Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг баталлаа
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсөн билээ. Үүний дагуу төслийн 32 дугаар зүйлд “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.” гэсэн агуулгатай 32.2.11, 32.3.13 дахь заалтыг нэмэх гэсэн санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 28 дугаар зүйлд “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.” гэсэн агуулга бүхий 28.8 дахь хэсэг нэмэх, нэр дэвшигч нь орон нутгийн Хурлын сонгуульд давхар нэр дэвших боломжтой зохицуулалт нэмэхээр саналын томьёолол боловсруулсан гэлээ. Түүнчлэн нэр дэвшигчийн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хугацаа, сонгуулийн санал хураалт дуусах цаг болон санал хураалтын ирцийн талаар болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзэн төслийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхээр Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгийн үед санал хураалгаж шийдвэрлүүллээ хэмээн танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд сонгуулийн санал хураалт дуусах цаг, ирцтэй холбоотой асуудал, нэр дэвшигчийн ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хугацаатай холбогдуулан тодруулж хариулт авсан.
Санал хураалт дуусах цагийг оройн 20.00 цаг болгох, санал хураалтын ирцэнд 50 хувиас дээш байх гэсэн босго тавихгүй байх асуудлыг хуулийн төслийн анхны болон дараахь хэлэлцүүлгийн үеэр дахин дахин ярилцсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдсэн гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн.
Сүүлийн дөрвөн удаагийн орон нутгийн сонгууль ирцэндээ хүрч иргэд саналаа өгөөгүй гэдгийг дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдэгдсэн. 2008 онд нийслэлд явагдсан орон нутгийн сонгууль ирцэндээ хүрээгүйгээс санал хураалт дахин явуулахад хүрч, энэ арга хэмжээнд гурван тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг тэрбээр тодотгон хэлэв. Ирц хүрээгүй газруудад дахин санал хураалт явуулдаг ч өмнөх ирцээсээ дорддог гээд анхны санал хураалтаас бага ирцээр орон нутгийн хурлын төлөөлөл бүрдээд байгааг тэрбээр сануулсан. БНСУ-д сонгуулийн санал хураалт 06.00-18.00 цагт явагддаг бөгөөд санал өгсөн сонгогчдын ирцээр дүнг гаргадаг гэлээ. ХБНГУ-д 08.00-18.00 цагт, Сингапурт 08.00-20.00 цагт, Япон Улсад 07.00-20.00 цагт, Филиппинд 07.00-18.00 цагт, Канадад 08.30-20.30 цагт, Шинэ Зеландад 09.00-19.00 цагт, Австралид 08.00-18.00 цагт сонгуулийн санал хураалт явуулдаг бөгөөд эдгээр улс орнууд санал өгөхөөр ирсэн сонгогчдын ирцээр санал хураалтын дүнг гаргадаг гэдгийг онцолсон.
Оройн 20.00 цагаас хойш харуй бүрийд сонгуулийн хууль тогтоомжийг зөрчих, мөнгө тараах зэрэг сөрөг үйлдэл ихэсдэгийг, түүнчлэн олон улсын жишгийг харгалзан сонгуулийн санал хураалт дуусах цагийг 20.00 цаг болгон өөрчлөх санал оруулан тэрхүү санал олонхын дэмжлэг авсан гэдгийг ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тодруулан хэлсэн.
Ийнхүү асууж, хариулт авсаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэн олонхын дэмжлэг авсан саналуудаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэг болон 23.5-д заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд уг хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан хэдий ч эдгээр хуулиудад тухайн асуудлыг зохицуулсан зохицуулалт байхгүй тул мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдлыг арилгах хэрэгцээ, шаардлага үүссэн тул Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хууль хоорондын зөрчил арилгуулах асуудлыг хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар 23.2.2 дахь заалтад заасны дагуу Хууль зүйн байнгын хорооноос холбогдох санал, дүгнэлт гаргуулахаар Байнгын хорооны санал, дүгнэлтээ 2020 оны 01 дүгээр сарын 22-нд хүргүүлсэн аж. Хууль зүйн байнгын хороо нь уг асуудлыг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, санал, дүгнэлтээ танилцуулсан бөгөөд уг санал, дүгнэлтэд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд тусгагдсан сонгуулийн зөрчлүүд нь Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн зарим заалттай зөрчилдөх нөхцөл үүссэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөрчлийг харьяалан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон шүүхийн харьяалал давхардсан гэж үзсэн тул Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан зөрчлийг нэгтгэж зохицуулалтыг нэг мөр болгох, зөрчлийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор зөрчлийн бүртгэлт, хянан шийдвэрлах хугацааг өөрөөр тооцох, сонгуулийн үед ажиллах төрийн албан хаагчийн хариуцлага зэргийг зохицуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно гэсний дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийг төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах тухай горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдпагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.