ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ, АЖИГЛАЛТ ХИЙНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 63-р зүйлийн 63.13 дахь хэсэгт “Төрийн хэргийг удирдахад иргэдийг оролцуулах зорилт бүхий дүрэмтэй, улс төрийн намын дэргэд үйл ажиллагаа явуулдаггүй, хараат бус төрийн бус байгууллага нь сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх эрхтэй” гэж заасан. Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан “Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх журам”-д заасны дагуу 5 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх тухай хүсэлтээ 4 төрийн бус байгууллага холбогдох баримт бичгийн хамт ирүүлсэн.  

Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт, хөндлөнгийн хяналт хийх дор дурдсан төрийн бус байгууллагуудыг бүртгэж, шийдвэрээ гаргалаа.

  1. Монголын мэдээллийн холбоо “МИДАС” ТББ,
  2. Монголын багш эцэг, эхийн холбоо НҮТББ;
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл НҮТББ.
  4. Бодлогод залуусын хяналт ТББ.

Эдгээр ТББ-ууд өмнө явагдаж байсан сонгуулиудын үеэр сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хийж, ажиглаж байсан туршлагатай. Бодлогод залуусын хяналт ТББ сонгуулийн санхүүжилтэд болон санал авах ажиллагааг сайн дурын ажилтан залуучуудаар ажиглуулахаар, МИДАС төрийн бус байгууллага энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт  хяналт шинжилгээ, ажиглалт хийхээр хүсэлт ирүүлсэн байна. Түүнчлэн сонгогчдын нэрийн жагсаалт, программ хангамж, шинэчилсэн журмуудын судалгаа, сонгогчоос санал авах болон сонгуулийн дүн мэдээ нэгтгэх явцыг ажиглах юм.

Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэдээллийн хүртээмж, сонгуулийн сурталчилгааны хүртээмж, санал авах байрны хүртээмж, санал өгөх үйл явцыг ажиглах хүсэлт ирүүлсэн байна.

Монголын багш эцэг, эхийн холбоонд сонсголын бэрхшээлтэй иргэд, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн төлөөлөл нэгдсэн, энэ удаагийн сонгуулиар төрөл бүрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тэдгээр иргэдийн оролцоотой сонгуулийн санал өдрийн ажиглалт хийхээр төлөвлөсөн байна.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО