Хууль зөрчсөн алхам хийхгүй байх хэрэгтэй

Хэвлэх

Сонгуулийн тухай хууль батлагдаад хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлууд гарч байна уу?

 

Монгол Улсын Сонгуулийн тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 4 дүгээрт нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаатай холбоотой бүтэн бүлэг байгаа. Есдүгээр бүлгийн 14 зүйл, 200 гаруй хэсэгт сонгуулийн сурталчилгаатай холбоотой асуудлыг маш тодорхой заасан байгаа болно.

 

Сонгуулийн сурталчилгаанд хэзээнээс юуг явуулж болох, юуг болохгүй талаар тодруулахгүй юу?

 

Хуулийн 70 дугаар зүйлд хууль бус сурталчилгааны талаар нэг бүрчлэн нэр зааж тодорхойлж өгсөн байгаа. Үндсэндээ ээлжит сонгуулийн жил эхэлснээс буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор хуульд заасан үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа юм. Тодруулж хэлэхэд сонгуулийн жил эхэлснээс хойш хориглох зүйл, сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хийж болохгүй үйлдэл, үйл ажиллагааг зааг ялгаатайгаар тогтоосон болно. Иймд аливаа этгээд үйл ажиллагаа эхлэхийн өмнө хуулийн 70 дугаар зүйлтэй сайн танилцах ёстой. Харин хуульд зааснаар буюу Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу, өөрөөр хэлбэл, 6 дугаар сарын 11-нээс сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө сурталчилгаа хийх эрх бүхий этгээд хуулийн холбогдох зүйл, заалтуудтай сайтар танилцсан байх хэрэгтэй.

 

Сонгуулийн тухай хууль зөрсөнийг хэн тогтоох вэ?

 

Хуульд тодорхой заасан байгаа. Хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг баримттайгаар шүүх, цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Мөн 116, 117, 118 дугаар зүйлд зааснаар цагдаагийн байгууллага захиргааны зөрчлийг шалгаж, шүүгч шийтгэвэр, захирамж гарган шийдвэрлэнэ. Урьд мөрдөгдөж байсан хуульд сонгуулийн байгууллага аливаа зөрчлийн тухай асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлдэг байсан бол одоо иргэд шууд баримт нотолгоотойгоор дээр дурьдсан шүүх, цагдаагийн байгууллагад хандах болсноороо онцлогтой.

 

Хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийг баримтлах тал дээр юу анхаарах вэ?

 

Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг хийхдээ Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхад онцгой анхаарах ёстой. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд улс төрийн нам, нэр дэвшигчдийн талаар хийх сурталчилгааны төрөл хэлбэрийг хуульд тодорхой заасан болно. Нэмж хэлэхэд, сурталчилгаа хийх радио, телевиз санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдлээ Сонгуулийн холбогдох байгууллагад заавал ирүүлэх ёстой. 

 

Ойрын өдрүүдэд сонин, сайтаар намууд, улс төрчдийн рейтингийн судалгаа гарч байна. Энэ талаар Та юу гэх вэ?


“Зууны мэдээ” сонин, зарим нэг цахим хуудсанд “Максима” гэдэг судалгааны байгууллагын гэсэн нэртэй чансаа тогтоосон нийтлэл гарсан байна лээ. Сонгуулийн тухай хуульд иймэрхүү чансаа тогтоосон зүйлийг сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал хийхийг хориглосон байгаа. Ийм зөрчилд ногдуулах хариуцлагыг ч зааж өгсөн.

Сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхийг цагдаа, шүүхийн байгууллага тогтооно. Нэгэнт хуульд тодорхой тусгагдсан байхад хэвлэл мэдээллийн байгууллагууд зөрчил гаргаж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө 6 хүртэл сараар түдгэлзүүлэх арга хэмжээ авагдвал харамсалтай. Дахин хэлэхэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нэг бүрчлэн танилцаж, алдаатай алхам хийхгүй байвал зохино.

 

Өдрийн сонин 2016.02.25 №31

 

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.