Ерөнхийлөгчийн сонгууль


А: Би анх удаа сонгууль өгөх гэж байгаа юм. Сонгуулийн эрх бүхий иргэн гэж хэнийг хэлдэг юм бэ?

 X:- Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн гэж 18 нас хүрсэн хүнийг хэлдэг. Гэхдээ 18 нас хүрсэн гэдэгт төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө нь 18 насанд хүрсэн байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байх ёстой. 

А:Эрх зүйн чадамжгүй иргэн гэдэгт ямар хүнийг хамааруулж ойлгох вэ?

Х:-Эрх зүйн чадамжгүй гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсвэл хорих газар ял эдэлж байгаа болон түр чөлөөгөөр гарсан, болон хорих ял эдлэхээс зайлсхийж яваа иргэн гэж ойлгох хэрэгтэй. Эдгээр иргэд сонгуульд оролцох эрх эдэлдэггүй.

А: Би өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг хаанаас, яаж шалгах боломжтой вэ. Хэрэв бүртгэгдээгүй эсвэл буруу бүртгэгдсэн байвал хэнд хандах вэ?

Х: -Сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.burtgel.mn цахим хуудсанд байрлуулсан байгаа. Мөн Таны харъяа хэсгийн хороодод хүргүүлсэн байгаа тул хэсгийн хороон дээрээ очоод ч шалгасан болно. Хэрэв таны нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, буруу бүртгэгдсэн байвал энэ тухай гомдлоо 6 дугаар сарын 16-наас өмнө  харьяа хэсгийн хороондоо гаргаж шийдвэрлүүлээрэй.

А: Сонгуулийн санал авах өдөр саналаа өгөхөөр очиход сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байвал яах вэ?

Х:- Та өөртөө цаг гаргаад санал авах өдөр бус түүнээс 6 дугаар сарын 16-наас өмнөсонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ заавал шалгаарай.  Учир нь хуулиар сонгуулийн санал авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад аливаа өөрчлөлт оруулахыг хориглосон байгаа. Түүнчлэн харьяа хэсгийн хороо чинь сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн байранд ил тавьж, иргэдэд чөлөөтэй танилцах боломж олгох үүрэгтэй.

А: Би хөдөө томилолтоор байнга явдаг ажилтай. Санал авах өдөр оршин суугаа газраасаа өөр газарт байвал сонгогчийн шилжүүлгээ яаж хийлгэх, хэд хоногийн өмнө шилжилтээ бүртгүүлсэн байх ёстой талаар тодруулж өгөөч?

X:- Сонгуулийн хуульд сонгогч санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө шилжилтээ хийлгэж, мөн энэ хугацаанд шилжин очсон газрынхаа хэсгийн хороонд шилжин ирсэн тухайгаа мэдэгдэнэ. Шилжүүлгээ хийлгэсэн хэдий ч очсон газартаа   6 дугаар сарын 16-наас өмнө бүртгүүлээгүй бол санал өгөх эрхгүй болохыг анхаараарай.

А: Манай хүү олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож Сьерра-Леон улсад алба хааж байгаа. Энэ улсад Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байдаггүй. Тэгэхээр тэнд алба хааж байгаа цэрэг, дайчид маань саналаа өгөх боломж бий юу?

Х:- Уучлаарай, Монгол Улсын Ерөнхиилөгчийн сонгуулийн тухай хуульд  Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа, улсын бүртгэлд бүртгэгдсэн сонгуулийн эрх бүхий иргэний саналыг авахаар заасан байгаа. Харин Сьерра-Леон улсад манай улсын төлөөлөгчийн газар байхгүй тул энэ удаад хүү тань санал өгч чадахгүй юм.

А: -Би Солонгост ажилладаг. Бид нар Монголдоо байгаа хүмүүстэй адил, нэг өдөр саналаа өгөх үү. Заавал иргэний үнэмлэхтэй байх ёстой юу?

X:- Үгүй ээ. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдөр авахаар Улсын Их Хурлаас тогтоосон. Та саналаа өгөхөөр урьдчилан мэдэгдэж бүртгүүлсэн бол Энэ өдрүүдэд 7:00-22:00 цагийн хооронд БНСУ-д суугаа Элчин сайдын яаман дээрээ өөрийн биеэр очиж саналаа өгөөрэй. Монгол Улсын иргэний үнэмлэх, эсвэл үндэсний гадаад паспортын аль нь ч байсан болно.

А: Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллаж байгаа вэ, хуулиар хориглосон зүйл бий юу?

