УИХ-ын сонгууль


УИХ-ын сонгууль хэзээ болох вэ?

Х: - УИХ-ын сонгууль 2012 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өглөөний 07,00 цагаас оройн 20,00 цаг хүртэл хугацаанд санал хураана. Өмнөх сонгуулиудыг бодвол 2 цагаар богиноссон байгаа тул Сонгогч та бүхэн аль болох эртхэн очиж санал хураалтандаа идэвхтэй оролцоорой.

Манайх сумын төвөөс нилээд хол байдаг. Санал өгөх гэж хэсгийн хороо руу явахад хонь мал эзгүйдэхээс эхлээд нэлээд асуудал гардаг. Гэр бүлийнхээ хүнээр төлөөлүүлж саналаа өгөх боломж байдаг уу?

Х: - Уучлаарай, тийм боломж байхгүй. Учир нь Монгол Улсын иргэн бүр сонгуульд хэн нэгний төлөөлөлгүйгээр биечлэн оролцож, саналаа нууцаар, чөлөөтэй гаргах эрхтэй гэж хуульд заасан байдаг юм. 

Манай ах, эгч хоёр одооноос эхлээд л намайг өөрсдийнхөө дэмждэг намын төлөө саналаа өгөөрэй гээд байх юм. Миний хэнд саналаа өгснийг хэн нэгэн мэдэх боломж байдаг уу?

          

Х: - Сонгуульд оролцох эсэхээ зөвхөн чи өөрөө л бие даан шийдэх эрхтэй. Мөн таны хэнд саналаа өгснийг хэн нэгэн мэдэх боломжгүй. Учир нь сонгогч саналаа нууцаар гаргах эрхээр хангагдсан байдаг.

Би энэ жил 18 нас хүрч, анх удаа сонгууль өгөх гэж байгаа. 18 насанд хүрсэн хүн болгон саналаа өгөх эрхтэй юу?

Х: - Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн гэж 18 нас хүрсэн хүнийг хэлдэг. Гэхдээ 18 нас хүрсэн гэдэгт төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө нь насанд хүрсэн байх ёстой. Мөн эрх зүйн бүрэн чадамжтай иргэд саналаа өгнө. 

Эрх зүйн чадамжгүй иргэн гэдэгт ямар хүнийг хамааруулж ойлгох вэ?

Х: - Эрх зүйн чадамжгүй гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсвэл хорих газар ял эдэлж байгаа болон түр чөлөөгөөр гарсан, хорих ял эдлэхээс зайлсхийж яваа иргэн гэж ойлгох хэрэгтэй. Эдгээр иргэд сонгуульд оролцох эрх эдэлдэггүй.

Сонгуульд нэр дэвших иргэн 25 нас хүрсэн байхаас гадна өөр ямар шалгуурыг хангасан байх ёстой юм бол?

Х: - 25 нас хүрсэн гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө насанд хүрсэн байх ёстой гэдгийг анхаараарай. Хэрэв эл шалгуурыг хангаж байвал бол  сонгуульд нэр дэвших эрхтэй.

Сонгох, сонгогдох эрхийг минь хууль бусаар хязгаарласан тохиолдолд хэн, ямар хариуцлага хүлээх вэ?

Х: - Иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төгрөгөөр торгоно. Харин албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-5, хуулийн этгээдийг 5-7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөг торгохоор хуулинд заасан.

Манай хүү олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож Сьерра-Леон улсад алба хааж байгаа. Энэ улсад Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байдаггүй. Тэгэхээр тэнд алба хааж байгаа цэрэг, дайчид маань саналаа өгөх боломж бий юу?

Х: - Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авахаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан. Сьерра-Леон улсад Монгол улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй учир энэ удаа хүү тань сонгуульд оролцох боломжгүй юм.

Ер нь гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэд саналаа хэрхэн өгөх талаар Сонгуулийн ерөнхий хорооны http://gec.gov.mn/for_elector/44/133 цахим хуудаснаас  мэдээлэл аваарай. 

Би Солонгост ажилладаг. Бид нар Монголдоо байгаа хүмүүстэй адил, нэг өдөр саналаа өгөх үү. Заавал иргэний үнэмлэхтэй байх ёстой юу?

Х: - Үгүй ээ. Гадаадад байгаа иргэд маань саналаа өгөхөөр очихдоо иргэний үнэмлэх, эсвэл үндэсний гадаад паспорттой байна. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний саналыг сонгуулийн санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө урьдчилан авсан байхаар хуульд заасан. Энэ жил 6 дугаар сарын 10-ны өдрийн Ням гарагт  07-20 цагийн хооронд гадаад дахь сонгогчдын саналыг авахаар Сонгуулийн ерөнхий хорооноос товлосон. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн иргэд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцохоо урьдчилан мэдэгдэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх ажил дууссан. Гадаад оронд байрлаж буй 39 дипломат төлөөлөгчийн газарт нийт 4300 гаруй иргэд сонгуульд оролцож саналаа өгөхөөр бүртгүүллээ. Гадаад улсад буй Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын талаарх мэдээллийг Гадаад харилцааны яамны http://www.mfat.gov.mn/index.php?option=com_content&view=category&layout=blog&id=65&Itemid=89&lang=mn сайтаас аваарай. 

