Үндэсний аудитын газрын удирдлагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулав
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд хуулиар тодорхой чиг үүрэг хүлээн сонгуулийн ажилд оролцох төрийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн 2016 оны сонгууль, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр манай байгууллагууд идэвхтэй хамтран ажилласан. Үндэсний аудитын газрын удирдлага, хамт олон ч хуулиар хүлээсэн үүргээ сайтар ухамсарлан, хуульд заасан ажлыг цаг хугацаанд нь шуурхай зохион байгуулж амжилттай ажилласанд талархалаа илэрхийлэх нь зүйтэй. Энэ удаагийн сонгуулиудаар баримталж ажиллах хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр ч бид хамтран ажиллаж, өмнөх хуульд тусгагдаагүй орхигдсон байсан хүндрэлтэй асуудлуудыг хуулинд тусгуулах саналаа өгч ажилласан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу манай хоёр байгууллага хамтран нам, эвсэл, нэр дэвшигчдээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох аргачлалыг баталсан. Энэхүү аргачлалын дагуу та бүхэн хуулийн хугацаандаа багтааж зардлын дээд хэмжээгээ тогтоох гэж нэлээд ачаалалтай ажиллаж байгаа байх. Түүнээс гадна намуудын хандивын тайланд аудит хийх, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах, сонгуулийн зардлын тайланг хүлээн авах, аудит хийх, нийтэд мэдээлэх зэрэг тодорхой ажлуудыг хоног хугацаатай хийхээр хуульд тусгасан. Эдгээр ажилд анхаарах асуудал, ажлаа хэрхэн уялдуулах тал дээр ярилцахаар Та бүхнийг урьсан юм” хэмээв.
Уулзалтын явцад Үндэсний аудитын газраас хийж буй ажлуудаа танилцуулаад “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан чиг үүрэг бол манай байгууллагын үндсэн чиг үүрэг дээр шинээр нэмэгдэж байгаа үүрэг гэж ойлгож байгаа, тиймээс бид хуулийн холбогдох заалтуудынхаа дагуу ажлаа төлөвлөөд шуурхай ажиллахад анхаарч ажиллаж байна.
Нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох асуудлаар улс төрийн намуудад албан бичиг илгээж саналыг нь авсан. Мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлэх асуудлаар мөн л намууддаа хандаж албан бичиг явуулахаар төлөвлөж байна.” хэмээн Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор О.Тэнгис тэмдэглэлээ.
Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат уулзалтын төгсгөлд “Сонгуулийн санхүүжилтэд аудит хийдэг олон улсын жишиг байдаг, тиймээс бид ч бас тэр жишигт нийцсэн стандарттай болох талаар судалж, хуулиндаа тодорхой тусгах шаардлагатай байх. Сонгуулийн дараа энэ тал дээр илүү анхаарал хандуулан тодорхой санал боловсруулах тал дээр хамтарч ажиллаад танилцуулъя” хэмээлээ.
Байгууллагууд сонгуулийн үеэр шууд харилцаж ажиллах ажилтнуудаа томилж, асуудлыг шуурхай шийдвэрлэн хамтарч ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.