвол энэ тухай сонгуулийн тойргийн хорооны шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор дахин санал авна. Дахин санал авах шийдвэрийг сонгуулийн тойргийн хороо гаргана. Уг шийдвэрт дахин санал авах байр, өдрийг заасан байвал зохино. Дахин санал авалтыг ажлын өдөр явуулж болно. Санал авалтыг хэсгийн хэмжээгээр хүчингүй болгосонд тооцсон бол тухайн хэсгийн нийт сонгогч, саналын тодорхой хайрцагт хураасан саналыг хүчингүйд тооцсон бол уг хайрцагт саналын хуудсаа хийсэн сонгогчдыг дахин санал авалтад оролцуулна.

3.Дахин санал авах ажлыг дуустал ухуулга сурталчилгаа хийхийг хориглоно.

41 дүгээр зүйл.Тойрогт сонгуулийг хүчингүй болсонд тооцох, дахин сонгууль явуулах

1.Тойрогт явуулсан сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо дор дурдсан тохиолдолд хүчингүйд тооцно:

а/тойргийн нийт сонгогчийн 50 хувь нь санал авалтад оролцоогүй;

б/энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу явуулсан дахин санал авалт мөн хүчингүй болсон нь тойргийн сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн.

2.Тойрогт дахин сонгууль явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргана.

3.Дахин сонгуулийг тухайн сонгуулийн тойрогт сонгуулийг хүчингүйд тооцсон шийдвэр гарснаас хойш З0 хоногийн хугацаанд явуулна. Шаардлагатай бол сонгуулийн тойрог, хэсгийн хороог шинэчлэн байгуулах, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажилд энэ хуулийн холбогдох заалтыг баримтална.

42 дугаар зүйл. Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох

1.Улсын Их Хурлын гишүүн нас барсан, хүсэлтээрээ гишүүний үүргээс чөлөөлөгдсөн эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг Улсын Их Хурлын гишүүнийг орон гарснаас хойш Улсын Их Хурал 14 хоногийн дотор зарлаж, 45 хоногийн хугацаанд багтаан явуулна.

2.Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг баримтлах бөгөөд нөхөн сонгуулийн арга хэмжээг дор дурдсан хугацаанд зохион байгуулна:

1/сонгуулийн тойргийг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө, сонгуулийн хэсгийг 35 хоногийн өмнө, тойргийн салбар хороог 25 хоногийн өмнө, сонгуулийн хэсгийн хороог 25 хоногийн өмнө тус тус байгуулна;

2/нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль зарласнаас хойш 10 хоногийн дараа эхэлж, 15 хоногийн хугацаанд дуусгана. Нөхөн нэр дэвшүүлэх үйл ажиллагааг дээрх хугацаанд багтаана;

3/Сонгогчдын нэрийн жагсаалтыг хуульд заасан журмын дагуу үйлдэж, санал авах өдрөөс хойш 20 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд өгнө. Хэсгийн хороо энэхүү жагсаалтыг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө сонгогчдод ил тавина.

3.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

4.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол нөхөн сонгохгүй.

/Энэ зүйлийг 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. /

43 дугаар зүйл. Сонгуулийн холбогдолтой маргааныг шийдвэрлэ

Улсын Их Хурлын сонгуулийн талаарх аливаа маргааныг Үндсэн хуулийн цэц, шүүх, сонгуулийн хороод хууль тогтоомжид заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.

44 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1992 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН БАГА

ХУРЛЫН ДАРГА                                                                           Р. ГОНЧИГДОРЖ

 

МОНГОЛ УЛСЫН БАГА 

ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                        Б. ЧИМИД