Сонгуулийн хуульд тусгуулах 50 гаруй санал бий

Хэвлэх

Сонгуулийн Ерөнхий Хорооны даргаар Ч.Содномцэрэнг, нарийн бичгийн даргаар Ц.Болдсайханыг томилох шийдвэрийг УИХ-аас гаргасан билээ. СЕХ-ны гишүүн томилогдсоноос хойш 21 хоногийн дотор Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөх хуулийн заалтын дагуу тэд өчигдөр тангараг өргөсөн юм. Мөн СЕХ-ны гишүүнээр томилогдсон Р.Содхүү тангарагаа өргөлөө. Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс цөөн асуултад хариулт авав.

 

Юуны өмнө Таныг СЕХ-ны даргаар улиран томилогдсонд баяр хүргэе.

 

Баярлалаа.

 

Сонгуулийн хуулийг шинэчлэн батлах гэж байна. Сонгуулийн нэгдсэн хуультай болохын дагуу талыг Та тайлбарлаж өгнө үү?

 

Сонгуулийн хуулийг өөрчлөх нь хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт, өмнөх сонгуулийн үед гарсан санал зөвлөмжүүдийг хуульд тусгах ач холбогдолтой. Олон улсын байгууллагууд манайд ирж сонгуулийн явцыг ажиглаад ирүүлсэн маш оновчтой санал зөвлөмжүүд байдаг юм. Мөн иргэний сонгох, сонгогдох эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой санал хүсэлтийг хуульд тусгана. Хамгийн гол нь Ерөнхийлөгчийн, Орон нутгийн, УИХ-ын сонгуулийн тухай хууль тус тусдаа байсныг нэгтгэж нэг хуультай болох гэж байгаа нь онцлог. 3 хуулийг нэгтгээд нэгдсэн нэг хуультай болсноор сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, зохион байгуулж байгаа хороо, хэсгийн ажилтнуудад хэрэгтэй байх нь мэдээж. Үүнээс гадна сонгуульд нэр дэвшигч, санал өгөх сонгогчдод нэг хуультай байх нь ойлгомжтой байх болно. Өөр нэг асуудал нь хариуцлагын тогтолцоо. Сонгуулийн явцад маш олон гомдол, маргаан гардаг. Үүнийг 3 хуульд гурван янзаар заасан байдаг. Тиймээс нэгдсэн хариуцлагын тогтолцоотой болгох нь зүйтэй. Хариуцлагатай холбоотой гомдол маргааныг шийддэг хугацаа ч хууль бүрт өөр. Тэгэхээр гомдол маргааныг шийдэхэд дөхөмтэй болгох үүднээс хугацааг богиносгох санал явж байгаа.

 

Хуулийн өөрчлөлтөд Сонгуулийн Ерөнхий Хороо санал өгөх эрхтэй байдаг уу? Эрхтэй бол ямар санал гаргаж байгаа вэ?

 

СЕХ хуулийн төсөлд санал өгөх эрхтэй. Үүний дагуу Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсэгт саналаа хүргүүлсэн. Гурван хуулийн 800 гаруй зүйл заалтыг хооронд нь харьцуулаад судалгаа хийж хүргүүлсэн. Хоёрдугаарт, сонгуулийн хуулийн төслийн техникийн ажлын хэсгийг манайх ахлаж ажилласан. Техникийн ажлын хэсэг гэдэг нь Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн шаардсан судалгаа материалыг хугацаанд нь бэлдэж өгөх үүрэгтэй. Бас нэг сайн тал нь өмнөх сонгуулийн үед гарч байсан санал зөвлөмжүүдийг нэгтгээд зайлшгүй анхаарах 50 гаруй саналыг ажлын хэсэгт хүргүүлсэн.

 

Санал тоолдог хар машинтай холбоотой гомдол байнга гардаг. МАН-ынхан Сонгуулийн хуульд саналыг машинаар тоолохоос гадна баталгаажуулж гараар тоолдог байхаар санал гаргаж байгаа. Энэ тал дээр Та ямар байр суурьтай байна вэ?

