Нэр дэвшүүлэх ажиллагаа энэ баасан гаригт эхэлнэ

Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлаад байгаа. Уг сонгуультай холбоотой зарим зүйлийг СЕХ-ны нарийн бичгийн дарга Б.Алтанжаргалаас тодруулав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа хэзээнээс эхлэх вэ гэсэн асуулт уншигчдын сонирхлыг татаж байна?

 

УИХ-д суудал бүхий улс төрийн нам, хамтарсан намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш арав хоногийн дараа эхлүүлж, арав хоногийн хугацаанд дуусгахаар хуульд заасан байгаа. Тодруулж хэлэхэд, УИХ 2013 оны дөрөвдүгээр сарын 22-нд Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарласан тул нэр дэвшүүлэх ажиллагаа тав дугаар сарын 3-наас эхэлж, 12-ныг дуустал үргэлжилнэ.

 

Нэр дэвшигч гэж хэнийг хэлэх вэ? Ямар шаардлагыг хангасан хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй вэ?

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж бүртгүүлэн, улмаар нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг “нэр дэвшигч” гэнэ.

Харин Монгол Улсын харъяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харъяат хэвээр байгаа иргэнийг уугуул гэж ойлгож болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 6.3-т заасан шаардлагыг хангасан буюу дөчин тавах нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй.

Үүнээс гадна нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй, ялгүй байх ёстой.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчийг хаанаас, ямар журмаар нэр дэвшүүлэх вэ?

 

УИХ-д суудал бүхий улс төрийн нам дангаараа буюу хамтран тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлэх эрхтэй. Нам дангаар сонгуульд оролцох бол Их Хурал, эсхүл намын төлөөллийн төв байгууллага нь нэр дэвшүүлнэ.

Нам нэр дэвшүүлэхдээ тухайн хүний мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Ерөнхийлөгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзнэ гэж хуульд заасан.

Мөн нэг намын гишүүнийг нөгөө намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намыг гишүүнийг нэр дэвшүүлэхийг хуулиар хориглосон.

           

Намууд хамтарч нэр дэвшүүлэх тохиолдолд юуг анхаарах вэ?

 

Намуудхамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудлыг нам тус бүр намын төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байх ёстой. Ийнхүү хуралдаанаас гарах шийдвэрт тухайн намын дарга гарын үсэг зурснаар намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх асуудал шийдвэрлэгдсэн гэж үзнэ.

Энэ шийдвэртээ хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагад тухайн намаас оролцох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо, хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагыг удирдах бүрэлдэхүүнд орох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо, түүнчлэн сонгуулийнзардлын санд тухайн намаас оруулсх хөрөнгийн хувь хэмжээг тус тус тусгасан байна.

Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай шийдвэрлэснээс хойш нам дангаараа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, түүнчлэн сонгуулийн зардлын сан байгуулахыг хуулиар хориглосныг анхаарах ёстой.

 

Нэр дэвшигчийг хэрхэн бүртгэх талаар тайлбар өгнө үү?

 

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш тав хоногийн дотор буюу 2013 оны тавдугаар сарын 17-ныг дуустал хугацаанд нэр дэвшигчтэй холбоотой баримт бичгийг бүрдүүлж СЕХ-нд ирүүлэх ёстой.  

            





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.