Нэр дэвшүүлэх хугацаа хойшилсон

Хэвлэх

УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа бол? Хүндрэл бэрхшээл байна уу?

 

УИХ-ын сонгууль 4 дүгээр сарын 8-наас товлон зарлагдсан. 6 дугаар сарын 29-нд УИХ-ын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал авна.  Сонгуулийн ажилтны мэдээллийн санд 27000 орчим төрийн албан хаагчид бүртгүүлж, тэдэнд Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын албаны ажилтнууд болон аймаг, нийслэлийн сонгуулийн хорооноос сургалт зохион байгуулж гэрчилгээ олголоо. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо болон 330 сумын, 9 дүүргийн сонгуулийн хороод, нийт 2091 сонгуулийн хэсэг хуулийн хугацаандаа байгуулагдлаа. Гадаад оронд байгаа сонгогчдын саналыг авах ажлыг зохион байгуулах Төв комисс, салбар комисс байгуулагдаад ажлаа явуулж байсныг ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээн авч хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор зогсоогоод байна. Сонгуулийн тухай хууль болон сонгуулийн ажлын цаг хугацааны хуваарийг хэвлүүлж сонгуулийн хороодод хүргээд байна. Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ хуульд заасан баримт бичгийн хамт бүрдүүлсэн 11 нам, 3 эвслийг бүртгэж, батламж гардууллаа. Сонгуулийн бэлтгэл ажил хуульд заасан цаг хугацандаа хэвийн явагдаж байна. Сонгуулийн хуульд заагдсан сонгууль зохион байгуулахад оролцох төрийн байгууллагын удирдлагатай уулзалт зохион байгуулж, хамтран ажиллаж байгаа.

 

Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авч хуульд өөрчлөлт орууллаа. Зохион байгуулалтын хувьд ямар өөрчлөлт гарах вэ?   

 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-аас Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Мэдээж сонгуулийн тогтолцоо, тойрог өөрчлөгдөнө. УИХ-ын сонгууль нь 1 мандат бүхий 76 тойрог буюу дан мажоритар тогтолцоогоор явагдана. Өөрөөр хэлбэл, нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөхгүй гэсэн үг. Өмнө нь 1 мандат бүхий 76 тойргоор 1996, 2000, 2004 оны сонгууль явагдаж байсан. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх хугацаа хойшилсон. Нэр дэвшүүлэх ажиллагаа 5 дугаар сарын 4-нөөс эхлэх байсан бол нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн хувьд 5 дугаар сарын 23-наас нэр дэвшүүлж эхлэх бөгөөд нам, эвсэл 5 хоногийн хугацаанд буюу 5 дугаар сарын 28-наас өмнө бие даан нэр дэвшигчид 5 дугаар сарын 30-наас өмнө нэр дэвшүүлэх ажиллагаагаа дуусгана. Сонгуулийн Ерөнхий Хороонд нам, эвсэл нэр дэвшигчийнхээ баримт бичгийг 5 дугаар сарын 31-нээс өмнө, бие даан нэр дэвшигчид 6 дугаар сарын 2-ноос өмнө хуульд заасан баримт бичгээ ирүүлэх ёстой. Дээрх хугацаанаас хойш нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахгүй. Мөн бие даан нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагаар хянуулсан байх хугацааг 5 дугаар сарын 13-наас өмнө байхаар тогтоосон.

 

Сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд сонгуулийн бэлтгэл ажилд нөлөөлөх үү?

 

Нэр дэвшүүлэх хугацаа хойшлох нь саналын хуудасны эх бэлтгэх, санал авах, тоолох төхөөрөмжөө шалгаж бэлтгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэхэд эрсдэлтэй алхам гэж үзээд Сонгуулийн Ерөнхий Хороо 5 дугаар сарын 20-ноос нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлэх саналыг өгсөн боловч Улсын Их Хурал 5 дугаар сарын 23-наас нэр дэвшүүлэхээр хууль баталсан.


Эрсдэл үүсвэл хэн хариуцах бол?

 

Сонгуулийн Ерөнхий Хороо хуулийн хугацаанд уг ажлыг зохион байгуулахын төлөө ажиллана. Эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Сонгууль зохион байгуулахад эрсдэл үүсэхээр бол бид санал өгөх үүрэгтэй.

 

Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуульд оролцох намуудаа бүртгэсэн байна. Одоо ямар ажил хийгдэх бол?

 

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Сонгуулийн тухай хууль болон сонгуулийн ажлын цаг хугацааны хуваариа шинэчлэн хэвлүүлж сонгуулийн хорооддоо хүргүүлэх ажилд нэмэлт зардал гарна. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалт зохион байгуулна.  Одоо УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгаж, бүртгэх ажил байна. Өмнө нь тойргийн хороод бүртгэдэг байсан бол энэ удаа Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэнэ. УИХ-ын 2012 оны сонгуулиар 544 нэр дэвшигч бүртгүүлж байсан бол одоо нэр дэвшигчийн тоо өсөх байх. Аймаг, нийслэлд 2012 онд 2200 орчим нэр дэвшигч оролцсон. Одоо бас нэмэгдэх байх. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн бүх хүмүүсийн нэрийг 564 орчим төрлийн саналын хуудаст хэвлэж хүргэх том ажил байна. Ялангуяа, орон нутагт нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах, нэр дэвшигчийн овог, нэрийг буруу ирүүлэх зэрэг асуудал их гардаг. Мөн сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах, сонгогчдод зориулан хууль тогтоомжийн талаар, саналаа хэрхэн тэмдэглэх талаар сургалт сурталчилгааны ажил хийгдэнэ.

 

Сонгуулийн зардлын УИХ-аас батлаж өгсөн. Энэ зардал хүрэх үү?

 

УИХ-аас сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр батлаж өгсөн. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод эхний ээлжийн санхүүжилтийг өгөөд байна. Энэ зардлыг сонгууль зохион байгуулах ажилдаа хүргэх, болж өгвөл хэмнэх зорилго тавьж байгаа. Эдийн засгийн хүндрэл бэрхшээл байгаа ч Сангийн яам сонгуулийн зардлыг цаг хугацаанд нь саадгүйгээр санхүүжилт хийж байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодын бүх данс Төрийн санд нээгдсэн. Эхний санхүүжилт хийгдсэн байгаа. Дээрх зардалд хуульд заасны дагуу сонгуулийн дараа төрийн аудитын байгууллагаар аудит хийлгэнэ.            





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.