 

Ер нь хуульд хар машин гэдэг томъёолол байдаггүй. Манайхан л тэгж хэлж сурталчилгаа явуулаад байгаа юм. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд сонгуулийн техник хэрэгсэл гэж байдаг. 2011 онд батлагдсан Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах, хэрэглэх, шийдвэр гаргах эрх нь УИХ-ын бүрэн эрхэд хадгалагдана гэж заасан. Сонгууль явуулах бүрт УИХ шийдвэрээ гаргадаг. СЕХ хуульд нийцүүлж сонгууль зохион байгуулах л үүрэг хүлээдэг. Дээрх хууль нэгэнт хүчин төгөлдөр байгаа учраас хуулийн дагуу л санал тоолох үйл ажиллагаа явуулна.

 

СЕХ-г эрх баригч намуудад үйлчилдэг гэх хардлага байдаг. Та өмнө нь АН-ын гишүүн байсан. Одоо МАН Засгийн газарт хамтраад ирэхээр нарийн бичгийн даргыг МАН-ын хүнээр хашуулах болсныг иргэд яаж харах бол?

 

Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд СЕХ-ны гишүүн аль нэг намын гишүүн байхыг хориглодог. Хоёрт, СЕХ хараат бусаар бие даасан үйл ажиллагаа явуулна гэсэн байдаг. Нам болон бусад байгууллагаас хараат бусаар бие даан үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Өөр нэг заалт нь СЕХ, түүний гишүүд нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд аливаа байгууллага иргэн хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно гэдэг. Аливаа байгууллага гэдэгт төрийн, хувийн гээд бүр шатны байгууллага хамаарна. СЕХ-ны гишүүн өмнө нь намын гишүүн байсан бол шийдвэр гарснаас эхлэн намаасаа түдгэлздэг. Манай Хороо 9 гишүүнтэй. Бүгд намаас түдгэлзсэн хараат бусаар ажлаа явуулах боломжтой хүмүүс.


Танай байгууллага Сонгуулийн хуулийг биелүүлж ажиллах үүрэг хүлээдэг. Гэхдээ СЕХ-ны даргын хувьд сонгуулийн тогтолцоо ямар байвал илүү гэж үздэг вэ?

 

Сонгуулийн системийн хувьд Сонгуулийн Ерөнхий Хороо санал өгөөгүй. Яагаад санал хүргүүлээгүй вэ гэхээр УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Ажлын хэсэг дээрээ мажоритар, холимог, пропорциональ байх уу гэдгийг яриад УИХ шийднэ. Шийдвэрийн дагуу бид ажиллах үүрэгтэй. Саяхан Сонгуулийн Ерөнхий Хороо дэлхийн улс орнуудын сонгуулийн тогтолцооны талаар судалгаа хийсэн. Сонгууль явуулдаг нийт 190 гаруй орны тогтолцоог судалж үзэхэд 60-аад хувь нь пропорциональ, эсвэл холимог тогтолцоотой байна. 40 гаруй нь мажоритар байна. Ер нь улс орнуудын сонгуулийн системийн хөгжлийн чиг хандлага мажоритараас холимог, холимгоос пропорциональ руу шилжих хандлагатай нь харагдсан. Швед, Дани, Норвеги, Швейцарь, Австри, Австрали зэрэг өндөр хөгжилтэй орнууд пропорциональ тогтолцоонд шилжсэн байна. Орос, Монгол, ХБНГУ зэрэг хуучин социалист байсан орнууд холимогт шилжээд явж байна. Цэвэр мажоритар тогтолцоотой улсад БНХАУ, Хойд Солонгос зэрэг сонгуульд олон хүн өрсөлддөггүй, нэг нам, нэр дэвшигчийн төлөө санал өгдөг орон багтдаг гэсэн судалгаа гарсан.

 

“Үндэсний шуудан” сонин. 2015.03.05, № 041. М.Алтанцэцэг

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.