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд сонгуульд саналаа хэрхэн өгөх вэ? Миний Монгол дахь хаяг Баянгол дүүрэгт бүртгэлтэй. Би дүүрэгтээ нэр дэвшиж байгаа хүмүүсийн төлөө саналаа өгөх боломжтой болов уу?

 Х: - Тийм боломж байхгүй. Та хэдийгээр Баянгол дүүрэгт бүртгэлтэй ч гэлээ, харьяа хэсгийн хороо дээрээ биеэрээ очиж сонгуулийн санал өгөх боломжгүй. Тийм учраас та хуульд заасны дагуу гадаад улсад  байгаа дипломат төлөөлөгчийн газарт сонгуульд оролцохоо мэдэгдэн 6 дугаар сарын 10-ны өдөр очиж сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвслийн төлөө саналаа өгөх нь. Саналаа тэмдэглэхдээ өөрийн сонгохыг хүссэн аь нэг нам, эвслийн өмнөх улаан хүрээ бүхий дугуйг тусгай үзгээр дүүргэн будаж тэмдэглэнэ.

Энэ удаагийн сонгуулийг ажлын өдөр болно гэж сонслоо. Тэр өдөр нь ажилтай бол яах вэ. Санал авах өдрийг хаанаас, хэзээ тогтоодог талаар мэдээлэл өгөөч?

Х: - Юуны өмнө сонгуулийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарладаг. Энэ жилийн УИХ-ын сонгуулийг 2012 оны 6 дугаар сарын 28-ны /Пүрэв/ гаригт авахаар зарласан бөгөөд энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгосон. Тэр өдөр Та ажиллаж байвал ажлаа зохицуулаад өглөөний 07 цагаас оройн 20 цагийн хооронд харьяа хэсгийн хороон дээрээ очоод саналаа өгөөрэй. Таны ажиллаж буй байгууллагын захиргаа саналаа өгөх боломжоор тань хангах үүргийг хуулиар хүлээсэн байгаа.

Би Баянхонгор аймгийн Галуут суманд амьдардаг. Манай аймаг хэдэн тойрог болж байгаа вэ. Хэдэн хүний төлөө санал өгөх талаар тодруулж өгнө үү?

Х: - Баянхонгор аймаг нэг тойрог болж байгаа. Танай тойрог хоёр мандаттай. Тэгэхээр Таны хувьд сонгуульд нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн хоёр хүний төлөө саналаа өгнө. Мөн саналын хуудасны хоёр дахь хэсэгт байгаа сонгуульд  өрсөлдөж байгаа улс төрийн нам, эвслээс зөвхөн нэгийг сонгож саналаа өгөх юм. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тойрог, мандатыг хэрхэн хуваарилсан талаарх  мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооны http://gec.gov.mn/page/151/152 цахим хуудаснаас аваарай.

УИХ-ын сонгуулиар улсын хэмжээнд хэчнээн тойрог, салбар, хэсгийн хороо ажиллах бол. Үүнтэй уялдуулж асуухад сонгуулийн хуульд зааснаар сонгуулийн хороодод зөвхөн төрийн албан хаагч ажиллана гэсэн. Хүн хүчний нөөц хүрэлцээтэй юу?

Х: - УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр 26 тойрог, 334 салбар, 1908 хэсгийн хороодод  18 мянга орчим хүн ажиллана.  Нэгэнт хуульд сонгуулийн тойрог болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулахаар тусгасан болохоор бид хуулиа хэрэгжүүлэхийн төлөө л ажиллаж байгаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог, хэсгийн хороодын тоо, байршлын талаарх мэдээллийг
http://www.gec.gov.mn/for_elector/153/193
цахим хуудсаас аваарай.

Сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд ямар хүмүүс орж ажиллах вэ, хуулиар хориглосон зүйл бий юу?

Х: -  Хориглосон зүйл байгаа. Тухайлбал,  улс төрийн  нам, эвслийн төлөөллөөс гадна улс төрийн албан тушаалтан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, шүүгч, прокурор, УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд орохыг хориглосон.

Сонгуулийн үеэр тойрог, хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүс аль нэг улс төрийн нам, нэр дэвшигчдэд үйлчлэх явдал гардаг байсан. Одоогийн хуулиар ийм хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ?

