Саналын хуудсыг орон нутагт нөөцгүй хүргүүлсэн

Хэвлэх

Сонгуулийн Ерөнхий Хорооноос хийсэн мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах ажиллагааг ажиглахаар гадаадаас 385 ажиглагч ирэхээр бүртгүүлжээ. Зарим орны ажиглагч нар ирсэн байгаа бол зарим нь сонгууль болох өдрөөс 1-2 хоногийн өмнө хүрэлцэн ирэхээ мэдэгдсэн байна. Тухайлбал, АНУ-аас 31, Герман, ОХУ-аас тус бүр 40, Шведээс 10, Канадаас 11, Францаас 15, Даниас 12 ажиглагч сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаа мэдэгдэн бүртгүүлээд буй юм байна. Ингэхдээ Киргиз, ОХУ-аас Сонгуулийн төв байгууллагын дарга нь ирж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг ажиглах гэнэ. Харин санал авах автоматжуулсан машины тухайд 2500 ширхэг машин бэлэн болжээ. Эдгээр машинуудад програмчлал, хянан баталгаажуулалт хийгээд аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүлээлгэн өгсөн. Өнгөрсөн 7 хоногт 21 аймаг руу санал тоолох машиныг ачуулсан бол энэ 7 хоногт хэсгийн хороодод хүргэх ажил хийгдэх аж. Ингэснээр ирэх Баасан гаригт туршилтын санал хураалтыг явуулах юм байна. Хэсгийн хороодын хувьд дээрх өдөр туршилтын саналын хуудсыг автомат машинаар уншуулж мэдээгээ Сонгуулийн Ерөнхий Хорооны төв сервер рүү илгээнэ. Эл туршилт нь автомат санал тоолох машин ажиллаж байна уу, хэвлэгдээд очсон саналыг үнэн зөв уншиж байна уу, СЕХ-ны төв серверт мэдээлэл очиж байна уу гэдгийг үндсэнд нь нягталж байгаа аж. Гэхдээ автомат санал тоолох машиныг 7 хэмжүүрээр шалгаж нягталсны үндсэн дээр хэсгийн хороод руу хүргэх ажлыг зохион байгуулсан болохоо СЕХ-ны дарга мэдэгдэж буй.

 

Автомат машиныг 7 төрлийн шалгуураар шалгаж нягталсны эцэст санал авах боломжтой гэж үзэн хэсгийн хороод руу хүргүүлсэн гэлээ. Ямар шалгуураар шалгаж нягталсан юм бэ?

 

Санал тоолох автомат машиныг эхлээд техникийн бүрэн бүтэн аюулгүй байдал талаас, дараа нь сонгуулийн файлуудыг зөв суулгаж уу, саналын хуудсыг зөв таньж уншиж уу гэдгийг нягталсан. Мөн Тагнуул, Мэдээллийн технологи, харилцаа холбооны зохицуулах хорооноос тус бүр төлөөлөл оролцон тестээс гарсан дүнг зөв эсэхийг шалгасан. Саналын хуудсыг хэвлэх явцад үйлдвэрээс хэвлэлтэд гарсан даруйд дээж авч саналын хуудсыг автомат машин зөв уншиж байна уу, бар кодыг зөв уншиж байна уу, хэмжээ нь таарсан уу, өөр бар кодтой саналын хуудсыг уншиж байна уу, усан хээ, үйлдвэрлэлийн нууцлал зэрэг олон зүйлийг шалгасан. Мөн 3 намын төлөөллийг оролцуулсан шалгалт хийсэн. IT чиглэлийн мэргэжлийн инженерүүдийг оролцуулсан шалгалт, мөн энэ чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон шалгалтыг давхар хийж баталгаажуулсны үндсэн дээр хянан баталгаажуулах гэрчилгээг машин бүрт олгосон. Үндсэндээ 7 шалгалт давж байж автомат машин хөдөө орон нутагт хүргэгдсэн.

 

Саналын хуудсыг орон нутагт нөөцгүй хэвлэсэн гэх юм. Орон нутгийн сонгогчид мэдээлэл дутмаг, бичиг үсэгт тайлагдаагүй байдаг нь саналын хуудсыг тэмдэглэх үедээ буруу тэмдэглэх, 2 нэр дэвшигчийн нэрийг дугуйлах зэргээр алдаа гаргаж болзошгүй. Энэ тохиолдолд саналын хуудсыг нөөцгүй явуулах нь эрсдэл дагуулж болзошгүй юм биш үү?

 

Орон нутгийн сонгуулиар саналын хуудсыг 5 хувийн нөөцтэй хэвлэж хөдөөд хүргүүлж байсан. Харин энэ удаад нөөцгүй хэвлэж хүргүүлсэн нь нэг талдаа зардлаа хэмнэх зорилгоор авсан арга хэмжээ. Нөгөө талдаа дотоодод байгаа сонгогчийн тоо өндөр учраас дутагдал гарахгүй болов уу гэж бид үзсэн. Жишээ нь нийт сонгогчоос 90 хувь нь саналаа өгөхөд цаана нь 10 хувийн нөөц үлдэнэ гэж тооцсон.

 

Саналаа өгсөн сонгогчийг үүрэн холбооны 1000 төгрөгийн нэгжээр урамшуулах нь хуульдаа нийцэж байгаа юу? Гадаад оронд сонгогчоо санал өгсөн нөхцөлд урамшуулдаг тогтолцоо бий юу?

