Тойргийн хороо тайлбараа өгвөл Д.Сумъяабазарын нэрийг УИХ-д өргөн барина

Хэвлэх

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнгээс дараахь тодруулгыг авлаа.

 

Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтаар ялалт байгуулсан Д.Сумъяабазарын нэрийг Сонгуулийн Ерөнхий Хороо хэзээ УИХ-д оруулж ирэх вэ?

 

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалтын дүн Сонгуулийн Ерөнхий Хороонд энэ сарын 17-нд ирсэн. Хуулиараа тойргийн хорооны тогтоолыг хэсгийн хорооны тогтоолтой нягтлан шалгах ажиллагааг 14 хоногийн дотор хийж, СЕХ-ны хурлаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Бид энэ дагуу л ажиллаж байна. СЕХ-ны шинжээчид 80 хэсгийн хорооны тогтоол, дүн мэдээг тойргийн хорооны дүн мэдээтэй тулгаж үзэж байна. Нийтдээ 9 хэсгийн хороонд зөрчил гарсан. Эдгээр зөрчлийн талаар тойргийн хорооноос тайлбар авахаар хүргүүлчихсэн.

 

Ямар зөрчлүүд вэ?

 

2 хэсгийн хорооны тогтоол дээр нэр дэвшигчдийн авсан саналын тоо, хувийг бичээгүй. Нэг хэсгийн хороо 2 нэр дэвшигчийн авсан саналыг сольж бичсэн. Үлдсэн 2 хэсэг дээр нэр дэвшигчийн авсан саналыг нэмж бичсэн явдал гарсан. Тойргийн хороо энэ 9 хэсгийн хорооныхоо алдаатай, зөрүүтэй тогтоолд тайлбар гаргахаар нягталж байна. Энэ нь ирэхээр Сонгуулийн Ерөнхий Хорооны хуралд танилцуулж, шийдвэрээ гаргана.

 

Энэ нь дахин санал хураалтын дүнд нөлөөлөх үү?

 

Нөлөөлөхгүй ээ. Нөлөөлөхөөргүй бага хэмжээний зөрчлүүд. Гэхдээ энэ шийдвэрийг нь Сонгуулийн Ерөнхий Хорооны хурал, УИХ-д танилцуулах учраас алдааг засах ёстой. Ялангуяа, 2 нэр дэвшигчийн авсан саналыг солиод биччихэж болохгүй биз дээ?

 

Тэгвэл дүнг ойролцоогоор хэзээ УИХ-д өргөн барих вэ?

 

Хуульд заасан хугацаа бол 14 хоног. Тэгэхээр 5 дугаар сарын эхээр болчихож байгаа юм. Гэхдээ бид тойргийн хороо тайлбараа аваад ирвэл заавал тэр хугацааг нь хүлээхгүй оруулна.

 

УИХ-ын үлдсэн нэг суудал хэзээ шийдэгдэх вэ? Өвөрхангайн буюу 10 дугаар тойргийн эцсийн дүнг асууж байна л даа?


Өвөрхангайн 10 дугаар тойргоос сонгогдсон 2 гишүүнийг оны өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн. Тангараг өргүүлэх асуудлыг УИХ-ын Тамгын газар зохион байгуулна. Тэгэхээр энэ бол УИХ-ын асуудал гэж болно.

 

Шүүхийн шийдвэр эцэслээд Д.Зоригтын оронд С.Чинзориг тангараг өргөх ёстой гэвэл Сонгуулийн Ерөнхий Хороо эхэлж оруулсан нэрээ татна гэсэн үг үү?

 

Шүүхээс манайд дахиж бичиг ирээгүй. 





Энд дарна уу




Бидэнтэй нэгдэх
  • Facebook
  • Twitter
  • Google Plus
  • YouTube
  • SlideShare

  • Copyright © 1992-2012 Сонгуулийн Ерөнхий Хороо. All rights reserved.
    Бүх материал болон вэб сайтын дизайны зохиогчийн эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эзэмших эрхтэй.