Х: - Энэ тухай Сонгуулийн хуульд тодорхой заасан байгаа. Тухайлбал, тойргийн болон салбар, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүд  сонгуульд оролцож байгаа аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулах, энэ зорилгоор сонгогчоос сонгох эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах, нөлөөлөх үйлдэл гаргавал хариуцлага тооцно. Түүнчлэн санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийх, бусдыг төлөөлж санал өгөх, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг болон санал тоолох төхөөрөмжийн лац, битүүмжлэлийг гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авах зэрэг хууль бус аливаа үйлдэл хийх, зохион байгуулах, бусад хэлбэрээр дэмжихийг хориглоно гээд тодорхой заасан байдаг.

Хориглосон заалтыг зөрчвөл захиргааны хариуцлага хүлээлгэхээс гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хэрвээ гаргасан зөрчил нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй  байвал сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээс хасах бөгөөд энэ нь төрийн албан хаагчийг төрийн албанд нь нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах үндэслэл болно.

Би өөрийн болон гэр бүлийнхнийгээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг хаанаас, яаж шалгах боломжтой вэ. Хэрэв бүртгэгдээгүй эсвэл буруу бүртгэгдсэн байвал хэнд хандах вэ?

Х: - Сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гуравдугаар сарын 15-наас нийтэд танилцуулж эхэлсэн. Та
www.burtgel.mn
гэсэн хаягаар орж өөрийн болон гэр бүлийнхнийхээ нэрийг сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа эсэхийг шалгаарай. Сонгогч өөрийнхөө нэрийг сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй байгаа эсэхийг 6 дугаар сарын 18-наас өмнө шалгасан байх шаардлагатай. Хэрэв таны нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн байвал гомдлоо харьяа сум, дүүргийн хэсгийн хороондоо гаргана уу. Таны гомдлыг тэд ажлын хоёр өдрийн дотор шийдвэрлэж өгөх үүрэгтэй. Харин санал авах өдөр сонгогчдын нэрийн жагсаалтад аливаа өөрчлөлт оруулахыг хуулиар хориглосон гэдгийг анхаараарай. 

Өнгөрсөн сонгуулиудаар сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хорооны гишүүд айл, өрхөөр явж тулгалт хийгээд үйлддэг байсан. Одоо сонгогчдын нэрийн жагсаалтыг хаанаас гаргах вэ?

Х: - 2010 онд Монгол Улс хүн амын тооллого явуулж, иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулсан. Энэхүү иргэний бүртгэлийн улсын санд тулгуурлан Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэж, нягтлан шалгах, давхардлыг нь арилгах, бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн иргэнийг бүртгэх зэрэг ажлуудыг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа.

Би бие даан нэр дэвшиж байгаа. Надад сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах, түүнийг хувилж өгөх боломж байдаг уу?

Х: - Та сонгуулийн харьяа хэсгийн хороондоо хүсэлт гаргавал сонгогчдын нэрийн жагсаалтыг цаасаар болон цахим хэлбэрээр хувилж өгч болно. Гэхдээ хувилж олшруулах зардлын хэмжээг Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон. Ер нь сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, бие даан нэр дэвшигч хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж, олшруулахыг хориглосон байдаг.

Сонгуулийн санал авах өдөр саналаа өгөхөөр очиход сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй байвал яах вэ?

Х: - Танд өөртөө цаг гаргаад санал авах өдөр бус түүнээс 10 хоногийн өмнө  сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгасан байх шаардлагатай.

Учир нь хуулиар сонгуулийн санал авах өдөр нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахыг хориглосон байгаа. Түүнчлэн Таны харьяа хэсгийн хороо чинь 6-р сарын 8-наас өмнө сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн байранд ил тавьж, иргэдэд чөлөөтэй танилцах боломжоор хангана.

Сонгогчдын нэрийн жагсаалт гарснаас хойш оршин суугаа хаягаа шилжүүлж болох уу?

Х: - Болохгүй. Сонгуулийн хуулинд сонгууль товлон зарласан өдрөөс эхлээд санал хураалт дуустал хугацаагаар иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих хөдөлгөөнийг улсын хэмжээнд иүр хориглосон. Тиймээс Та иргэний үнэмлэхэн дээрх хаягаараа саналаа өгнө.

САНАЛ АВАХ ӨДӨР
ХҮРТЭЛ

ҮЛДЛЭЭ





Энд дарна уу
  • Сонгуулийн тухай хууль
  • Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа
  • Сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт
  • Сонгогчдын нэрсийн жагсаалт, сонгогчийн болон иргэний шилжилт хөдөлгөөн
  • Нэр дэвшигчдийн бүртгэл
  • Саналын хуудас
  • Сонгуулийн сурталчилгаа
  • Санал авах байр бэлтгэх
  • Сонгогчдын санал авах, тоолох үйл ажиллагаа
  • Санал тэмдэглэгээний уншилт
  • Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, өргөдөл, гомдол маргаан хянан шийдвэрлэх харъяалал
  • Сонгуулийн автоматжуулсан систем


  • Энд дарна уу


    Энд дарна уу



    Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.