 

Гар утасны нэгжийн тухайд УИХ дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байхад гишүүд Сонгуулийн Ерөнхий Хороо сонгогчийн ирц бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж үзээд дээрх хуулийн 48.15-д сонгогчийн ирцийг бүрдүүлэх талаар Сонгуулийн Ерөнхий Хороо тодорхой арга хэмжээ авч ажиллана гэж заалт оруулсан. Үүний дагуу төрийн бус байгууллагууд, үүрэн холбооны операторуудаас өнгөрсөн хугацаанд 20 гаруй санал ирсэн. Санал бүрийг нэг бүрчлэн нэлээн сайн ярилцсаны үндсэн дээр “Бага ч гэсэн нэгжийг нь дэмжие” гэж шийдвэрээ гаргасан. Хэрвээ сонгогчийн ирц хуульд заасан хэмжээнд хүрэхгүй бол зардал их гарна гэж “Бид саналаа өгнө” залуусын хөдөлгөөнийхөн хэвлэлийн хурал хийж байсныг санаж байгаа болов уу. Тийм учраас энэ саналыг дэмжсэн. Гадаад орнуудын тухайд урамшууллын систем бий. Хойд хөршид өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгууль болоход саналаа өгсөн сонгогч бүрийг үзвэрийн билетээр урамшуулж байсан. Австралид сонгогч саналаа өгөөгүй бол торгуулдаг. Саналаа өгөөгүй тохиолдолд сонгогч бүрийг 20 ам.доллараар торгодог. Тухайн орондоо бол нэг цагийн хөдөлмөрийн хөлсний үнэлэмж. Монгол Улс цаашдаа торгуулийг нь ч, урамшууллыг нь ч хэрэглэх ёстой. 

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээг хэвлэлийнхэнд хэдэн цагийн зайтай өгөх вэ, Сонгуулийн Ерөнхий Хороо? Сонгууль болж байгаа өдөр энэ талын мэдээлэл нэлээд хүлээгддэг?

 

Сонгогчийн ирцийн мэдээг санал авах өдрийн 11.00, 15.00, 22.00 цагуудаас тус бүр авна. Энэ үед мэдээлэл өгнө.

 

Цахим хэвлэлүүдээр өнгөрсөн амралтын өдөр “Автомат машинууд шалгалтад бүдэрлээ, саналын хуудас дээрх 3 нэр дэвшигчийг гурвууланг нь дугуйлахад бүгдийг хүчинтэй хэмээн автомат машин уншлаа” гэж мэдээлэгдсэн. Эл мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?


Хуульд сонгогч та нэг л хүний төлөө саналаа өгнө гэж заасан. 2, 3 хүний төлөө санал өгвөл саналын хуудас хүчингүй. Тодруулбал, нэг нүд дугуйлахад хүчинтэй. Нэг Ерөнхийлөгч сонгоно уу гэхээс 3 Ерөнхийлөгч сонгохгүй. 3 нүд дугуйллаа гэхэд машин татаад авчихна, хуудас нь хүчинтэй боловч санал нь хүчингүйд тооцогдоно. Харин нэр дэвшигчээс нэгийг дугуйлсан бол хүчинтэй саналд тооцогдоно гэдгийг сонгогчид маань маш сайн ойлгох хэрэгтэй. Түүнээс автомат машин буруу тоолж будилах зүйл гарахгүй.

 

Дашрамд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу 6 дугаар сарын 14-16-ны хооронд гадаад оронд ажиллаж, амьдарч байгаа монголчуудын саналыг авах ажил зохион байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхөөр 6478 иргэн бүртгүүлснээс 4248 сонгогч саналаа өгчээ. Үүнийг өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуультай харьцуулахад сонгуульд оролцохоор бүртгүүлсэн сонгогчийн тоо, саналаа өгсөн сонгогчийн тоо аль аль нь 50 хувиар өсчээ. Гадаад дахь монголчуудын хувьд нийт 39 Дипломат төлөөлөгчийн газраа очиж саналаа өгсөн. Ингэхдээ саналаа өгсөн нийт сонгогчийн ирц 68.2 хувьд хүрсэн гэж СЕХ-ноос өчигдөр мэдээлсэн. Тэгвэл улсын хэмжээнд 6 дугаар сарын 26-нд зохион байгуулагдах сонгуулийн үйл явцтай холбоотойгоор 6 дугаар сарын 16-ны байдлаар улсын хэмжээнд 1856190 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Тэдгээрээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх сонгогчийн тоо хараахан гараагүй байна. Гэхдээ энэ 7 хоногт багтаж гарах аж. Хуульд зааснаар зөөврийн хайрцгаар санал хураах ажиллагаа 6 дугаар сарын 25-нд зохион байгуулагдана. Сонгууль зохион байгуулахтай холбогдуулж 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдан санал авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангажээ. Үүнд 15863 төрийн албан хаагч ажиллаж буй юм байна. Хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг автоматжуулсан системээр зохион байгуулна. Иймд бэлтгэл ажлыг зохион байгуулах хүрээнд аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд 136 хүний бүрэлдэхүүнтэй мэдээлэл технологийн 31 баг ажиллаж байгаа бол 1896 хэсгийн хороонд мэдээлэл технологийн 2271 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2500 гаруй хүн ажиллаж байна. Үндсэндээ цагдаа, тагнуул зэрэг байгууллагынхныг оруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 20 мянга гаруй төрийн албан хаагч дайчлагдан ажиллаж байна.

 

    “News.mn”. 2013. Г.Дарь

 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.