Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 18365 хүн ажиллана
СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар зарим зүйлийг тодруулсан юм.
Сургууль, цэцэрлэг болоод их, дээд сургуулийг сонгуулиас өмнө тараана гэсэн яриа гарах болсон. Сонгуулийн тухай хуульд ийм заалт байдаг юм уу?
Сонгуулийн тухай хуульд сонгууль болохтой холбоотойгоор сургууль, цэцэрлэгийг наана нь тараана гэсэн заалт байхгүй. Сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга нар ярилцаад, иргэдийг сонгуульд өргөн оролцуулах үүднээс сургууль, цэцэрлэгийг сонгуулиас өмнө тарааж болно л доо. Гэхдээ БСШУ-ын сайд хэлэхдээ ийм боломж байхгүй гэсэн байна лээ. Тиймээс сургууль, цэцэрлэгүүд хуваарийн дагуу ажиллах байх.
Сонгуулиар улсын хэмжээгээр нийт нутаг дэвсгэрийн хэчнээн хороо болоод хэсгийн хороод ажиллах вэ?
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв мөнгө батлагдсаныг хүмүүс мэдэж байгаа. Тиймээс нутаг дэвсгэрийн хороод болоод түүний салбар хороод, хэсгийн хороодод ажиллах хүний тоо цөөрсөн байгаа. Улсын хэмжээгээр нутаг дэвсгэрийн 22 хороонд 214 хүн ажиллана. Мөн салбар 338 хороонд 2225, хэсгийн 1691 хороонд 16126 хүн ажиллахаар болсон. Ингэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 18365 хүн ажиллана гэсэн үг.
Нутаг дэвсгэрийн хороо болоод хэсгийн хороодод ажиллах хүмүүсийг хэрхэн цалинжуулах вэ?
Түрүүн хэлсэн, энэ жилийн сонгуулийн төсөв бага батлагдсантай холбоотой сонгуульд ажиллах хүмүүсийн урамшуулал багассан. Тойрог, хэсгийн хороодод ажиллах хүмүүсийн урамшуулал 70000 төгрөг болсон. Өмнө нь 108000 төгрөг авдаг байсан. Харин төрийн албанаас түр чөлөөлөгдөж сонгуульд ажиллаж байгаа хүмүүсийн тухайд өмнө нь хэдэн төгрөгийн цалин авдаг байсан түүнийгээ л авна.
“Ардчилал” сонин. 2009.4.21, № 079. П.Ариун