Гишүүд тангарагаа өргөж, нам, эвслүүд батламжаа авав

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хороо, Улсын дээд шүүхээс санал болгосны дагуу  Улсын Их Хурлаас  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнээр томилсон  Нацагийн Дагва, Баянмөнхийн Билэгт, ГанбаатарынГэрэлт-од, Бямбажавын Ганбат, Дашзэвэгийн Эрдэнэчулуун  нар өнөөдөр  Монгол Улсын Үндсэн хуульд тангараг  өргөлөө.

 Тэд Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ ийнхүү батлан тангараглав.

Тус арга хэмжээг нээж УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар үг хэлж,  Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд Улсын Их Хурлын ээлжит сонгууль зарлагдсан үед тангарагаа өргөж байгаагаараа онцлог юм . Сонгуулийг хуулийн дагуу, элдэв зөрчил, маргаангүйгээр зохион байгуулах ажилдаа шууд орох болно гэлээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд  оролцсон Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл  Сонгуулийн Ерөнхий Хорооныхонд хандаж хэлсэн үгэндээ, Сонгуулийн Ерөнхий Хороо түүний гишүүд төрийг төвхнүүлэхэд өндөр үүрэг, хариуцлага хүлээж байгааг онцлон тэмдэглээд  энэ удаагийн сонгуулийг зохион байгуулахдаа хуулийг чандлан баримтлахын сацуу хуулийг сайтар ойлгуулж тайлбарлаж ажиллах нь чухал байна. Ялангуяа   иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтран ажиллаж байж сонгууль шударга, маргаангүй явагдах боломжтойг тэрээр цохон хэллээ.

                                   

Мөн өдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их  Хурлын 2012 оны сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслүүдэд  Батламж гардууллаа.

Батламж гардуулах арга хэмжээг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав нээж үг хэлэв.  Нам, эвслүүд УИХ-ын сонгуульд оролцохдоо хууль тогтоомжийг мөрдөж ажиллахаа илэрхийлснийг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хяналтдаа байлгаж, хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй мөрдөж ажиллахыг сануулж, зөрчил гаргасан тохиолдолд анхааруулж шаардахын сацуу бүрэн эрхийнхээ дагуу хариуцлага хүлээлгэн ажиллах болно гэдгийг тэрээр онцоллоо.  Мөн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав  сонгуульд оролцох нам, эвслүүдийн анхаарлыг  нэр дэвшүүлэх ажиллагааг хуулийн шаардлагын дагуу зохион байгуулах, нэр дэвшигчдийнхээ  баримт бичгийг  цаг хугацаанд ирүүлэх, сурталчилгаа хэдийд эхлүүлэх зэрэг  асуудалд хандууллаа.

Ийнхүү Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн дарааллыг баримтлан Монгол Ардын нам, Ардчилсан нам, Монголын Ногоон нам, Иргэний зориг-Ногоон нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Эх орон нам,  БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин” эвсэл,  МСДН,  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Эх орончдын нэгдсэн намын төлөөлөлд Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тухай Батламжийг тус тус гардуулж, сонгуульдаа шударгаар өрсөлдөж амжилттай оролцохыг хүсэн ерөөв.

 

2012 оны 5 дугаар сарын 14