СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатыг улираан томилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Батболд, Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нарыг шинээр томилсон билээ.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая.” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө.” гэж заасны дагуу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны шинээр томилогдсон гишүүд Төрийн ордонд өнөөдөр тангарагаа өргөлөө.