БНСУ-ын Сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

БНСУ-ын Чунченг мужийн Сонгуулийн хорооны байнгын Комиссар Ким До Ёнг тэргүүтэй төлөөлөгчид Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагуудтай уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын өөрийн засаглал бүхий Сежон хотын Сонгуулийн хороо, Чунченг мужийн Сонгуулийн хороо, Гёнги мужийн Сонгуулийн хороо, Чунченг мужийнСенуру нам, Нэгдсэн ардчилсан нам, Нэгдсэн дэлшилтэт нам, Нэгдлийн төлөө намын төлөөлөгчид байв.

Тэд Монгол Улсын улс төрийн нам болон улс төрийн тогтолцоог судлах замаар БНСУ-ын улс төрийн намуудын хөгжилд хувь нэмэр оруулах, Монголын улс төрийн намуудын бодлогоо боловсруулсан үйл явцыг судлах зорилготой ирсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлы 2012 оны сонгуульд ашигласан автомат санал тоолох төхөөрөмж тэдний гол сонирхсон сэдэв байлаа.

Төлөөлөгчид: Бид сонгуулийн автоматжуулсан систем нэвтрүүлж сонгогчдод өргөн боломж олгохоор олон жил ажилласан. Орон нутгийн сонгуульд ямар нэгэн хэлбэрээр ашиглаж байгаа боловч Ерөнхийлөгчийн болон Парламентийн сонгуульд ашиглаагүй байна гэв. Түүнчлэн бид сонгуульд сканнер хэрэглэх аргыг судалж явна. Танайх ийм том газар нутагтай холбоо, зам тээврийн асуудал харилцан адилгүй ч гэсэн хурууны хээгээр нь сонгогчийг таньж баталгаажуулж, саналын хуудсыг автомат төхөөрөмжөөр уншуулж, шинэ системээр сонгууль явуулах ажлыг ийм богино хугацаанд амжилттай зохион байгуулж чадсан нь нөр их ажил байсан байхаа. Энэ нь бидэнд танайхаас судлах сайн туршлага болсон байна гэв.

Төлөөлөгчдийг сонирхлыг УИХ-ын сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа гойд татаж тэд сурталчилгааны видеог ч сонирхон үзэв.