X:-  Хориглосон зүйл байгаа. Тухайлбал, улс төрийн  нам эвслийн төлөөллөөс гадна улс төрийн албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орохыг хориглосон. Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид ажиллаж байгаа.

А: Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд ямар эрх, үүрэгтэй оролцдог вэ?

Х:- Сонгуулийн Ерөнхий Хорооны сонгуулийн үеэр дэргэдээ Хэвлэл, мэдээллийн Зөвлөл нь байгуулан ажиллуулдаг. Зөвлөлийг сонгуульд оролцож буй улс төрийн намууд, төрийн бус байгууллага болон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байна. Энэ зөвлөл сонгуульд оролцож буй намууд болон нэр дэвшигчдийн сурталчилгааны тэнцвэрт байдалд хяналт тавих, нам, нэр дэвшигч, хуулийн этгээд, иргэнээс ирүүлсэн  өргөдөл, гомдлыг хянан үзэж дүгнэлтээ СЕХ-нд танилцуулах үндсэн үүрэгтэй.

Үүнээс гадна  манай хороо Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журмыг хуульд нийцүүлэн баталж гаргасан. Мөн  Сонгуулийн Ерөнхий Хорооноос тогтоосон хуваарь, цагийн дагуу Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээр нэр дэвшигчдийн сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөргүй нэвтрүүлэхээр хуульд заасан байгаа.

Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг радио, телевизээр төлбөртэй нэвтрүүлэх сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийг нэр дэвшигч бүрд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцож баталж өгсөн. Энэ тал дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт тавин ажиллаж байна.

А: Хуульд сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгааг нэг бүлэг болгосон нь ямар учиртай юм бол ?

Х:- Эдгээр асуудал хоорондоо салшгүй холбоотой. Мөрийн хөтөлбөрт  Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд нэр дэвшигчийн баримтлах үзэл баримтлалыг тодорхойлсон байдаг. Тийм учраас  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах нь сурталчилгааны  гол бүрэлдэхүүн хэсэг гэж ойлгож болно.

А: Хуульд сонгуулийн сурталчилгаа хийх арга хэлбэр, сонгуулийн сурталчилгааны явцад хориглосон тодорхой үйлдэл, үйл ажиллагааг нэгбүрчлэн тусгажээ. Үүний учир юунд байна вэ?

Х:- Өмнө нь хуульд тусгагдаагүй  буюу хориглоогүй гэснээр шалтаглан элдэв бохир арга хэрэглэж “хар пиар” хийх тохиолдол цөөнгүй гарч байсныг хэн бүхэн мэднэ. Үүнд хэвлэл, мэдээллийн хэрэгслийг татан оролцуулж, ашиглаж байсан нь ч  бас үнэн. Энэ бүхнийг цэглэх, цэгцлэх зорилгоор хуульд сонгуулийн  сурталчилгааны арга, хэлбэрийг болон сурталчилгаатай холбоотой үйлдэл, үйл ажиллагааг ийнхүү нэг бүрчлэн зохицуулж “буух эзэнтэй, буцах хаягтай” болгож өгсөн. Тухайлбал, сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, хуурамч мэдээлэл тараах, захиалагч нь мэдэгдэхгүй, тодорхойгүй, эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэхийг хатуу хориглосон. Тэр ч байтугай сонгуулийн сурталчилгаанд ашиглах тээврийн хэрэгслийн улсын дугаарыг сонгуулийн хороонд бүртгүүлж нэгдсэн таних тэмдэгтэй байх, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааныхаа материалыг хэвлүүлж, сонгогчдод хүргэх хэлбэр, хэмжээг  хүртэл хуульд заасныг та бүхэн анзаарсан байх. Сонгуулийн сурталчилгаанд зурагт хуудас байрлуулах, ухуулах байр ажиллуулах, радио, телевизийн нэвтрүүлэг ашиглах зэрэг тогтсон арга хэлбэрээс гадна нам өөрийн бэлгэдэл болсон далбааг гудамж талбайд байрлуулах, цахим хуудас, олон нийтэд зориулсан мессеж ашиглахыг хуулиар зөвшөөрсөн  шинэ заалт бий. Өөрөөр хэлбэл, хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэсэн үг.

А: - Сонгуулийн үеэр маш олон тооны ухуулагч нар яваад байдаг. Нэр дэвшигчийн ухуулагч, шадар туслагчийн тоог хуульд тодорхой заасан байдаг уу. Үүнд хэрхэн хяналт тавьдаг вэ?

Х:- Нэр дэвшигчийн сонгуулийн бэлтгэл ажил, нэр дэвшигчээс сонгогчидтойгоо уулзах, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сурталчлах зэрэгсонгуулийн сурталчилгааг зохион байгуулахад намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч тусална.

Нэр дэвшигч нь аймаг, дүүрэг тус бүрд нэг шадар туслагчтай, 200 сонгогч тутамд нэгээс илүүгүй ухуулагчтай, байхаар хуульчилсан. Намын сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд 100 хүртэл, аймаг, нийслэлд 50 хүртэл, сум, дүүрэгт 20 хүртэл ажилтны бүрэлдэхүүнтэй байж болно гэж хуульд заасан.  

Эдгээр шадар туслагч, ухуулагч, намын ажилтнуудыг сонгуулийн хороод бүртгэж үнэмлэх олгодог учраас үүнд  хяналт тавих боломжтой.

А: Манайх сумын төвөөс нэлээд алслагдсан нутагт амьдардаг. Санал өгөх гэж хэсгийн хороо руу явахад хонь мал эзгүйдэхээс эхлээд нэлээд асуудал гардаг. Гэр бүлийнхээ хүнээр төлөөлүүлж саналаа өгөх боломж байдаг уу?

Х: - Уучлаарай, тийм боломж байхгүй. Учир нь Монгол Улсын иргэн бүр сонгуульд хэн нэгний төлөөлөлгүйгэр биечлэн оролцож, саналаа нууцаар, чөлөөтэй гаргах эрхтэй гэж хуульд заасан байдаг юм.  

А: Манай ах, эгч хоёр одооноос эхлээд л намайг өөрсдийнхөө дэмждэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгөөрэй гээд байх юм. Миний хэнд саналаа өгснийг хэн нэгэн мэдэх боломж байдаг уу?

Х:-Сонгуульд оролцох, хэнд санал өгөхөө зөвхөн чи өөрөө л бие даан шийдэх эрхтэй. Энэ бол чамд хуулиар олгогдсон эрх. Чиний саналаа өгөх эрхэд ах, эгчээс эхлээд хэн байсан ч хөндлөнгөөс халдаж, нөлөөлөх, албадахыг хуулиар хориглосон байдаг. Энэ тухайгаа чи гэрийнхэндээ хэлж ойлгуулаарай. Түүнчлэн сонгуульд хэний төлөө санал өгснийг хэн нэгэн мэдэх эсэхэд эргэлзэх хэрэггүй. Учир нь сонгогч саналаа нууцаар гаргах эрхээр хангагдсан байдаг.

А: Саналаа өгөхөд минь хэн нэгэн нөлөөлж, санаатайгаар саад учруулбал түүнд хуулийн ямар хариуцлага тооцох вэ?

Х:-Таны санал өгөх эрхээ эдлэхэд нь ямар нэг хэлбэрээр саад учруулсан иргэнийг  нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Харин албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор хуульд заасан байдаг.

А: Сонгогч саналаа өгөхөд юуг анхаарах вэ?

Х:- Санал тэмдэглэх тухай зааврыг сонгогчдод хүргэж байгаа сурталчилгаанаас авч болно. Мөн санал тэмдэглэх бүхээг, саналын хуудсан дээр тодорхой бичигдсэн байгаа тул сайтар уншиж танилцаарай. Саналын хуудсанд нэр дэвшигчийн зураг тавигдсан байгаа. Мөн эцгийн нэр, өөрийн нь нэр, нэр дэвшүүлсэн намын нэрийн бичсэн. Тиймээс ойлгомжгүй зүйл гарахгүй. Харин Та зөвхөн нэг нэр дэвшигчийн нэрийн өмнөх улаан хүрээтэй зууван дугуйг дүүргэн будах хэрэгтэй. Нэгээс илүү нэр дэвшигчийн төлөө санал өгвөл таны санал хүчингүй болж нэр дэвшигчдэд өгсөн саналд тооцогдохгүй.

А: Саналын хуудсанд УИХ-ын сонгуулийнхтай адилхан тэмдэглэл хийх үү? Саналын нууцлалыг хэрхэн хангаж байгаа вэ?

X:- Тиймээ. Та саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос сонгохыг хүссэн нэг л нэр дэвшигчийн нэрийн өмнөх зууван дугуйг санал тэмдэглэх бүхээгт байх зориулалтын үзгээр дүүргэн будна. Саналаа тэмдэглэсний дараа хэсгийн хорооноос өгсөн саналын хуудасны хавтсанд саналын хуудсаа хийж санал тоолох төхөөрөмж рүү очно. Харин санал тоолох төхөөрөмжид уншуулахдаа саналын хуудсаа хавтаснаас нь гаргаж байж хийгээрэй.
САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ






Энд дарна уу


Энд дарна уу



Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.